“Хоногийн зээл” гэх луйврын тухай асуудал анх удаа УИХ-ын гишүүний амнаас гарч, холбогдох байгууллагад анхаарал хандуулах ёстойг хэллээ. Тодруулбал, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны Лхагва гарагийн /2020.04.15/ цахим хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хороо болон Үндэсний статистикийн хорооны 2019 оны үйл ажиллагааны тайланг сонcсон юм.
Энэ үеэр УИХ-ыг гишүүн Ж.Бат-Эрдэнэ ” Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаа банкны бус санхүүгийн зах зээлийг зохицуулахад оршино. Санхүүгийн зах зээлд оролцож байгаа ББСБ, хадгаламж зээлийн хоршоо нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна уу, үгүй юу? Тодруулбал, Зээл олгож, ашиг олох үйл ажиллагаа нь хуулийн дагуу явж байна уу үгүй юу? гэдгийг анхаарах ёстой.
Хамгийн гол нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан, тэдний хэрэглээг тааламжтай нөхцөлтэйгээр бүрэн дүүрэн хангаж чадсан, бизнес хийх боломжийг нь хангасан харилцан ашигтай санхүүгийн дэмжлэг үзүүлж байна уу үгүй юу?
Иргэдийн эрх ашиг хангагдаж байна уу? эсвэл хэт мөнгө хүүлэх үйл ажиллагаа явагдаж байна уу гэдэгт гол анхаарлаа хандуулах ёстой шүү дээ.
Бид энэ том зах зээлийг, иргэдийн хэрэгцээг хангахын тулд нээж өгсөн. Санхүүгийн зохицуулах хороог бий болгож ББСБ, Хадгаламж зээлийн хоршоо гэх мэт эдийн засгийн зах зээлийг хуульчлан бий болгож, өөрсдийн үүргийг биелүүлээд явж байгаа. Гэвч сүүлийн үед банк бус санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаа хэтэрхий их мөнгө хүүлэх чиглэл рүүгээ орж, гажуудаад байгаа зүйл харагдаад байна. Зээлийн хүү маш их хэмжээгээр нэмэгдэж байна.
Та бүхэн гурван 3 хувийн хүүтэй гэж хэллээ. Энэ гурван хувь биш шүү. Хүү нь дээшээ яваад байна. 5-6 хувь руугаа ороод байгаа тухай мэдээлэл иргэдээс ирж байна. Жижигхэн худалдаа хийж амьдарч байгаа, ЖДҮ эрхлэгч иргэдийг түшиглэсэн мөнгө хүүлэлт явагдаж байгаа тухай мэдээлэл ирээд байна шүү.
Өдрийн, Хоногийн зээл өгдөг бол маш том мөнгө хүүлэх үйл ажиллагаа. Ийм зүйл байж болохгүй. Энэ чинь ард иргэдийг шулж байгаа ажиллагаа. Санхүүгийн үйл ажиллагааг нь хангах биш, санхүүгийн хэрэгцээг нь хангах биш, харин эсрэгээрээ тэднийг мөлжих үйл явц явагдаж байна. Өөрөөр хэлбэл мөнгө хүүлэх үйл ажиллагаа явагдаж байна. Үүн дээр гойд сайн анхаарах хэрэгтэй байна. Та бүхний ажил бол иргэдэд очиж байгаа банк бус санхүүгийн үйл ажиллагаа хэрэгцээг нь чадаж байна уу үгүй юу гэдэг дээр л анхаарлаа хандуулах нь чухал. Тиймээс энэ асуудал дээр анхаарлаа хандуулаарай гэж хэлье” гэв.
Эрхэм гишүүнд Санхүүгийн зохицуулах хорооны тайлан хангалтай санагдсангүй. Тиймээс үйл ажиллагааных нь гол чиглэл юу байх ёстойг дахин сануулж, нийгэмд өрнөж байгаа банк бус санхүүгийн үйл ажиллагаанд ямар булхай, луйвар явагдаад байгаа, энэ чиглэлд авах арга хэмжээ юу болох тал дээр анхаарлаа хандуулах ёстойг байнгын хорооны хуралдаан дээр анхааруулаад авлаа.
Иргэдийн толгойн өвчин болоод зарим нэгэн иргэдийг амьдралгүй болгоод байгаа “Хоногийн зээл”-ийн тухай асуудал УИХ-ын төвшинд яригдаж эхлэв бололтой.
Б.ИРЭЭДҮЙ
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ иргэдийн толгойн өвчин болсон “Хоногийн зээл”-ийн асуудалд анхаарал хандуулахыг санууллаа |
|