Мягмар, 2024-11-26
Ерөнхийлөгч Х.Баттулга СЕХ-ны гишүүдэд чиглэл өгчээ

 СЕХ-ноос мэдээлэл хийлээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулан СЕХ-ны гишүүдийг дуудаж уулзан, үүрэг даалгавар өглөө. УИХ-аас сонгуулийг ирэх зургадугаар сарын 24-ний өдөр хийхээр болсон. Үүнтэй холбогдуулж, СЕХ-ноос сонгуулийн бэлтгэл ажлыг хийгээд явж байна. Ер нь цахим хэлбэрт шилжүүлж байгаа. Түүнчлэн УОК-оос өгсөн чиглэлийн дагуу намуудын мөрийн хөтөлбөр, хэлэлцүүлгийг цахим хэлбэрт шилжүүлэх зөвлөмжийг СЕХ-ноос намуудад өгсөн. Үүний дагуу намууд мөрийн хөтөлбөрөө цахимаар хэлэлцүүлээд Үндэсний аудитын газар өгсөн байгаа. 
 
Ерөнхийлөгч Х.Баттулга СЕХ-ны гишүүдэд хандаж, "Болзошгүй ажлын төлөвлөгөөгөө яаралтай хэлэлцэж батлах хэрэгтэй. Мөн эрх бүхий байгууллагуудад саналаа хүргүүл. Эрсдэлтэй үед яаж ажиллах, юу шаардлагатай, санал яаж авах, санал авах байрыг нэмэгдүүлэх боломжтой эсэх, сурталчилгаа хэрхэн яаж явуулах, иргэдийг олноор цуглуулахгүй байх" зэргийг судлахыг үүрэгдсэн. Мөн зардал төсөв нэмэгдэхээр байна уу, тооцоо чиглэлээ гарга гэсэн. СЕХ-ны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ уулзалтад оролцсон. 
 
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгууль хойшлох уу, үгүй юу гэсэн мэдээлэл их явж байна. СЕХ хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Хуулиар зохион байгуулах үүрэг хүлээсэн. Тиймээс бид эрх бүхий байгууллагаас шийдвэр гарах хүртэл хийх ажлаа хуулийнхаа хүрээнд хийгээд явна. 
 
Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Онц байдлын тухай хуульд сонгуульд хойшлохтой холбоотой зохицуулалтууд байдаг. Энэ байгууллагууд эрх хэмжээнийхээ хүрээнд сонгуулийг хойшлуулах, зогсоох шийдвэр гаргавал шийдвэрийн хэрэгжилтийг бид хангаж ажиллана. Тэр болтол бид хуулийн дагуу ажиллах болно" гэв. 
 
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. 
 
-Болзошгүй ажлын төлөвлөгөөгөө хэзээ батлах вэ? 
 
-Ирэх долоо хоногт СЕХ хуралдаж батална. Тэгээд Засгийн газар, Онцгой комисс, ЭМЯ-нд хандах асуудлаараа хандана. Хороодод зөвлөмж хүргүүлнэ. Мөн намуудад ч зөвлөмж хүргүүлнэ. 
 
-Сонгуулийн төсвийг нэмэх үү? 
 
-Үгүй, нэмэгдэхгүй. Харин болзошгүй ажлын төсөв нэмэгдэнэ. Жишээ нь, ариутгал халдваргүйжүүлэлт, амны хаалт, хамгаалалтын хувцас хэрэглэл гээд төсөв нэмэгдэнэ. 
 
-Нөхцөл байдал хүндэрвэл сонгуулийг цахимаар явуулах боломжтой юу? 
 
-Цахимаар санал авах асуудлыг 2012 оноос хойш судалж байна. Бусад улс орнууд ч үүнийг судалж байгаа юм билээ. УИХ-д саналаа хэлж байсан. Цахимаар явуулахын тулд хууль хэрэгтэй. Цахим сонгуулийн хороо байгуулна. Мөн аюулгүй байдлыг нь хангах хэрэгтэй болно. 
 
-Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуулийг хойшлуулах санал гаргаж байгаа. СЕХ ямар байр суурьтай байгаа вэ? 
 
-Хууль тогтоогч байгууллагаас сонгуулийг хойшлуулах санал гаргавал бид дагаж мөрдөнө. Үндсэн хуулиараа УИХ-д бүрэн эрх нь байгаа. 
 
-Ирц хүрэхгүй байх магадлал бий юү?
 
-УИХ-ын сонгууль түүхэндээ ирц хүрээгүй тохиолдол байгаагүй. 2016 оны сонгууль 70 хувийн ирцтэй байсан. Хэрвээ Их хурал сонгууль хойшлуулах шийдвэр гаргахгүй бол ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлаа сайтар хийгээд сонгуулийг зохион байгуулна.

Ерөнхийлөгч Х.Баттулга СЕХ-ны гишүүдэд чиглэл өгчээ
2020-04-09 12:54:56
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0