Энэ жилийн УИХ-ын ээлжит сонгуульд 208 эрхэм бие даан нэр дэвшин өрсөлдөхөөр холбогдох материалаа хүргүүлээд байгаа. Энэ нь байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт гэсэн үг. Тодруулбал, 1992 онд 18, 1996 онд 35, 2000 онд 15, 2004 онд 27, 2008 онд 45, 2012 он 26, 2016 онд 69 эрхэм тус тус бие даан нэр дэвшиж өрсөлдөж байсан байна.
Хэдийгээр УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нь хүний эрх ч энэ удаад тоон дотор үсэг гэдэг шиг нэр дэвшигчид нэлээдгүй дуулдана. Угтаа УИХ Монгол Улсын төрийн эрх барьдаг дээд байгууллага. Гэтэл зарим нэгэн арай л сэрүүн зүүдлээд байх шиг.
Зураач Л.Өнөрчимэг, дуучин М.Нара, Г.Сарандаваа, Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны эхнэр Ц.Энхтуяа, уул уурхай, “Дэлхийн монгол ногоон нэгдэл”-ийн тэргүүн Х.Бээжин, “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг, “Хар салхи” хочит мэргэжлийн кик бокс, муатай боксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан, “Утаа”-ны Ц.Пүрэвхүү гээд “сошиол од”-уудын нэрс хөвөрнө. Цаашилбал, Л.Болд, Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамъяан гээд Монголын төрийн эрхийг барилцаж, бодлого боловсруулна гэж төсөөлөхөд ч хямармаар нэр дэвшигч ч нэлээдгүй. Ер нь СЕХ-ны тооцоог харвал энэ удаагийн сонгууль хошин шог цаашаа хоржоонтой сонгууль болох шинжтэй.
Хошин шог цаашаа хоржоонтой бие даагчид |
|