Биокомбинатыг шинэчлэх 57 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн төслийн гэрээг үзэглэлээ. Зээлийн хугацаа 17,5 жил бөгөөд нэн хөнгөлөлттэй буюу хүүгүй, үндсэн зээлийн төлбөрөөс эхний дөрвөн жил чөлөөлнө. Монгол Улсын Засгийн газраас “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх нь зүйтэй хэмээн үзэж, Унгар улсын Засгийн газартай Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийг анх 2016 онд байгуулж, төслийн төсөвт өртгийг нийт 25 сая ам.доллароор тогтжээ.
Улмаар 2019 онд төслийн төсөвт өртгийг 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлж, зээлийн хэлэлцээрийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулсныг батламжилж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Унгар Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Михай Галошфай нар гарын үсэг зурсныг өнгөрсөн оны 12 сард УИХ-аас соёрхон баталжээ. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар Унгарын Гадаад эдийн засаг, Гадаад хэргийн сайд Питер Сияртотой өнөөдөр цахим хурал хийсэн бөгөөд энэ үеэр Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд З.Батбаяр, Унгарын Гадаад эдийн засаг, Гадаад хэргийн сайд Питер Сиярто нар уг гэрээнд гарын үсэг зурсан байна.
Биокомбинатыг шинэчлэх 57 сая ам.долларын төслийн гэрээ байгууллаа |
|