Гэр хорооллын хөдөлгөөний тэргүүн, хотын дарга асан Э.Бат-үүл өнөөдөр хэвлэл мэдээллийнхтэй уулзаж “Сүүлийн үед МАН болон тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар миний эсрэг илт улайрсан гүтгэлгийг явуулж эхэллээ. Бүтэн 30 жил намайг хулгайч, дээрэмчин, алуурчин болгож гүтгэсэн. Одоо бүр хэрээс хэтэрч гэр бүлээр маань гүтгэн доромжилж, хүний ёсноос гадуур зүйл хийж байна. Гэмт хэрэгтэн болгож олон нийтийн тархийг угааж байна. Хилс хэргээр ял тулгах гэж байгааг нь илчлээд цагдан хоригдсон М.Энхсайхантай адил аюул занал намайг хүлээж байна. Үнэхээр би хулгайч, дээрэмчин юм бол МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар нотлох баримтаа гаргах мөн УИХ-ын энэ сонгуулиар нийслэлд тэр тусмаа “Гранд лайн” компанийн дахин төлөвлөлт хийгдсэн Баянзүрх дүүргийн гэр хороололд надтай өрсөлдөж, сонгогчдын шударга шүүхээр орохыг уриалж байна гэсэн юм.
Тэрбээр өмнө нь АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдын тойрогт нэр дэвшинэ гэж мэдэгдэж байсан. Энэ талаар тодруулахад,
-УИХ-ын сонгуульд З.Энхболдтой өрсөлдөнө гэж хэлсэн тэр өдрөөс хойш л МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын дайралтууд намайг чиглэсэн. Тэсч суух аргагүй байдалд оруулсан. Гэмт хэрэгтэн гэж ярьж, хэлж байна. Үнэнийг хэлэхэд, ийм байхад шүүх шударгаар шүүнэ гэхэд итгэхгүй байна. Үнэндээ сонгуульд намайг нэр дэвшүүлэхгүй байх зорилгоор л нийгмийн тархийг угааж байна. Шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл би гэм буруугүй гэдгээ хариуцлагатай мэдэгдэж байна. Мөн Д.Амарбаясгаланд хотын дарга болох санаархал бий. Улаанбаатар хотоо эрх биш Д.Амарбаясгалан ЖДҮ-чингээр удирдуулах дээрээ хүрээгүй гэв.
Э.Бат-Үүл: У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан хамтдаа өрсөлдье |
|