"Хот байгуулах тухай" тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэн, дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр ТББХ руу буцаалаа. Хот байгуулах тухай тогтоолын төсөл батлагдсанаар Улаанбаатарын дагуул хотууд болох "Айро сити", "Майдар сити" хотууд Төв аймагт барьж байгуулагдах хууль эрх зүйн орчин бүрдэх юм.
УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Энхболд өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр өнөөдөр 09 цагт хуралдсан ТББХ-ны хурлаар "Майдар сити"-г шинэ Нисэх онгоцны буудалтай уялдуулан хөгжүүлэх санал гаргасан нь тогтоолын төсөлд туссан боловч, одоогийн Зуунмод хот, Сэргэлэн сум болон олон улсын аялал жуулчлалын төв Манзуширын хийдийн төсөл, бодлоготой нягт уялдуулах хэрэгтэй байна гэсэн санааг илэрхийлэв.
УИХ-ын гишүүн М.Энхболд:
-Улаанбаатар хотод Монгол улсын нийт хүн амын 45 хувь нь оршин сууж байна. Богд уулаа тойроод хүн амын бараг 50 хувь нь оршин сууж байна. 1733 онд Манзуширын хийдийг Богд уулын урагшаа харсан аманд байгуулж, 1778 онд ард нь Улаанбаатар хот бууриа засаж байсан түүхтэй. Одоо бид нар Улаанбаатар хотын ачааллыг бууруулах зорилгоор дагуул хотуудыг байгуулах гэж байгаа нь зөв зүйтэй. Үүнтэй холбогдуулж, миний өглөө Байнгын хороон дээр хэлсэн санал хэдийгээр дүгнэлтэд орсон боловч, учир дутагдалтай байна.
Зуун мод хот 18-20 мянган хүн амтай. 2800-3000 хүн амтай Сэргэлэн сум дэргэд нь байна. Хөгжлийн төлөвлөлт, дэд бүтцийн асуудлыг одоогийн төв суурин газрын хөгжлийн бодлоготой уялдуулах талаас нь хоёрдугаарт заалтад оруулж өгөөч ээ. Аялал жуулчлал эдгээр бүсүүдэд хөгжиж таарна. "Майдар хот" аялал жуулчлалын нэлээд онцлог газар болно. Манзушир хийд олон улсын аялал жуулчлалын төв болох хэсэгчилсэн төлөвлөгөө батлагдсан. Иймд эдгээрийг хооронд нь уялдуулах, хүн амын суурьшил, аж үйлдвэржилт, эдийн засгийн уялдаа холбоог авч үзээч. Хүссэн хүсээгүй зэрэгцэн орших суурин газрууд бий болж байна. Өөрөөр хэлбэл, тогтоолын төслийг одоо байгаа сум, суурин газрын бодлоготой нь уялдуулж авч үзэхийг хүсэж байна.
М.Энхболд: Дагуул хотуудыг одоо байгаа сум, суурин газрын бодлоготой уялдуулъя |
|