УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх товлосон хугацаа өчигдөр дууслаа. Хуулийн энэ заалттай холбоотойгоор намууд бие даан сонгуульд оролцох уу, эсвэл эвсэх үү гэдэг нь тодорхой болов. Ийнхүү энэ жилийн парламентын ээлжит сонгуулийн эхний хөзөр дэлгэгдлээ. Мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын байгууллагад хүргүүлснээр нь харвал МАН, АН сонгуульд бие даан оролцох бол бусад нам дөрвөн ч эвсэл болж байгаа ажээ. Тухайлбал, МАХН, Иргэний зориг ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн намууд “Та бидний эвсэл” байгуулж сонгуульд оролцохоор болсон. Хөдөлмөрийн үндэсний нам, Социал демократ нам, “Зүй ёс” намууд нэгдэн “Зөв хүн электорат” эвсэл байгуулж гэрээнд гарын үсэг зурав. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Эх орон нам, Монгол үндэсний ардчилсан нам зэрэг улс төрийн намууд нэгдэн “Шинэ эвсэл” байгуулж мөрийн хөтөлбөрөө боловсруулан, Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байна. Эндээс хэд хэдэн онцлог ажиглагдаж байгаа юм.
Юуны өмнө сонгуульд оролцох намуудын тоо энэ удаа урьд өмнөхөөс эрс нэмэгджээ. “Шинэ эвсэл”-д арваад нам нэгдэж байгаа нь мөн л нэгэн дээд амжилт. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намууд сүүлийн гурав дөрвөн жилийн дотор бараг хоёр дахин нэмэгдсэн нь үүнд нөлөөлсөн биз ээ. Хоёрт гэвэл МАН, АН-аас өөр бие даан сонгуульд оролцох нам үгүй байгааг бас харж болохоор байна. Өөрөөр хэлбэл, гуравдагч хүчний орон зай Монголын улс төрд бараг үгүй, уг орон зайд тоглолт хийх улс төрийн хүчин төлөвшөөгүй гэсэн үг.