Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар ЦЕГ-ын даргаар Тэргүүн комиссар С.Баатаржавыг томилсон билээ. Хууль сахиулах их сургуулийн захирлаар ажиллаж байсан тэрбээр цагдаагийн байгууллагад 30 гаруй жил ажиллаж байгаа юм. Түүнчлэн Хууль Сахиулах Их сургуулийн дэд дарга, хурандаа Д.Ядамдоржийг Цагдаагийн Ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар, ЦEГ-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалыг, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга асан цагдаагийн хурандаа З.Дашдавааг ЦEГ-ын дэд даргаар томилсон. Харин Нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдыг ЦEГ-ын Санхүү аж ахуйн газрын даргаар, ЦEГ-ын тэргүүн дэд дарга асан цагдаагийн хурандаа П.Батбаатарыг Улсын мөрдөн байцаах газрын дарга болгоод буй. Мөн Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, дэд хурандаа П.Энхбаярыг Эрүүгийн цагдаагийн газрын даргаар тус тус томилсон билээ. Тэгвэл Монголын цагдааг удирдахаар болсон дарга нарыг хэн бэ гэдгийг уншигч та бүхэнд танилцуулж байна.
ЦЕГ-ЫН ДАРГА С.БААТАРЖАВ
Тэргүүн комиссар С.Баатаржавын хувьд 1985 оноос Монголын цагдаагийн байгууллагад ажилласан туршлагатай. Жирийн мөрдөгчөөс агентлагийн дарга болтлоо тасралтгүй ажилласан гэдгийг эх сурвалжууд хэлж байв. Тэрбээр ОХУ-ын Дотоод явдлын яамны сургуулийг төгсч ирээд анх Төв аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажлынхаа гарааг эхэлж байсан түүхтэй. Удалгүй Төв аймагтаа эрүүгийн төлөөлөгч, ахлах эрүүгийн төлөөлөгчөөр хэдэн жил ажилласан юм. С.Баатаржав Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын дэд даргаар ажиллаж байсан. Үүнээсээ албан тушаал ахиж Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалтны хэлтсийн даргаар томилогдож Улаанбаатарт ирсэн байдаг. Мөн эргээд Дархан-Уул аймгийн цагдаагийн даргаар очсон юм. Үүний дараа Нийслэлийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга, Улсын мөрдөн байцаах газрын дарга, Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хууль сахиулахын их сургуулийн захирлаар тус тус ажиллаж байсан билээ. С.Баатаржавыг Хууль зүйн сайд Ц.Нямдоржын ойрын хүн гэх мэдээлэл байдаг. Гэхдээ эгэл жирийн цагдаа нарын ажлыг ойлгож, зовлон бэрхшээлийг мэдэх хүн гэдгийг уулзсан хүн бүр хэлж байв. С.Баатаржав өмнө нь ЦЕГ-ын даргаар ажиллаж байхдаа олон зуун цагдааг орон сууцанд хямд үнээр оруулж байсан гэдгээрээ бусдынхаа дунд нэлээд ам сайтай байдаг юм байна лээ.
НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ДАРГА Д.ЯДАМДОРЖ
Д.Ядамдорж дэд комиссар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн.Аймгийнхаа нэгдүгээр арван жилийг 1982 онд төгсч, 1983-1987 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгссөн юм. Сургуулиа төгсөөд Өвөрхангай аймагтаа хэсгийн төлөөлөгчөөр ажлынхаа гарааг эхэлж байсан аж. Д.Ядамдорж ахлах төлөөлөгчөөр есөн жил ажиллаад Булган аймгийн цагдаагийн хэлтэст эрүүгийн ажил эрхэлсэн дэд дарга, Сэлэнгэ аймгийн Мандал суманд сум дундын цагдаагийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ. Тэндээсээ Дорнод аймгийн цагдаагиин хэлтсийн даргаар томилогдож очсон байна. Дараа нь ОХУ-ын Дотоод явдлын яамны академид гурван жил суралцсан. Тэндээсээ Замын цагдаагийн дарга болон дэвшиж байсан. Замын цагдаагийн хэлтэст ажиллаж байхдаа эмх замбараагаа алдаад байсан нийтийн тээврийн салбарыг эмх журманд нь оруулж өгсөн. Мөн байнга дүрэм зөрчдөг жолооч нарт хатуухан арга хэмжээ авч байсан билээ. Д.Ядамдорж ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Сүүлд ШШГЕГ-ын даргаар томилогдож ажилласан. Тэрбээр ажлаа өгөх болсон шалтгаан нь цагдан хорих төвд Ашигт малтмал газрын тосны газрын дарга Д.Амарсайхан амь насаа алдсан. Үүнтэй холбоотойгоор “Хэн нэгэн хариуцлага хүлээх бол би хариуцлага хүлээхэд бэлэн байна” хэмээн мэдэгдэж байсан.
Үүний дагуу түүнийг ШШГЕГ-ын даргын албан тушаалаас буулгаж байсан. Үүний дараа Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар ажиллаж байгаад ХСИС-ийн дэд захирал болсон билээ. Д.Ядамдорж мөн л насаараа цагдаагийн байгууллагад ажиллаж байсан нэгэн. Тэрбээр Замын цагдаа, ЦЕГ-т ажиллаж байхдаа “Сандлаасаа босдоггүй, өрөөнөөсөө гардаггүй дарга нарыг ажлыг нь хийлгэдэг болно” хэмээн мэдэгдэж шуугиан тарьж байсан билээ.
ЦЕГ-ЫН ДЭД ДАРГА Р.ОТГОНЖАРГАЛ
ЦEГ-ын тэргүүн дэд даргаар томилогдсон цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалын хувьд Говь-Алтай аймгийн Чандмань сумынх. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржийн дүү гэдгээр нь хүмүүс андахгүй. Улсын мөрдөн байцаах газарт Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажиллаж байхдаа нэлээд хэл аманд өртөж байсан. 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотойгоор О.Магнай, Б.Жаргалсайхан нарыг цагдан хорьж, мөрдөн байцаалт хийж байсан юм. О.Магнай ганц худагт хоригдож байгаад биеийнх нь байдал муудаж, эмнэлэгт хүргэгдэж байсан. Үүнээс үүдэлтэйгээр Иргэний хөдөлгөөний гишүүд Р.Отгонжаргалд нэлээд таагүй ханддаг. Мөн "Дедиктив" гэх нэртэй нэвтрүүлэг гарсантай холбоотойгоор прокурорт гомдол гаргаж, нэр төрөө сэргээлгэж байсан түүхтэй. Р.Отгонжаргал “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн хувьчлалтай холбоотой хэрэгт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. Н.Энхбаяр болон, дэд сайд М.Тулга нарт холбогдох хэргийг шалгаж байсан юм. Ер нь УМБГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажиллаж байхдаа монголын томоохон гэгдэх эдийн засгийн гэмт хэргийг шалгаж байсан. ЦЕГ-ын тусгай ажиллагааны газрын даргаар ажиллаж байгаад ийнхүү дээшээ албан тушаал ахиад байгаа юм.
УДАМ ДАМЖСАН ЦАГДАА Ж.ЭРДЭНЭБОЛД
ЦEГ-ын Санхүү аж ахуйн газрын даргаар томилогдож байгаа хурандаа Ж.Эрдэнэболд удам дамжсан цагдаа. Түүний аав Эрүүгийн цагдаагийн газрын дарга, Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Ц.Жамъянсэнгээ агсны хүү. Цагдаагийн анхан шатны нэгжээс эхлээд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтэс, Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэс, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан дэд дарга, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаа залуухан хурандаа нарын нэг.
МӨРДӨН БАЙЦААХ ГАЗРЫН ДАРГА П.БАТБААТАР
Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаад Мөрдөн байцаах газрын даргаар томилогдон ажиллаж байгаа хурандаа П.Батбаатар 1974 онд төрсөн, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй нэгэн. Нийслэлийн 24 дүгээр сургуулийг төгссөн тэрбээр 1993-1996 онд Цагдаагийн дээд сургуулийг төгссөн юм. Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт Мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. Мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, Мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах, хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга болон дэвшиж байсан. 2012-2014 онд Замын цагдаагийн газрын Дэд бөгөөд, Гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байгаад Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга болсон байдаг. Үүний дараа 2016 оны есдүгээр сараас ЦЕГ-н Тэргүүн дэд даргаар томилогдон ажилласан. П.Батбаатар онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст байхдаа олон ноцтой хэргийг илрүүлж байсан гэдгийг эх сурвалж онцолж байсан юм.
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА П.ЭНХБАЯР
Дэд хурандаа П.Энхбаяр нь Цагдаагийн сургуулийг 1996 онд төгсөөд Сэлэнгэ аймагт хэсгийн төлөөлөгчөөр ажлынхаа гарааг эхэлж байсан гэнэ. Цагдаагийн байгууллагын анхан шатнаас эхэлж дээшээ дэвшин ажиллаж байгаа цөөн хүмүүсийн нэг нь П.Энхбаяр аж. 2002 онд Эрүүгийн цагдаагийн газарт ажиллаж байгаад Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга болсон байдаг. Налайх дүүргийн цагдаагийн даргаар ажиллаж байхдаа “Хаан” банкинд гурван хүн рүү буудсан А.Бат-Ялалтын хэргийг шуурхай илрүүлж байсан түүхтэй.
2014 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байгаад Булган аймгийн цагдаагийн хэлтсийн дарга болсон. Мөн Орхон аймаг, Сэлэнгэ аймагт цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан юм. Хөдөө орон нутагт ажиллаж байсан тэрбээр өнгөрсөн жил Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргаар томилогдож ирээд ажиллаж байсан билээ. Дэд хурандаа П.Энхбаяр Сэлэнгэ аймагт хүн шатаасан хэрэг, Хүдэр суманд нэгэн иргэнийг онц хэрцгий аргаар амь насыг нь хөнөөсөн хэргийг хурдан шуурхай илрүүлж байсан нь тухайн үедээ шуугиан тарьж байсан юм.
ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ЦАГДААГИЙН ДАРГА НАР ХЭН БЭ |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10