Аудитын шалгалтын дүнгийн талаар албан эх сурвалжаас авсан мэдээллээр “АСЕМ”-ын уулзалтыг зохион байгуулсан хүмүүс хувьдаа их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй ноцтой баримт шалгалтын явцад тогтоогдсон гэдгийг онцолж байв. Ирсэн зочид буух буудал, цагаан хэрэглэлээс эхлээд хоол унд, унаа тэрэг, хуралд оролцож байгаа орнуудын туг далбаа, үзэг бал, бэлэг дурсгалын зүйлс, зөөгч, жолооч нарын хувцас, хамгаалагч нарт тусгайлан хийсэн хувцас гээд бүх зүйлийг зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр худалдан авсан гэх ноцтой зөрчил шалгалтын явцад илэрсэн байдаг аж. Үүнийг холбогдох газрууд нэлээд нууцалж байгаа гэх мэдээлэл байна. “АСЕМ”-ыг зохион байгуулсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд, Гадаад харилцааны яамны дарга нар хамгийн их “шахаа” хийсэн байдаг гэнэ. Зөвхөн “АСЕМ”-ын лого бүхий арьсан цүнх, үзэгний гэрийг гэхэд нэг хүн нь хариуцсан байдаг аж. Гэхдээ маш өндөр үнээр захиалга өгч хийлгэсэн хэмээн тайландаа дурдсан байна. Харин хурлын танхимд ашиглагдах ширээ сандал, дэлгэц, бусад шаардлагатай чихэвч, микрафон зэрэг тоног төхөөрөмжийг нэг хүн нь хариуцсан байгаа гэнэ. “АСЕМ”-ыг ерөнхий том зургаар нь харвал Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яамны цөөн хэдэн удирдах албан тушаалтан бүхий алба хаагчид бараа бүтээгдэхүүн нийлүүлэх нэрийн дор бүх ажлуудыг нь хувааж аваад дундаас нь онц их хэмжээний мөнгө “идсэн” байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл харагдаад байгаа аж. Ямар ч хүн харсан шууд л улсын мөнгийг хувьдаа завшсан байх гэсэн хардлага төрөхөөр санхүүгийн тайлан тооцоог компани аж ахуйн нэгжүүд гаргажээ. Дээрх зүйлсийг батлах мэт ноцтой зүйл нь АСЕМ-д шаардлагатай зүйлс худалдан авахдаа бараа, ажил, үйлчилгээг нээлттэй тендер шалгаруулалтын журмыг зөрчиж шууд худалдан авалт хийсэн гэдгийг Үндэсний аудитын газраас мэдэгдсэн юм.
НЭГ АВТОБУСЫГ 302 САЯ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАН АВЧЭЭ
АСЕМ-д зориулж, БНСУ-аас 45 хүний суудалтай 43 автобус худалдан авсан байдаг. Өнөөдрийн ханшаар 13.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий 43 автобусыг БНСУ-ын “Хьюндай” компаниас тусгай захиалга өгч, худалдан авсан байдаг. Автобусуудыг Солонгосын “Экзим” банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр худалдан авах гэрээ хэлэлцээр хийсэн гэнэ. “Экзим” банкнаас 5.5 сая ам.долларын зээл авчээ. Санхүүгийн шалгалтаар автобус тус бүрийг 302 сая төгрөгөөр худалдаж авсан нь тогтоогдсон байна. Шуудхан хэлэхэд, дэлхийд хаана ч байхгүй хэт өндөр үнээр автобус худалдаж авсан болох нь шалгалтын явцад тогтоогджээ. Хэдэн жилийн өмнө нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж 400 гаруй автобус шинээр худалдан авч байсан. Тухайн үед 400 гаруй автобусыг 38 тэрбум төгрөгөөр буюу нэг автобусыг 65 сая төгрөгөөр худалдан авсан байдаг. Гэтэл “АСЕМ”-д зориулж, БНСУ-аас 45 хүний суудалтай 43 автобусыг дээрх автобуснаас хэд дахин өндөр үнээр худалдаж авсан байгаа нь холбогдох албан тушаалтнууд үүнээс онц их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй гэх ноцтой санхүүгийн баримт илрээд байгаа гэдгийг албаны эх сурвалж онцолж байсан юм. БНСУ-ын “Хьюндай” компани сүүлийн арав гаруй жилд худалдаанд гаргасан автобусныхаа үнийг нэмээгүй гэх мэдээлэл байгаа аж. Тиймээс “АСЕМ”-д зориулж БНСУ-аас 43 автобус авахдаа есөн тэрбум төгрөг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал бий болоод байгаа гэнэ. Үүнийг батлах нэг зүйл нь “АСЕМ”-д хэрэглэсэн 43 автобус Засгийн газрын автобаазын хашаанд хоёр жил гаруйн хугацаанд ашиглагдаагүй, тоос шороондоо дарагдаад “хэвтэж” байгаа юм. Уг нь нийтийн тээврийн компаниудад хөнгөлөлттэй үнээр өгөх асуудал яригдсан байна. Гэвч нийтийн тээврийн компаниуд “Тэнгэрт тулсан үнэтэй автобус манай компани худалдан авч чадахгүй. 65 сая төгрөгөөр худалдан авах автобусыг 300 гаруй сая төгрөгөөр худалдаж аваад яах юм. Ашиг гарахгүй шүү дээ. Алт, мөнгөөр тоног төхөөрөмжийг нь хийгээгүй юм бол яахаараа ийм өндөр үнэтэй байдаг юм бэ. Тэгж насан туршдаа өрөнд орохоо больё” гэх хариуг өгөөд шинэ автобусыг зээлээр авахаас бүгд татгалзжээ. Үүнээс болоод Сангийн яам “гологдсон” 43 автобусыг хааш нь ч өгч чадахгүй гацаанд орсон гэнэ.
БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ИРСЭН ТАВИЛГЫГ ТАРААЖ, О.ЗАЯАМАНДАХ ОРЧУУЛГЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ “НЬЮ ТЕРРАВОКС" КОМПАНИД БЭЛЭГЛЭВ
“Ази, Европын дээд түвшний арваннэгдүгээр уулзалт “АСЕМ”-ын хурал дуусч, ирсэн зочид төлөөлөгч буцсан. Их юмны том хаялга гэдэг шиг л зочид, төлөөлөгчдийн хэрэглэж байсан бүх зүйл хэвээрээ шахуу үлдсэн нь тодорхой. Үүнийг Гадаад харилцааны яамныхан сайдаасаа эхлээд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж үрэн таран хийжээ. Үндэсний аудитын газраас шалгалтаар илэрсэн зөрчлөөс дурдвал Ази, Европын дээд түвшний арваннэгдүгээр уулзалт “АСЕМ”-ыг зохион байгуулах үйл ажиллагаанд зориулж БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 578 иж бүрдэл зочид буудлын тавилга, цагаан хэрэглэлийг Гадаад харилцааны яамныхан гурван аж ахуйн нэгж, 21 иргэнд бэлэн мөнгөөр болон зээлээр худалджээ. Мөн 4787 ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж /сандал, ширээ, буйдан, хурлын танхимын иж бүрдэл/-ийг 33 төрийн байгууллагад шилжүүлсэн байна. Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын захирал О.Заяамандах нь 2016 оны долдугаар сарын 19-ний өдөр "НЬЮ ТЕРРАВОКС" ХХК-тай БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 6955 нэгж орчуулгын тоног төхөөрөмжийг түрээслүүлэхээр гурван жилийн хугацаатай "Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ" байгуулсан байна. Тус гэрээнд түрээслэгч тал нь гэрээний хугацаанд түрээслүүлэгч талаас зохион байгуулах арга хэмжээг өөрийн зардлаар үнэ төлбөргүйгээр хариуцан ажиллаж, гэрээний хугацаа дуусснаар тоног төхөөрөмж түрээслэгч талд үнэ төлбөргүйгээр шилжихээр түрээсийн төлбөрийг тусгасан байна. Өөрөөр хэлбэл, О.Заяамандах “НЬЮ ТЕРРАВОКС" ХХК-нд 6955 нэгж орчуулгын тоног төхөөрөмжийг түрээс нэрийн дор шууд бэлгэнд өгчихсөн байх юм.
785 ШИРХЭГ ТАВИЛГЫГ 103.0 САЯ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДСНААС ЗУРГААН САЯ ТӨГРӨГ Л ЭРГҮҮЛЭН АВЧЭЭ
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 5572 нэгж ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж /сандал, ширээ, буйдан, хурлын танхимын иж бүрдэл/-өөс 4787 ширхэгийг 33 төрийн байгууллагуудад тэдний хүсэлт болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан бус шийдвэр /цохолт/-ээр үнэ төлбөргүй шилжүүлсэн, иргэд, аж ахуйн нэгжүүдэд 785 ширхэг тавилгыг 103.0 сая төгрөгөөр худалдснаас 97.3 сая төгрөгийн төлбөрийг аваагүй байна.Өөрөөр хэлбэл, 785 ширхэг сүүлийн үеийн загвар бүхий үнэтэй тавилгыг ийн тараачихсан хэрэг. Худалдан борлуулсан гэх боловч ердөө зургаан сая гаруй төгрөг авсан байдалтай байгааг илрүүлжээ. “АСЕМ”-ын үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 70.4 сая төгрөгийг ГХЯ-ны сайд, ажилтнуудын тус үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдолгүй гадаад томилолтын арга хэмжээнд, 117.9 сая төгрөгийг ГХЯ-ны байр болон гаднах талбайн засварт зарцуулсан зөрчил ч мөн илэрчээ.
ТЕНДЕР ЗАРЛАЛГҮЙ ХУДАЛДАН АВАЛТ ХИЙЖ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ИРСЭН ЗҮЙЛСИЙГ ТАРААСАН ЗӨРЧИЛД ЭРСДЭЛИЙН ШАЛГАЛТ ХИЙНЭ
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 63/37 дугаар зөвлөмж, 2016 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 4/77 дугаар албан бичгээр ГХЯ-д ирүүлсэн чиглэлийн дагуу “АСЕМ”-ын үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 12.429.6 сая төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний ханган нийлүүлэгч, гүйцэтгэгчтэй “шууд” худалдан авах гэрээ байгуулан ажилласан байна.Гадаад харилцааны яам “АСЕМ”-ыг зохион байгуулах үйл ажиллагаанд зориулж БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн хөрөнгөөс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэргүй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагуудад 1.2 тэрбум төгрөгөөр худалдсан, 1.9 тэрбум төгрөгийн /гаалийн үнэлгээгээр/ орчуулгын тоног төхөөрөмжийг түрээслүүлсэн, 12.4 тэрбум төгрөгийн бараа, ажил, үйлчилгээг нээлттэй тендер шалгаруулалтын журмыг зөрчиж шууд худалдан авалт хийсэн нь хамгийн ноцтой зөрчил гэдгийг эх сурвалж онцолж байв.
ЭРСДЭЛИЙН АУДИТ ХИЙСНИЙ ДАРАА “АСЕМ”-ЫНХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ХҮМҮҮСИЙГ АТГ, ЦАГДАА НАР ХЭРЭГ ҮҮСГЭН ШАЛГАЖ ЭХЛЭХ БОЛОЛТОЙ
Санхүүгийн тайлангийн болон гүйцэтгэлийн аудитаар АСЕМ-ийн үйл ажиллагааг зохион байгуулж явуулсантай холбоотой зөрчлүүд илэрч байгаа учраас Үндэсний аудитын газраас эрсдэлийн аудит хийхээр болжээ. Эрсдэлийн аудитын шалгалтаар дээрх зөрчлүүдийг дахин баталсан тохиолдолд хууль хяналтын байгууллага холбогдох хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгах юм байна. Өөрөөр хэлбэл, Мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-ын мөрдөн байцаах албаныхан “АСЕМ”-ын хурлыг зохион байгуулсан тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын томоохон албан тушаалтнууд, Гадаад харилцааны сайд болоод бусад томоохон албан тушаалтнуудыг шалгах, дээрх үйл ажиллагаатай холбоотой баримт бүрдүүлэх нөхцөл байдал бүрдээд байгаа гэдгийг албаны эх сурвалж онцолж байсан юм. “АСЕМ” хурлын үеэр Ерөнхийлөгчийн тамгын газрын гэрэл зурагчнаас эхлээд бүх дарга, мэргэжилтнүүд нь тэрбумтан болсон гэх мэдээлэл ч цацагдаад байгаа. Хэрэв АТГ-аас Ерөнхийлөгчийн тамгын газар, Гадаад харилцааны яамны хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгавал араасаа маш олон хүн, компани аж ахуй нэгж шалгагдах нь тодорхой юм.
“АСЕМ”-ЫН ГЭХ ХЭРЭГ БИЙ БОЛЖ, ТОМООХОН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ АТГ, ЦАГДААГИЙНХАН ШАЛГАЖ ЭХЛЭХ БОЛОЛТОЙ |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10