Арваадхан жилийн өмнө Ардчилсан намын ард хэн ч, яаж ч тархийг нь угаах гээд чадахааргүй “асаалттай танк” шиг залуус байдаг байж билээ. Тэдгээр залуусын төлөөлөл сонгуулийн сурталчилгааны үеэр бусад намаас нэр дэвшигчдийн уулзалт дээр халамцуухан очиж “Та нар юу юм бэ”, “Ардчилсан нам, ардчилал ялна” гэх зэргээр үймүүлж, яриа ухуулга хийх боломж бололцоо олгодоггүй байв. Хүний олноор ч аагирхдаг байлаа. Зарим нь ёстой л санал хураах өдөр унтчихдаг, залхуурчихдаг, эмээ, өвөө, аав ээжийнхээ зааврыг дагачихдаг байснаас бус залуусын үнэмлэхүй олонх нь Ардчилсан намыг бүрэн дэмждэг байв. Тэд ардчилал бол ард түмэнд сайхан амьдрах боломжийг нь олгодог хамгийн зөв зүйтэй тогтолцоо, тэрнийг ёс журмаар нь хэрэгжүүлэх улс төрийн хүчин бол Ардчилсан нам мөн гэдэгт итгэж байсандаа л ингэж дэмждэг байсан нь лавтай. Ардчиллыг сэтгэл зүрхнээсээ дэмждэг, гал цогтой энэ залууст “МАХН-ыг дэмж” /Одоогийн МАН/ гэж хэлбэл зодуулах шахдаг тийм үе үнэхээр байсан юм шүү.
Гэтэл Ардчилсан нам эдгээр залуусын итгэж байсан тэр улс төрийн хүчин, нийтлэг үнэт зүйл, үзэл санаа тээгч нь байж чадсангүй ээ.
Залуучууд үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж чадах ч түүнийхээ төлөө мөнгө төлөх чадвартай нь хэд билээ. Ардчилал хөгжиж төлөвшсөн улсад намууд гишүүнчлэлгүй, чадварлаг нэгнийг олж улс төрд оруулдаг үндсэн үүрэгтэй. Монгол улсад энэ жишгийг үлгэрлэх учиртай Ардчилсан нам гэтэл ингэхийг хүссэнгүй, хатуу гишүүнчлэлтэй төдийгүй дэнчин гэгч зүйлийг бодож олж, сумын намын хорооны гишүүнд өрсөлдөх эрхийг 750 000, Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөх эрхийг 3 000 000 төгрөгөөр үнэлж байна. Дэнчингийн хэмжээ нийслэлийн намын даргад нэр дэвшигч 90, аймгийн намын даргад бол 15, дүүргийн намын даргад нэр дэвших бол 20 сая төгрөгийн сонгуулийн хураамж төлөх ёстой гэх мэтээр шат ахих тусам өссөөр Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх авахын төлөө өрсөлдөх хүн 280 000 000 төгрөг төлөх ёстой гэсэн босго тавьж байв. Энэ талаар даргаас нь асуухад “Урьд далд байсан зүйлийг ил тод болгож, хэмжээг нь гурав дахин нэмсэн” гэж авсан.
Ардчилсан нам, эрэлт ихсэхэд үнээ нэмдэг дамын наймаачин хоёрын хооронд ялгаа алга.
Улс төрд орж, төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэх боломж эрэлхийлэх эрхийг үнэтэй болгосноороо Ардчилсан нам өнөөдөр мөнгөгүй ч үзэл бодлоороо дэмжиж ирсэн залуусыг өөрөөсөө түлхчихлээ.
Намын дотоод үйл ажиллагаанд оролцох эрхээ нэгэнтээ мөнгө, элдэв янзын болзлоор хязгаарлуулснаас хойш залуус юуны төлөө энэ намыг дэмжих ёстой гэж вэ. Мөнгө төлсөн нөхдийг төрийн албанд дэвшиж, мөнгөө хэд нугалж авахуулах боломж өгөхийн тулд уу. Үгүй ээ. Залуус тэнэг биш. Өнөөдөр захын залуугаас “Ардчилсан намд элсэх үү” гэхэд “Үгүй. Ямар Үндэсний бодлогын хороонд орох биш” гэж хариулж байна.
Эвлэлдэн нэгдэхийн гол утга учир болох үзэл санаа, нийтлэг үнэт зүйлийг нь мөнгө болгож хувиргаснаараа энэ нам залуусыг өөрөөсөө түлхжээ. Үеийн үед залуусын дэмжлэгээр явж ирсэн байтлаа ийнхүү “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөсөн” үлгэрийг үзүүлж, үзэл санаа бус, мөнгийг илүүд үзлээ.
Энгийн гаргалгаа. Монголын нийгэм өнөөдөр баян хоосны ялгаа ихэссэн, ангит нийгэм тогтсон. Мөнгө нийгмийн элит хэсэгт бий. Тэгвэл эгэл ардын сурлагатай хүүхэд улс төрийн эрх мэдэлд хүрч, эгэл ардынхаа төлөө ажиллахын тулд заавал элит хэсгээс мөнгө авч, барьцаалагддаг байх ёстой болж таарч байна. Тэгэхгүй бол хэзээ ч сонгуульд өрсөлдөж чадахгүй. Тэгэхээр Ардчилсан нам нийгмийн аль хэсгийнхний эрх ашгийг хамгаалаад байгаа нь эндээс харагдаж байгаа юм. Тодорхой хэлбэл, Үндсэн дүрмийнхээ Нийтлэг үндэслэлийн 3, 4 дүгээр заалтаасаа ухарсан гэсэн үг.
Мэдээж, Ардчилсан намд элссэн бүхэн удирдах албан тушаалд очих албагүй л дээ. Гэхдээ хүсвэл боломж бүгдэд ижил байх ёстой. Гэтэл Ардчилсан намын одоогийн байгаа байдал нь залууст “Мөнгө төлөхгүй л бол бид чамд боломж өгөхгүй. Харин чи биднийг дэмжих ёстой” гэж байгаатай ялгаа алга. Өдий олон жил итгэж дэмжиж ирсэн залуусыг ингэж тойргийн гадна үлдээснийхээ төлөө Ардчилсан нам өнөөдөр тэднээс уучлалт гуйх ёстой. Эсвэл хийсэн үйлдэлдээ эзэн болж “Бид их мөнгө төлсөн хүнийг л дэмжих учраас та бүхэн биднийг заавал дэмжих албагүй” гэдгийг эгэл жирийн гишүүд сонгогчдод шударгаар хэлэх ёстой.
Ардчилсан нам залуусаас уучлалт гуйх ёстой |
|