УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.05.06/ хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Энэхүү албан тушаалд Г.Дөлгөөнийг томилуулах саналаа Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа. Г.Дөлгөөн нь 2008 онд МУИС-ийг Олон улсын харилцааны сургуулийн олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсч, 2015 онд Люксембургийн их сургуулийн банк, санхүүгийн магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 2006-2007 онд “Жонон даатгал” ХХК-д менежер, 2008-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын хэлтэст нягтлан бодогч, хянан шалгагч, 2014-2015 онд Люксембург Улсын “Шродерс“ санд дадлагажигч ажилтан, 2015-2016 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч, 2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, 2018 оноос Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж буй аж. Нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан асуулт гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Ундармаа, Б.Баттөмөр, Д.Дамба-Очир, Ц.Гарамжав нар үг хэлэв. Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Г.Дөлгөөнийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ. Мөн хуралдаанаар Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцсэн бөгөөд төвбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Г.Энхтайваныг томилуулах саналыг танилцуулсан.
Г.Энхтайван нь 2007 онд АНУ-ын Арканзасын их сургуулийн бизнесийн удирдлагын бакалавр, 2013 онд Их Британийн Оксфордын их сургуулийн бизнесийн удирдлагын магистр, Лондонгийн Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн эрх зүйн магистрын зэргийг тус тус хамгаалжээ. Тэрээр 2007-2011 онд Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хянан шалгагч, 2011-2012 онд Гадаад харилцааны яаманд сайдын туслах, Эдийн засаг, хамтын ажиллагаа, гадаад хуралдааны газарт атташе, 2013-2015 онд “Америк банк”-д дадлагажигч/шинжээч, 2015-2018 онд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал, 2018 оноос “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ.
Түүнийг Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Г.Дөлгөөн, Г.Энхтайван нарыг Монголбанкны удирдлагаар томилохыг дэмжлээ |
|