Гадаад харилцааны сайд нар утсаар ярих үеэрээ хоёр улс дахь “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлд хоёр тал үр дүнтэй хамтран ажиллаж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ оны 2 дугаар сард БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр улсын удирдагчдын хийсэн яриа хэлэлцээ болон хоёр улсын ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд цар тахалтай тэмцэх явцад харилцан тусламж үзүүлж буй нь хоёр ард түмний найрсаг харилцаа, харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлснийг Сайд нар онцлон тэмдэглэв.
Д.Цогтбаатар сайд ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх ажилд урьдын адил өндөр ач холбогдол өгөхийн зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээхэд илүү анхаарал хандуулж, алдагдсан цаг хугацааг нөхөх зарчмаар зохицуулалтын арга хэмжээг авч хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод хүрэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И уг саналыг дэмжиж буйгаа илэрхийлж, хамтран хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээг ойрын хугацаанд дахин зохион байгуулах цахим механизмын хурлын үеэр нарийвчлан ярилцахыг санал болгов.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Хятадын Гадаад хэргийн сайдтай утсаар ярьжээ |
|