Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо жил бүр өсч 2018 оны эцэст 418 мянгад хүрсний 311 мянга нь өндөр насны тэтгэвэр авагч байна. Хэдийгээр нийгмийн даатгалын хамралт жил тутамд өсч 2018 оны эцсийн байдлаар 1.2 сая даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэл төлж, тэтгэврийн даатгалын сангийн орлого жил бүр нэмэгдэж байгаа ч хүн амын насжилт нийт хүн амд эзлэх ахмад настны хувийн жингийн өсөлттэй холбоотойгоор нийгмийн даатгалын сангийн зардал орлогоос хурдацтайгаар өсч байна. Тэтгэврийн даатгалын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг харуулсан тоо баримт, үндэслэлүүдээс харахад нэг талаас дан ганц улсын нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврээр даатгуулагч ирээдүйн амьжиргааны зардлаа бүрэн хангах боломжгүй, нөгөө талаас насжилт хурдсах үед төр дангаараа тэтгэврийн сангийн алдагдлыг бүрэн хариуцахад хүндрэлтэй. Иймд даатгуулагчийн олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай гэж үзээд УИХ-аас тэтгэврийн шинэчлэлийг бодлогын түвшинд боловсронгуй хөгжүүлэх арга замыг судалж, санал шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Учрал болон ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, З.Нарантуяа нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Өнөөдөр тэтгэвэр авч байгаа хүмүүсийн 91 хувь нь 500 мянган төгрөг хүртэл тэтгэвэр авч байгаа бол 80 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доош тэтгэвэр авч байна. 53 хувь нь 350 мянгаас доош буюу нийт тэтгэвэр авч байгаа нь эмзэг бүлэгт хамаарагдахаар байна. Иймээс цаашид тэтгэврийг нэмэгдүүлэхийн тулд Хувийн тэтгэврийн хуулийг боловсрууллаа. Өнөөдөр НДШ-д төлж байгаа иргэд НДШ-ийнхээ 17 хувийг тэтгэврийн даатгалд төлдөг бол энэ хуулиар 17 хувийн шимтгэлийн 4 хувийг хувийн тэтгэврийн санд хийх буюу сонголт хийх эрх зүйн зохицуулалт бүрдэх юм. Ингэснээр сая төгрөгийн цалинтай хүн дөрвөн хувь буюу 40 мянган төгрөгийг хувийн тэтгэврийн сандаа төлнө гэсэн үг. Ингээд хуримтлал бий болж, хүүгээс хүү бодох аргачлалаар бодвол хуримтлал өсөх боломжтой. Тухайлбал, 800 мянган төгрөгийн цалинтай хүн сард дөрвөн хувийг хувийн тэтгэврийн санд төлбөл 30 жилийн дараа 76 сая гаруй төгрөгийн хуримтлал үүснэ. Энэ мөнгийг үр хүүхдэдээ өвлүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой. Сар бүр 461 мянган төгрөгийн тэтгэвэр бодогдоно гэсэн үг. Тиймээс төрийн тэтгэврийн сангаас авч байгаа 316 мянган төгрөгтэй нийлээд 777 мянган төгрөгийн тэтгэвэр авна гэсэн үг. Одоо бол 17 хувиа төлөөд байгаа мөртлөө 30 жилийн дараа 414 мянган төгрөгийн тэтгэвэр авна. Хувийн тэтгэврийн сан байгуулагдсанаар тэтгэврийн хэмжээ нэмэгдэнэ. Мөн тухайн санд хуримтлал үүсгэсэн иргэн орон сууцны урьдчилгаандаа тус хуримтлалаасаа суутгаж орох боломжийг энэ хуулиар нээж өгнө.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Нийт тэтгэвэр авагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа учраас төлж буй эх үүсвэрээрээ 100 хувь тэтгэврээ олгож чадахгүй улсын төсвөөс нэмэлт зардал гаргадаг. Улсын төсвөөс жилд 600 тэрбум орчим төгрөгийн татаас авдаг. Хэрэв тэтгэврийн шинэчлэл хийхгүй бол дээрх татаас 1 их наяд хүрнэ. Хоёрдугаарт, хувийн тэтгэврийн санг бий болгосноор иргэдэд илүү их боломж, үйлчилгээнүүд нээгдэнэ. Мөн санхүүгийн зах зээлээ хөгжүүлэхэд хувийн тэтгэврийн сан чухал үүрэгтэй.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Түүнчлэн хувийн тэтгэврийн хуримтлал бүрдүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, эрсдлээс урьдчилан сэргийлэх, төлбөрийн чадварыг хангах эрх зүйн зохицуулалттай болох юм. Тэтгэврийн тогтолцоо дотроо олон янз. Олон улсын түвшинд ихэнх улс орон хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог улсын тэтгэврийн тогтолцооны нэмэлт байдлаар нэвтрүүлсэн байдаг ба хөрөнгийн зах зээлийн хамгийн том хөрөнгө оруулагч нь хувийн тэтгэврийн сангууд, даатгалын компаниуд байдаг байна. Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах судалгаагаар хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог амжилттай хэрэгжүүлсэн 7 улсын туршлагыг нарийвчлан судалж үзэхэд хувийн тэтгэврийн нэмэлт хуримтлал бүрдүүлэх асуудлыг төрийн зүгээс дэмжих нь оновчтой шийдэл болдог аж. Манай улсад хувийн тэтгэврийн харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдээгүй ч, зарим байгууллага хувийн тэтгэврийн сан байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байгаа ч эрх зүйн зохицуулалтгүйн улмаас хувийн тэтгэврийн санд мөнгө төлсөн даатгуулагч, ажилтны эрх ашиг зөрчигдөх, улмаар тухайн сан дампуурах тохиолдолд хэрхэх, эсхүл эрсдэлд орохоос хэрхэн сэргийлэх арга зам тодорхойгүй байна. Иймээс энэ бүх харилцааг одоогийн нийгмийн даатгалын багц хуулиар зохицуулах боломжгүй тул тусдаа хууль тогтоомжоор зохицуулах шаардлагатайтай юм. Бид боловсруулсан хуулийн төсөлдөө холимог төрлийг нь тусгаж байгаагаараа онцлог. Дэлхийн олон улсад энэ төрөл хэрэгждэг. Ялангуяа санхүүгийн зах зээлд тэтгэврийн даатгалын сан идэвхитэй оролцдог. Энэ хууль дараагийн парламентаар хэлэлцэгдээд 2020 ондоо батлагдана гэж найдаж байна.
Тэтгэврийн хуримтлалаараа орон сууцанд орох боломжтой |
|