Мягмар, 2024-11-26
МАН-ын “хөзөр” нөгөөдөр тодорно

МАН-ын Бага хурлаа энэ сарын 16-нд хийхээр тов зарласан. Иймээс олон нийт МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг багаа хэрхэн бүрдүүлснийг чих тавин хүлээх л үлдлээ. 
Намын удирдлагаас нэр дэвшихээр горилогчдоос ямар нэг татаас, хандив авахгүй гэдгээ эрт мэдэгдсэн. Дээр нь “Шударга, мэргэшсэн боловсон хүчин, өөрийн хүнээ нэр дэвшүүлнэ” гэж тэрбээр өөрийн биеэр онцолж хэлсэн. Хамгийн гол нь ЖДҮ-гээс зээл авсан, бусдыг зээл авахад нөлөөлсөн гэдгээрээ УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзахад хүрсэн тодорхой нэр бүхий гишүүдээ дахин УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэдгээ ч албан ёсоор зарлаж энэ мэдэгдэл нь олон нийтэд хүрч, нийгэмд хүлээлт үүсгэсэн. Хэрэв ЖДҮ-чин гишүүдээ дахин нэр дэвшүүлбэл олон нийт түүнд мөн МАН-д итгэл алдрах нь тодорхой. Тийм ч учраас намаасаа ямар багийг сонгуульд авч орох вэ гэдэгт толгойгоо нэлээдгүй гашилгаж суугаа нь тодорхой. Яагаад гэвэл, түүний сонгосон 76 хүнээс МАН болон түүний цаашдын хувь заяа шууд хамаарна.
Нөгөө талаар ЖДҮ-ийн зээлдэгч, зээлд зуучлагч нарын дунд зөвхөн МАН-ын гишүүн гэлтгүй намын даргатай ойр дотно харилцаатай ах дүү төдийгүй анд нөхөд нь бий. Иймээс тэд дахин УИХ-ын гишүүн болохыг хүссэн замд нь саад болсон намын даргадаа сайхан сэтгэлийн ерөөл өргөхгүй нь лавтай. Ийм ч учраас намын даргынхаа сонголтод багтаж чадах эсэхдээ эргэлзсэн “асуудал”-тай гишүүд хоёр талд хэсэг, хэсгээрээ буюу ЖДҮ-чид нэг талд, эсрэг талд нь 60 тэрбумын нөхөд уулзалдаж “хор” найруулж яваа сурагтай. Одоогийн байдлаар, МАН-ын ЖДҮ-чин гишүүдээс Б.Батзориг, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, А.Сүхбат нар 2020 оны сонгуульд нэр дэвшихгүй нь тодорхой болсон. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар хоёрын хувьд намынхаа сонгуулийн төв штабт ажиллаж дараа нь сайдын суудалд санаархахаар бэлтгэж байгаа нь хэдийнэ ил болсон. Д.Дамба-Очир, Л.Энхболд, Б.Ундармаа, Б.Батзориг нарын хувьд хууль, шүүхийн байгууллагаар шалгагдаж буй. Тэгвэл У.Хүрэлсүх үлдсэн ЖДҮ-чин гишүүдээ мөн адил сонгуульд нэр дэвшүүлэхгүй, ижил тэгш хандаж чадах эсэх нь бас л эргэлзээтэй. Намдаа муу нэр зүүлгэсэн гишүүдийг бүгдийг нь нэр дэвшүүлэхгүй байх чин хүсэл У.Хүрэлсүхэд мянгантаа байвч, хүч нь хүрэхгүй өчнөөн шалтгаан байгааг нуух юун. Авлигачдаасаа бүрмөсөн салаад дан нэр цэвэр, шинэ хүн дэвшүүллээ гэхэд авлигачид нь эргээд ноцох нь ч дамжиггүй. Ингээд бодохоор МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд хөзрөөс хасагдсан хэр олон “дайсан” хаалганы цаана нуугдаж байгааг таашгүй. ЖДҮ-чдээ багтаа авч баярлуулах уу, эсвэл олон нийтийн итгэлийг хариулж,  ЖДҮ-чдэдээ хариуцлага тооцох уу гэдэг түүний сонголт нөгөөдөр ил болно.
 

МАН-ын “хөзөр” нөгөөдөр тодорно
2020-05-14 10:46:42
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0