Мягмар, 2024-11-26
Н.Номтойбаяр:Намайг хэлмэгдүүлж, яллахдаа надад огт мэдэгдээгүй

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр” Энэ оны нэгдүгээр сарын 13-нд Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн барьсан. Үүнээс өмнө би  арванхоёрдугаар сарын 12-ны өдөр  Төрийн ордонд хууль бус үйл ажиллагаа явагдаад байгаа талаар сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн. Гэтэл намайг мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх гэж оролдсон хэмээн миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлд үүнийг маш тодорхой дурдсан байдаг. Удалгүй өмгөөлөгч н.Батхуяг гэх хүн арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хийсэн миний хэвлэлийн бага хурлыг хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзээд Нийслэлийн прокурорын газарт /НПГ/  миний эсрэг гомдол гаргасан. Харин арванхоёрдугаар сарын 26-нд НПГ-аас Н.Номтойбаяр хууль зөрчөөгүй байна.Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, эрхээ эдэлсэн байна гээд тогтоол гарсан. Одоогоор нууцын зэрэглэлтэй учраас  илүү  зүйл ярьж болохгүй байна.
Тиймээс энэ бүх  үйл явц нь  ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өөрөө хууль тогтоох төрийн дээд байгууллага болох УИХ-д худал мэдээлэл түгээсэн. Намайг гүтгэн доромжилсон. Авлигал албан тушаалынхаа давуу байдлыг над дээр ашигласан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн тодорхой зүйл заалтыг маш ноцтой зөрчсөн. Хуулийн өмнө бүгд  тэгш эрхтэй байх ёстой. Намайг худал мэдүүлэг өгсөн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд байхдаа хууль зөрчиж шийдвэр гаргасан гэж хэлмэгдүүлэн гүтгэж байгаа юм бол би нотлох баримт дээрээ үндэслээд тэр хүнийг яагаад хуулийн байгууллагаар шалгуулж болохгүй гэж. Энэ бол иргэн хүнийхээ хувьд эрхээ эдэлж байгаа нэг хэлбэр. УЕП байлаа гээд хуулиас давуу эрхтэй гэсэн үг биш. Миний сайд байхдаа гаргасан шийдвэртэй яг адилхан шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар, 2018-2020 онд гаргасан.  Хоёр ялгаа байгаа нь  он сар өдөр, сайдынх нь нэр л өөр байгаа. Эдгээр шийдвэрийг буруутай гэж үзэхгүй атлаа намайг буруутай гэж яллаад байна” гэв.
Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав. 
-Танд яллах дүгнэлт ямар үндэслэлээр гаргасан бэ?
-Бие даан нэр дэвшигчийн нэрс дөрөвдүгээр сарын 28-нд нийтэд зарласан. Гэтэл дөрөвдүгээр сарын 29-нд АТГ намайг ялласан гээд дуудсан. Ямар үндэслэлээр буруутгаад байгаагаа тайлбарлаагүй. Гэтэл 30-ны өглөө надад яллах дүгнэлт Нийслэлийн прокурорын газар үйлдсэн. Энэ бол шууд улс төрийн захиалгаар яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугүй гэдгийг нотлох боломж олгохгүй байна. Тэр байтугай яллах дүгнэлт гарахаас өмнө хэвлэлийн мэдээлэл бэлтгээд тараасан байсан. 
-Та прокурорын байгууллагад хүндрэл учруулж байсан уу?
-Би нэг ч удаа прокурорын байгууллагад хүндрэл учруулж байгаагүй. Ер нь АТГ, прокурорын газарт хууль үйлчилдэггүй болохыг өөрийн биеэр үзээд байна.
-Та Ц.Нямдорж гишүүний нэр дэвших тойрогт өрсөлдөнө гэсэн. Энэ талаар...?
-Ц.Нямдорж Хан-Уул дүүрэгт өрсөлдөнө. Тэр хаашаа зугатаадаг юм. Уг нь хүн чанартай хүн л бол тэтгэвэртээ гармаар байгаа юм. Дандаа заваарсан хэрүүл тэмцэл хийх юм. Нэг удаа ч болов хөгжлийн бодлогын тухай ярьж байгаагүй. 

Н.Номтойбаяр:Намайг хэлмэгдүүлж, яллахдаа надад огт мэдэгдээгүй
2020-05-08 11:39:07
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0