Мягмар, 2024-11-26
Аутизмтай, гурван настай охины гарын алгыг туслах багш нь түлсэн үү

Эцэг, эхдээ эрхэлж хорвоог аз жаргалтай нүдээр ширтэж  явсан гуравхан настай охин хариуцлагагүй багшийн алдаанаас болж гарын алгаа халуун индүүнд түлсэн харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт байрлах “Глобал монтессори” цэцэрлэгт энэ сарын 5-нд гурван настай охин Д.Х даавуу индүүдлэгийн өрөөнд гарын алгаа түлж эмнэлэгт хүргэгдсэн аж. Энэ талаар түүний эмээ Д.Батцэцэг өөрийн цахим хуудастаа гомдол илэрхийлж охины амь тэмцэн уйлж буй, гарын алганы түлэгдэлтэд эмч хэрхэн арга хэмжээ авч байгааг бичлэгээр дэлгэлээ. Бид энэ талаар хоёр талын байр суурийг сурвалжилан хүргэе. 
“Яалаа гэж миний охинд ингэж хатуу хандаж байгаа юм бэ. Түлэгдсэн өдрөөс нь хойш “Глобал монтессори” цэцэрлэгийн удирдлага, албан тушаалтнаас албан бичиг хүргүүлж уучлалт гуйх нь бүү хэл охины минь биеийг асууж нэг ч удаа  утсаар ярьсангүй. Үнэхээр гомдож байна” хэмээн уйлан ярих гурван настай охин Д.Х-ийн эмээ Д.Батцэцэгтэй ярилцлаа. 

-Тухайн өдөр яг юу болсон талаар та ярихгүй юу? 
-Энэ сарын 5-нд охин бид хоёр явж байхад ангийнх нь багш над руу залгасан. Охины “Аавынх нь утас хэд вэ” гэж асуухад нь би санаанд оролгүй дугаарыг нь өгсөн. Төд удалгүй эргэж залгаад “Аав нь утсаа авахгүй байна” гэлээ. Миний хүү яах гэсэн юм гэж асуухад “Ээжтэй нь яримаар байна” гэсэн. ээжтэй нь ярихдаа  “Танай охин түлэгдчихлээ. Түргэн тусламж дуудсан. Та яаралтай ирээч” гэж хэлсэн байгаа юм. “Одоо би яана аа ээжээ, миний охин яачихав аа” гээд охин минь уйлж, сандраад сүйд болсон. Бүгд сандраад юун түлэгдэх, яасан юм бол гэсээр цэцэрлэгт нь яваад очлоо. Очиход охин минь уйлчихсан, гарыг нь бамбайтал нь боочихсон, шууд гэмтлийн эмнэлэг рүү яв гэсэн. Энэ онош нь. эгч нь сайн ойлгохгүй юм, ямар ч байсан индүүнээс болж түлэгдсэн нь үнэн болж таарсан. 
-Охин боолт хийлгэж байхдаа хэрхэн тарчилж буйг та бичлэгээр дэлгэсэн байсан. Олон аав, ээжүүд бухимдлаа илэрхийлсэн байсан.
-Би гарын алгыг нь бүтэн түлэгдчихсэн гэж арай ч бодоогүй байсан. Шоконд орсон. Миний охин жоохон болохоор учраа мэдэхгүй уйлчихна. Бамбайгаад гараад ирчихсэн цэврүүг нь хагалж байгааг харахаар үнэхээр өрөвдмөөр. Өвчин намдаах, мэдээ алдуулагч юу ч хийгээгүй. Шууд хуулаад л цэвэрлэдэг юм байжээ.  Би өөрөө ухаан балартаж уначих гээд байсан. 

-Охин ангидаа хэр хөдөл­гөөнтэй бай­даг вэ? 
-Гурван настай хүүхэд ямар байдаг билээ, яг л тийм хүүхэд. Гүйж харайна, дуулна, бүжиглэнэ. Тэр өдөр охин унтаагүй болохоор багш нь индүүний өрөөнд авч орсон байдаг. Угтаа нэг давхартаа тоглоомын өрөөтэй тэнд тоглуулаад үлдээж болох байсан.
-Цэцэрлэгийн удирдлагууд “Охин аутизмтай болохоор өдөр унтдаггүй, зайлшгүй багшийн хажууд байдаг” гэсэн үнэн үү?  
-Миний охины хамгийн том хүү нь аутизмтай. Харин энэ охин минь асбергер буюу аутизмын эхний шатны эмгэгтэй. Анх цэцэрлэгт өгөхдөө л “Ийм оноштой хоёр хүүхэд шүү” гэдгийг  урьдчилан хэлж байсан. За тэр төлбөр мөнгө нь дүүрч, арай найдвартай, гэрт нь ойрхон, багш, сургалт, орчин нь баталгаатай гэж бодоод энэ цэцэрлэгт явуулсан. Сарын өмнө аутизмтай хүүг минь “Сургах боломжгүй ав” гэсэн. Үүнийг бид ялгаварлаж байна гэж харж байгаа. Угтаа аутизмтай хүүхэд энгийн хүүхдүүдтэй хамт сургууль, цэцэрлэгт сурах эрхтэй гэж Боловсролын сайдын тушаал гарсан байдаг. 
-Хүүхэд ямар шалтгаанаас болж түлэгдсэн юм бол? 
-Миний зүгээс тэр багшийг санаатайгаар түлсэн эсвэл гар дээр нь индүүгээр дарсан гэж хэлээгүй.  Хамгийн гол нь,  унтаагүй байхад нь индүүний өрөөнд оруулдаг нь буруу. Хэрвээ тэд өөрийн хүүхэд байсан бол хэзээ ч тэр өрөөнд оруулахгүй. Тэр багш ажлаа амжуулж болно, даавуугаа индүүдэж болно, гэтэл яагаад миний охиныг халуун индүүтэй өрөөнд оруулж орхисон юм бэ. Бид цэцэрлэгийн төлбөр  гэж сарын 650 мянган төгрөг төлдөг. Харж, халамжлах ёстой хүн багш нь. Багшийн хариуцлагагүй, хараа хяналтгүй байдлаас болж миний охин түлэгдсэн. Шүүх эмнэлгийн тодорхойлолт гараагүй байна. 
-Түлэгдсэн гар нь  шарх, сорвиноос эхлээд үлдэх сөрөг нөлөө их байх?
-Эмч нар “Хүүхэд болохоор гайгүй. Битгий санаа зов” гэсэн. Тэр үгэнд нь тайтгарч байгаа ч би юу үлдэх вэ гэдгийг мэдэж байгаа. Эгч нь Анагаахын сургуульд 33 жил багш хийсэн хүн. Гарын алга бүтэн түлэгдсэн учир өнгөц арьсаа давсан нь цаад гүнд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэсэн үндэслэл байхгүй. Түлэгдэлт олон жилийн дараа товруу үүсч, булчинг нь агшаах ч тохиолдол байдаг. Охин үр минь эмэгтэй хүн, эх хүн болно. Гоо сайхныг нь бодсон ч бүрэн дүүрэн эмчлэх шаардлагатай. 
-Одоо охины бие ямар байгаа вэ? 
-Үнэхээр хүнд байна. Өвчин намдаах эм, тарианы хүчээр  болгож байна. Шөнө байсгээд уйлна, халуурна. Хүүхэд юм болохоор тэсэлгүй элдвийг барина, гар нь хорсохоор уйлна. Гарын алга шиг эмзэг хэсэг түлэгдэх нь хүүхдэд битгий хэл бидэнд ч хэцүү. Ээж, аав нь шөнөжин нойргүй тэвэрч байна. 
-Танай гэр бүлийн зүгээс тус цэцэрлэгт ямар гомдолтой байгаа вэ? 
-Эхний ээлжинд хүүхдийнхээ төлбөрийг буцааж авъя гэсэн байгаа. Ахынх нь төлбөрийг хоёр сар хасч өгснөөс миний охины төлбөрийг өгөөгүй. Дөрвөн хоног харахад уучлалт ч гуйгаагүй болохоор бид Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Шалгадаг хүмүүс нь шалгаад шийдэх байх. 
-Эмчилгээний зардал төлүүлэх хүсэлтэй байгаа юу? 
-Огт хариу өгөхгүй, чимээгүй байсан болохоор нь “Америк, Солонгос улсад эмчилгээнд явна. Эмчилгээний зардлыг шийдэж өг” гэж бид хэлсэн. Цаашид охинд минь үүнээс үүдэлтэй ямар нэгэн гэмтэл үүсэх магадлалтай учир бүрэн эмчлэх хүртэл нь явна. Харсаар байтал өрөөл татанхай хүүхэдтэй үлдэж чадахгүй. Манай гэр бүл үнэхээр хохиролтой байна.
-Хүүхдээ та хувийн цэцэрлэгтээ авсан бол ийм аюулд өртөхгүй байх боломжтой байсан уу? 
-Би хувийн цэцэрлэгтэй. Хүүхдээ түүндээ авч болно л доо. Энэ цэцэрлэгт явуулах төлбөр илүү гарсан мөнгө биш шүү дээ. Өөрийн цэцэрлэгт болохоор захирлын ач, зээ гээд багш нар нь ойртохгүй, олигтой юм сурдаггүй. Аутизмтай хүүхдийн цэцэрлэгт өгөхөөр бусдаасаа муу занг нь сурдаг, нэг нэгэнтэйгээ харилцаж, суралцах зүйл байдаггүй. Охин, хүү хоёроо бусдаас суралцаж, нийгэмшиг гэж бодож л өөр цэцэрлэгт өгсөн. Сайхан суулгаж, бусдын үгэнд орж, олонтой нийтэч болог гэсэн бодлоор өгсөнөөс ингээд түлчихнэ чинээ төсөөлсөнгүй. 

Харин энэ асуудлаар “Глобал мон­тессори” цэцэр­лэгийн эрх­лэгч Ж.Бурмаагаас тодруулахад “Би албан ёсны мэдэгдэл хийх гэж байлаа. Учир нь манай цэцэрлэгийн хүүхэд болох Д.Х-ийн эцэг, эх, эмээ, өвөө нь нийгмийг цочроосон, манайхыг гутаасан сөрөг мэдээлэл цахим орчинд явуулах боллоо. Хоёрын хоёр аутизмтай хүүхдийг өөрсдөө хувийн цэцэрлэгтээ авахгүй, манайд өгсөн. Тусгайлан хариуцдаг цэцэрлэг байхад манайд явуулна гэхэд нь нийгмийн хариуцлагаа хүлээж зөвшөөрсөн. Одоо ингээд тэр сайхан сэтгэл рүү эргээд ус цацаж байгааг гайхаад сууж байна.  Аав, ээжийг нь боловсролтой, мэдлэгтэй хүмүүс гэж боддог байтал ийм үйлдэл гаргаж байгаад үнэхээр харамсалтай байна. Юу болсон бэ гэхээр манай цэцэрлэгт хоёр дахь жилдээ явж байгаа нэг айлын аутизмтай хоёр хүүхэд байдаг. Аутизм гэдгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэг төрөл гэж ойлгоорой. Яагаад гэвэл Д.Х  охин багшийн гараас огт салдаггүй, өдрийн цагаар ер унтдаггүй хүүхэд. Санаатайгаар хүүхдийн гарыг түлсэн зүйл байхгүй. Гэтэл фэйсбүүкээр санаатай юм шиг ярьж байна.  Энэ сарын 5-ны өдрийн 15.00 орчимд болсон явдал. Унтлагын цагаар бүх хүүхэд унтсан Д.Х  унтаагүй байсан. Тус бүлгийн туслах багш “У” индүүдлэгийн өрөөнд даавуу индүүдэж байсан. Хүүхдийг гараасаа салгахгүй  авч явж байгаа юм. “Халуун, хүйтэн, боль, байг” гэсэн үгнүүдийг мэдэхгүй, мэдрэх мэдрэмж байхгүй хүүхэд. Индүүгээ салгаад, даавуугаа дамнуурганд тавих хооронд индүүг гараараа базаад авсан гэсэн. Үнэхээр хариуцлагагүй, хэдхэн хормын дотор энэ үйл явдал болж хүүхдийн хурууны өндөг хайрагдсан. Өөрөөр хэлбэл, алганы 2/1 хэсэгт түлэгдэж цэврүү үүссэн. Анги хариуцсан багш гэмтлийн эмнэлэгт авж очсон. Тус эмнэлгийн эмч мөнгөжүүлсэн тос түрхээд “Зүгээр ээ, хөнгөн түлэгдсэн байна” гэж хэлээд гаргасан. Аав ээж нь тэр үед зүгээр явсан. Маргааш нь гэнэт л Америк, Солонгос явах эмчилгээний зардал нэхэж эхэлсэн. Аав нь ирж уулзсан, ээж нь ч өргөдөл өгсөн. Бид үйл ажиллагааныхаа зардлаар урсгал зардал, багш нарынхаа цалинг олгож, хүүхдийн хоол унд, сургалтын орчиндоо зарцуулдаг. Манай цэцэрлэг энэ мөнгийн өгөх боломжгүй учир ямар нэгэн хариу өгөөгүй. Хүүхдийнхээ төлбөрийг буцааж авахыг хүссэн. Түүний дагуу төлбөрийг нь буцааж олгосон. Цагдаад албан ёсны өргөдөл, гомдол өгсөн гэсэн. Одоогийн байдлаар бидний хооронд ямар нэгэн маргаан үүсээгүй байна. Манай зүгээс хүүхдийн төлөө гэсэн, хүүхдэд хайртай багшаа буруутгамааргүй байна” хэмээв. 
Тус цэцэрлэгийн удирдлагын зүгээс хяналтын камерын бичлэгийг тэр даруйд нь эцэг, эхэд өгсөн гэнэ. Гэвч индүүдлэгийн өрөөнд хяналтын камер байхгүй учир 15.00 цагийн орчимд багш нар сандралдаж, нааш цааш холхиж буй бичлэг үлджээ. Хүүхдийн гарыг түлсэн хэмээх асуудалд буруутан болсон багш Б.У нь сэтгэл санааны хүнд байдалтай ч ажлаа хийж байгаа аж. Түүнтэй уулзаж болсон явдлын талаар тодруулахад “Цаг гаруйн хугацаанд бүүвэйлсэн боловч Д.Х маань унтаагүй. Хүүхдүүд амарч байх хооронд хийх ажил байдаг болохоор даавуу индүүдэж байсан. Индүүгээ салгаад даавуугаа цааш тавихын хооронд охин гараа түлчихсэн. Санаатайгаар гарыг нь түлсэн, унтахгүй байна гэж дарамталсан зүйл надад байхгүй. Яг түлэгдсэн өдөр аав, ээж хоёр нь ямар нэгэн гомдол санал хэлээгүй. Би цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй. Аутизмтай хүүхэдтэй ажиллах нөхцөл байдал маш хэцүү. Тогтмол харж хандах, дэргэдээсээ холдуулахгүй байх шаардлагатай. Өөрийн ажлыг амжуулах гээд л индүүдлэгийн өрөөнд орсон” гэв.

ГССҮТөв Д.Х.... охинд эрүүл мэндийн тусламж үзүүлж буй дэлгэрэнгүй дүрс бичлэг болон хяналтын камерын бичлэгийг хавсаргав.

 

Д.Х... охины эмээ Д.Батцэцэг гуайн дэлгэрэнгүй тайлбар...

 


Аутизмтай, гурван настай охины гарын алгыг туслах багш нь түлсэн үү
2019-11-12 14:52:12
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0