Ерөнхийлөгч Х.Баттулга МАН давамгайлсан УИХ-ыг тарахыг албан ёсоор хоёр ч удаа санал болгосон. Эхнийх нь 2018 оны аравдугаар сарын 29-нд байв. Тухайн үед М.Энхболд УИХ-ын дарга байсан. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн “Зөвшилцөх тухай” албан бичигтээ “…2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн УИХ болон түүнээс байгуулсан Засгийн газрууд ард түмэнтэй байгуулсан гэрээгээ үл харгалзах, эсрэгээр хэрэгжүүлэх, хууль ёс, журмыг бүдүүлгээр зөрчих, төрийн эрх мэдлийг дур зоргоор мэт ойлгож авирлах байдалд бүрэн автаж, хэмжээ хязгаарыг давлаа. Мөн УИХ-ын гишүүд албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан ЖДҮХС-гаас үлэмж хэмжээгээр зээл авсан нь нийтэд ил болсон төдийгүй 75 гишүүний 50 орчим нь уг зээлийг авсан байх ноцтой нөхцөл байдал үүсэж, олон нийтийн эсэргүүцэл, дургүйцлийг туйлд нь хүргээд байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар мөн улс орны эдийн засгийг туйлдуулах хэмжээний авлигажсан төсөв боловсруулсан, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд очих ёстой зээлийг эрх мэдэл, нөлөө бүхий албан тушаалтнуудад олгосон зэрэг огцрох хэмжээний алдаатай бодлогууд явуулж, үүнийг нь УИХ, түүний гишүүд хувийн ашиг сонирхлоор дэмжин өөгшүүлж байгаа нь илт болоод байна. Тийм учраас УИХ-ыг өөрөө тарах санал хүргүүлж байна” гэжээ.
Дараа нь 2019 оны тавдугаар сарын 23-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож УИХ-ыг “Тар” гэдэг шаардлагаа дахин тавьсан юм. Ерөнхийлөгч “…Та бүхэнд нэхэн сануулъя. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь гэмт хэрэг, авилга, ёс зүйн доголдолд нэр холбогдсон, хатуухан хэлэхэд УИХ маань “гэмтнүүдийн чуулбар” болсон аятай дүр төрхийг үзүүлэх болсныг ард түмэн ил тодоор шүүмжлэн хэлэлцэх болжээ. УИХ-ын гишүүд хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх замаар гэмт этгээдүүдийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх нэрийдлээр хуулийн хариуцлагаас мултлах, хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдох, авилгын гэм хэрэгт сэрдэгдэх нь улам бүр даамжирч УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа үндсэндээ алдаад байна. Наад зах нь Төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүсчээ.Эрхэм гишүүд ээ, Та бүхнийг улс төрийн эр зориг гарган, үндэстний эрх ашгийг дээдлэн УИХ-ыг өөрөө тарах шийдвэрт хүргэхийг би дахин уриалж байна” гэсэн байдаг.
Ер нь 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн парламент Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд нүдэнд орсон өргөс шиг байлаа. Хэзээ ч хамаагүй тараах сонирхолтой байгаагаа албан ёсоор хоёр ч удаа илэрхийлсэн нь энэ юм. Гэхдээ Ерөнхийлөгч парламентыг тарааж дийлээгүй. Харин ирэх зургадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль болж, энэ парламент хүссэн хүсээгүй түүх болж үлдэнэ. Сонгуулийн үйл ажиллагаа ч эхэлж, намууд мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Энэ сарын 24-ноос намууд СЕХ-нд сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлнэ. Удахгүй ард түмэн сонголтоо хийж, УИХ-ын 76 гишүүн сонгогдоно. Энэ л цаг үед алгаа ташаад суух хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга.
Гэтэл саяхнаас Ерөнхийлөгчийн бодол санаа өөрчлөгдсөн үү, энэ парламенттай дахин хэдэн сар зууралдах сонирхолтой байгаагаа илэрхийлэх болов. Коронавирусын нөхцөл байдал олон улсад хүндрэлтэй байгаа нь үнэн. Гэхдээ сонгуулийн компанит ажил эхлэх болоогүй, дахиад хоёр сарын хугацаа бий. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч сонгуулийг хойшлуулах нөхцөл байдал үүсээгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулга нэлээд эртнээс энэ талаар дуугарч эхэллээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд сонгуулийг хойшлуулах замаар төсөв хэмнэх санал гаргасан. УИХ-ын хаврын чуулганы хуралдаан дээр ч энэ саналаа илэрхийлсэн. Тэрээр “Улс төрийн сонгуулийг хойшлуулах зайлшгүй шаардлага үүссэн гэж үзэж байна. Халдварт өвчин гарсан энэ үед олон иргэн цуглуулж, улс төрийн сонгууль явуулах боломж байхгүй гэж харж байна. Улс төрийн эрх ашгаа дээгүүрт тавих нь эх орноосоо урвасантай адил” гэсэн байдаг. Хэрэв УИХ-ын сонгууль хойшлогдвол энэ парламентын бүрэн эрх сунгагдана. Үндсэн хуулийн 22.1-т улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл байдал үүссэнийг арилах хүртэл сонгуулийг хойшлуулж болно гэж заасан. Энэ хуулийн заалтаар сонгууль хойшлогдвол коронавирусын нөхцөл байдал намжсаны дараа парламент УИХ-ын сонгуулийг дахин товлон зарлана. Одоогоор олон улсад халдварт өвчин хэзээ намжих нь тодорхойгүй байгаа юм. Тэгэхээр ээлжит сонгууль хойшилбол энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дахин зургаан сар, цаашлаад нэг жил үргэлжлэх боломжтой болно гэсэн үг. Ерөнхийлөгч Х.Баттулга үүнийг хүсэх үү. Парламентыг тарах шаардлагыг хоёр удаа албан ёсоор хүргүүлсэн. Мөн сонгууль хойшлуулах саналаа хоёр удаа илэрхийллээ. Сонгууль хойшилбол парламент тарахгүй, Ерөнхийлөгчийн үнэн аль нь юм бэ.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ерөнхийлөгчийн үнэн аль нь вэ |
|