Хотын төвөөс хоёрхон километрийн зайтай орших “А” зэрэглэлийн бүсэд өнгөрсөн зунаас хойш иргэд өтгөн шингэнтэйгээ холилдон амьдарч байгаа. Сүхбаатар дүүргийн ХIII хороонд булаг ундарч 70 гаруй өрх их, бага хэмжээгээр усанд автаж, хэцүүхэн орчинд амьдарч байгаа талаар бид өмнө нь сурвалжилж байв. Аагим зуны сүүлч сараас эхлэн гэр дотроо хамгийн багадаа шагайгаар татсан усан дунд амьдрах болсон айлуудыг хайхрах, анхаарах дүүрэг, нийслэлийн удирдлага гэж байхгүй бололтой.
Гурван сарын турш усанд амьдарсан иргэд дүүргийн Халамжийн хэлтсээсээ гамшгаар олгогддог нөхөн олговор, тусламж хүссэн ч 70 гаруй айлын есөд нь л “олгож магадгүй” гэсэн хариу иржээ. Өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээс булагны ус харьцангуй татарч, айлуудын гэрт ус мэлтэлзэхээ больж, иргэд одоо л хуурай газар амьдарч эхэлсэн байна. Гэвч ус зайлуулах хоолой ч үгүй, овоолсон шороо нь хатаж амжаагүй, модон жорлон болон хашаа доторх ус нь татарч дуусаагүй ийм л дүр төрхтэй байна. Найман сарын сүүлчээр арга буюу гэрээ орхин, түрээсийн байр хайж нүүсэн өрхийн эзэд гэртээ эргэж ирээгүй байв. Хувин, сав энэ тэндгүй хөглөрч, тоосго, банзаар зассан зам нь яг хэвээр, хотын төв атлаа хөдөөний суурингаас дор байна. Эдгээр айлын урдуур тавьж байгаа хоёр метрийн өндөртэй автозамын ажил дуусаагүй, овоолсон шороогоо тараагаагүй бахь байдгаараа байв. Хүмүүс сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээ үүрч, дүүрээд гэр рүүгээ явдаг нь хэвээрээ аж.
Я.Аюурсэд: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас ус зайлуулах шугам, хоолой тавих төсөв байхгүй гэсэн
Хорооных нь өрхүүд усанд автахад “Машин шороо төлбөртэй асгахаас өөр эрх мэдэл алга, манай гэр ч гэсэн устай” хэмээн ярьж байсан хорооны Засаг дарга Я.Аюурсэдээс эдгээр айлын асуудлыг хэрхэн шийдсэн талаар тодрууллаа.
-Усанд автсан өрхүүдийнхээ асуудлыг шийдэх талаар та бүхэн юу хийв?
-Сүхбаатар дүүрэг болон нийслэлээс өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт усны шуудуу тавьж өгөх хүсэлтийг албан бичгээр хүргүүлсэн ч “Хөрөнгө, санхүү байхгүй” гэсэн хариу өгсөн. Манай хорооны нутаг дэвсгэрийн хойд хэсэгт ус зайлуулах хоолойг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэмжлэгтэйгээр тавьж байгаа. Энэ нь манай хорооны урд талын хэсэгт буюу их хэмжээгээр усанд автдаг айлуудад хамааралгүй. Харин хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, НҮБ-ын санхүүжилттэй төслийн байгууллага ус зайлуулах хоолойг өөрсдийн хөрөнгөөр тавьж, шийдэж өгөхөөр болсон.
-Одоогийн байдлаар ямар ч шугам хоолойны ажил эхлээгүй байна. Дулааны улирал эхлэхээр танай хорооны иргэд дахиад усанд автах нь?
-Хүйтний улирал эхэлж байгаа болохоор энэ онд ус зайлуулах шугам, хоолойны ажил хийхгүй юм билээ. Дараа хавраас ажил нь эхэлж магадгүй. НҮБ-ын санхүүжилттэй төслийн баг хэзээ хөрөнгө, мөнгө шийдэж өгнө тэр цагт л энэ ажил эхлэх байх. Хавар айлууд руу ус ордоггүй ч бороо орж эхэлсэнээр усанд автах магадлалтай. Энэ онд айлууд ингэж их усанд автлаа. Тэрнээс өмнө нь ийм байдал үүсэж байгаагүй. Дараа жил булаг оргилохгүй, хэвийн байхыг ч үгүйсгэх аргагүй. Усанд автсан айлуудын урд талаар ус зайлуулах хоолойгүй, нэлээн өндөр зам тавьсан нь булгийн ус нь гольдролыг өөрчлөгдөж ийм байдалд хүргэсэн.
-Сүхбаатар дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хийхгүй байгаа юм билээ. Холбогдох албан тушаалтан танай хорооны бодит байдалтай танилцсан уу?
-Сүхбаатар дүүргийн Засаг дарга Ц.Болормаа өвчтэй байгаа учраас ажилдаа орохгүй байгаа. Орлогч дарга Б.Шижир анх газар дээр нь ирж танилцаад л явсан.
-Есдүгээр сард сурвалжилга хийгээд явснаас хойш та бүхэн ямар нэгэн арга хэмжээ авалгүй, нэг үгээр бол булгийн ус өөрөө татрахыг хүлээхээс өөр ажил хийгээгүй өдийг хүрсэн бололтой. Энэ үнэн үү?
-Хийсэн. Нийслэлийн захиргаа руу удаа дараа албан бичиг хүргүүлсэн. Геодизийн компани багаж хэрэгсэлтэйгээ газар дээр нь ажиллаж, 14 хоногийн турш айлуудын усыг соруулсан. Тийм учраас аравдугаар сард айлууд бараг хуурай шахуу газар амьдарсан шүү дээ. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас төсөв, санхүүг нь шийдээд өгдөг бол Геодизийн компани ус зайлуулах хоолой, шугамыг хурдан шуурхай хийж өгнө гэсэн.
-Дарь-Эх, XVII сургуулийг холбосон замын ажил өнгөрсөн есдүгээр сард бараг дуусаж байсан. Усанд автсан айлууд аюулгүй байдал хангаагүй учраас нээлгэхгүй гэсэн байр суурьтай байсан нь хэвээрээ юү?
-Одоо хүртэл замаа нээгээгүй байгаа. Авто зам, гэрэлтүүлгийн ажил өнгөрсөн есдүгээр сард дууссан. Явган хүний зам, гарц, хурд сааруулагч байхгүй болохоор иргэд уг замыг нээлгэхгүй гэж тэмцсэн. Саяхнаас эхлээд явган хүний замын ажил эхэлсэн. Иргэдийн аюулгүй байдлыг хангасан цагт энэ замыг нээнэ гэсэн.
-Хэдэн айлд гамшгийн нөхөн олговор олгоно гэж хэлсэн бэ?
-Дүүргийн Халамжийн хэлтсийн мэргэжилтэн иргэдийн өргөдөл, гомдлыг үндэслэн есөн айлд нөхөн олговор олгохоор болсон. Ганц удаа олгогддог нөхөн олговорыг өрх толгойлсон, амьжиргааны түвшин доогуур айлд олгох юм билээ.
Б.Золзаяа: Усанд автсан айлуудад манай төсөл шугам хоолой тавьж өгнө гэж хэлээгүй
Сүхбаатар дүүргийн XIII хорооны Засаг дарга Я.Аюурсэд усанд автсан айлуудад НҮБ-ын санхүүжилттэй төслөөр ус зайлуулах хоолой, шугам тавихаар болсон гэсэн. Энэ НҮБ-ын Улаанбаатар хотын гэр хорооллыг үерийн усыг даван туулах, чадавхыг бэхжүүлэгч төслийн ажилтан Н.Золзаяагаас тодрууллаа.
-Танай төслийн баг Сүхбаатар дүүргийн ХIII хорооны усанд автсан айлуудад шугам, хоолой тавьж өгнө гэсэн. Энэ ажил хэзээ эхлэх юм бол?
-Манайх энэ онд хийнэ гэж төлөвлөсөн хэлсэн шугам хоолойныхоо ажлыг хийчихсэн. Булаг ундарч, усанд автсан айлуудад манай төслийн баг шугам хоолой тавьж өгнө гэж хэлээгүй. Бид замын урд талын цөөхөн хэдэн айлуудын орчимд жижиг оврын хайрган хоолойгоор ус зайлуулах шугам тавьж өгсөн.
Наймдугаар сараас хойш өвчтэй гэж ажилдаа одоо хүртэл ирээгүй Засаг дарга аа, дүүргийн тань иргэд усанд амьдарсаар өвөлтэй золголоо. Гурван сарын турш суганыхаа булчирхайг цочтол устай ноцолдсон иргэд ядарч туйлдлаа. Ус зайлуулах шугам, хоолой тавьж чаддагүй юмаа гэхэд өөрийнхөө хөрөнгөөр ус соруулах насос, моторыг бараг сар тутамд авч, шороо буулгуулсан иргэддээ нөхөн олговрын мөнгийг нь алагчилж үзэлгүйгээр олгож болохгүй юу. Эзэнгүй дүүргийн эзэнгүй хорооны тань иргэд хэзээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах вэ. Хэрэв ус зайлуулах шугам, хоолойг ирэх хавраас өмнө тавихгүй бол иргэд дараа зун, намар дахиад л усанд дунд амьдрах нь ээ. Хэдхэн алхмын наана, цаана сууж, худлаа ярьдаг хурган дарга нар ажлаа хиймээр байна.
Хотын дарга аа, усанд автсан иргэдээ аврахгүй юм уу-II |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10