Төрийн албыг төрөл садан, найз нөхөд, тойрон хүрээлэгчдийнхээ шагнал, урамшуулал, илгээлт, амралт болгодог үзэгдэл “Монгол уламжлал”-ын нэг болоод удсан. Улстөрчид хийгээд бизнесийн салбарынхны аалзны тор мэт хэлхэлдсэн энэ сүлжээний бие биенээ албан тушаалаар дайлж, цайлж, томилдог илбийн явдлыг хууль хяналтынхан ч зогсоож хүчирдэггүй.
Энэ уламжлал ч өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар үргэлжиллээ. Тодруулбал, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан, одоогийн Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямбын төрсөн хүү, Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнийг томиллоо. Харин дэд ерөнхийлөгчөөр “Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал” буюу УИХ-ын дарга Г.Занданшатарын туслах Г.Энхтайван томилогдлоо.
Мөн өнөөдрийн чуулганаар БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Т.Бадрал, БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Эрдэнэтуяа нарыг томилох саналыг дэмжсэн.
УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайдаар нэр дэвшсэн 2 хүнийг нам бус, төрийн жинхэнэ албан хаагчид гэж “тодорхойлж” байгаа боловч үүний цаана нэлээдгүй нууц нуугдаж буй. Учир нь, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нь тус газрын дэд дарга, бригадын генерал Г.Арвинбуян тэргүүтэй албан тушаалтнуудыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгон, төсвийн хөрөнгө завшсан байж болзошгүй хэргээр Авлигатай тэмцэх газар шалгаж байсан цаг саяхан. Дээрх албан тушаалтнуудыг 17 тендер хууль бусаар шалгаруулснаас төрд хохирол учруулсан хэмээн буруутган шалгаад мөрдөн байцаалтын явцад найман үйлдэл нь тогтоогдож байсан. Харин өнөөдөр тэрбээр Элчин сайд болохоор зам мөр нь шуударч байх шиг.
Тэгвэл Н.Эрдэнэтуяагийн хувьд БНСУ-т ажиллаж, амьдардаг монголчуудаасаа “жавтий” хүртэж “БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Эрдэнэтуяа нэг өдөр ч монголчуудынхаа эрх ашгийн төлөө яваагүй. Дэлхий нийтийг хамарсан цар тахалын аюулын үед ч Монгол Улсын Элчин сайдын яам л хаалгаа түгжиж иргэдээ хүлээн авахаас татгалзаж ямар ч амьд харилцаагүй байсан” хэмээн шүүмжлүүлж байсан ч энэ бүхэн асуудал биш бололтой.
Төрийн албыг төрөл садан, найз нөхөддөө бэлэглэдэг бас нэг томилгоо өнөөдөр хийгдлээ |
|