Мягмар, 2024-11-26
С.Бямбацогт: Өвчин хяналтад байхад гишүүд өрөөнөөсөө, гэрээсээ хуралдаад байх шаардлагатай юу

Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Төслийг хэлэлцэн баталснаар УИХ-ын чуулганыг цахимаар хуралдуулах эрхзүйн орчин бүрдэх юм.
 
Харин энэ асуудлаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна. ТББХ-ны дарга С.Бямбацогт “Хуулийн төслийг ерөнхийд нь дэмжиж байгаа. Гэхдээ онцгой нөхцөлд чуулганы хуралдааныг цахимаар хуралдуулна гэж байгаа юм. Онцгой нөхцөл байдал үүссэн гэдгийг хэрхэн яаж тодорхойлох вэ. Өнөөдөр Монгол Улсад хөл хориот өвчин АНУ, Итали, Испани шиг хэдэн мянгаараа өвчилж, хэдэн мянгаараа үхээгүй байна. Энэ өвчнийг хяналтдаа байлгаж чадаж байгаа. Энэ үед онцгой нөхцөл байдал үүслээ гээд гишүүд өрөөнөөсөө, гэрээсээ хуралдаад байх шаардлагатай юу. Эсвэл хяналтаа алдсан тохиолдолд энэ хуулийн заалт үйлчилж эхлэх юм уу.
 
Төрийн эрх барих дээд байгууллага нь онлайнаар хуралдаж байхад бид нар яагаад гэрээсээ хуралдаж болдоггүй юм бэ гээд төрийн албаныхан, хувийн хэвшлийнхэн барьцаад эхэлвэл юу болох вэ.
 
УИХ-ын гишүүд танхимдаа нүүр нүүрээ харалцаад, хоорондоо мэтгэлцээд, ил тод нээлттэйгээр асуудлыг хэлэлцэх ёстой. Түүнээс биш гар утасны цаанаас нэг нь асуусан болж нөгөөх нь хариулсан болж хүртээмжгүй асуудлыг шийдвэрлэх нь хэр зөв юм бол. Парламентийн үндсэн зарчим бол мэтгэлцэх, нээлттэй хэлэлцэх зарчим” гэв.
 
Харин хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Онцгой нөхцөл байдалд байгаа учраас л цахимаар хуралдах болж байгаа юм. Ердийн нөхцөл байдал байсан бол юу гэж л ийм юмаар явах вэ. Олон улсын хөл хориот, цар тахлын үеийн онцгой нөхцөл гэдэг бол олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасан өвчнийг хэлнэ гэж байгаа юм. Цар тахал үүнд орж байгаа. Зөвлөмжүүд нь ирчихсэн. Олон улсын хэм хэмжээ. Үндсэн хуульттай зөрчилдсөн зүйл байхгүй” гэв. 
 
Ийнхүү гишүүд санал хэлж, асуулт хариулт явагдсаны дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэхээс санал хураалт явууллаа. Санал хураалтад 12 гишүүн оролцсоноос 10 нь дэмжив. Ийнхүү цахимаар хуралдах чуулганы хуралдааны дэгийг үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

С.Бямбацогт: Өвчин хяналтад байхад гишүүд өрөөнөөсөө, гэрээсээ хуралдаад байх шаардлагатай юу
2020-04-07 11:55:28
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0