Монгол Улс бол парламентын засаглалтай орон юм. Хууль тогтоох дээд байгууллага нь Улсын Их хурал. Тийм учраас Улсын Их хурлын дарга нь парламентын засаглалынхаа үүднээс улс орны тэргүүнд тооцогддог. Г.Занданшатарын хувьд Монгол Улсын тэргүүнд тооцогдох тийм өндөр албан тушаалтай хүн. Гэтэл тэрээр монгол төрийн албан хаагчдаа зомби буюу амьд үхдэл гэж доромжиллоо. Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохдоо ноён спикер төрийн албан хаагчдаа Энэтхэгийн кастын систем шиг хуваасан, тэгэхдээ тав хуваасан. Нэгд нь зомби буюу амьд үхдэл гэж хэлсэн. Хоёрт нь хорлон сүйтгэгчид гэж зарласан. Өнгөрсөн онд 810 сая төгрөгийн хохирол төрд учруулсан байна гэдгийг хэлсэн. Тэгээд гуравт нь муу гүйцэтгэгчид, ажлыг хагас дутуу чанаргүй хийдэг гэж цоллосон. Харин дөрөвт нь сайн гүйцэтгэгчид гэх боловч энэ хэсэгт маш цөөхөн хүн хамаарна гэдгийг онцолсон. Тавд нь ялагчид гэж байгаа боловч Занданшатарын хэлснээр энэ хэсэгт багтах хүн Монголын төрийн албан хаагч дунд байхгүй бололтой. Зомби болон хорлон сүйтгэгчид нийт албан хаагчдын ихэнх хувийг эзэлж байгаа ажээ.
Парламентын засаглалтай орны хууль тогтоох дээд байгууллагын дарга хүн төрийн албан хаагчдаа ингэж гутаан доромжилж, нэр төрд нь хэрцгий хандаж болохгүй ээ. Энэ бол арай хэтэрсэн, дэндсэн асуудал боллоо. Их хурлын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдаа ингэж гутаан доромжилсныхоо төлөө албан тушаалаасаа огцрох болзлоо хангалаа гэж үзэж болно. Парламент ёсыг, Монгол төрийг бэхжүүлэх үүрэгтэй Их хурлын дарга хүн төрийн албан хаагчдаа санасныхаа зоргоор доромжилж, байж боломгүй муухай үгээр дайрч давшлан нэр хүндэд ноцтойгоор халдсан нь эмгэнэл.
Энэ бол спикерийн байтугай Их хурлын гишүүний ёс зүйд нийцэхгүй. Төрийн албан хаагчаа амьд үхдэл болгон доромжилно гэдэг төрт ёсоо доромжилж гутааж байгаагаас ялгаагүй. Ер нь манай үе үеийн удирдлагууд, төрийн өндөр албанд очсон бүхэн төрийн албан хаагчдаа үзэж чаддаггүй нь сонин. Сүүлийн үеийн эрх баригчдаас П.Очирбат гуай, Н.Багабанди гуай хоёр л төрийн албан хаагчидтайгаа зүй ёсны хувьд харилцаж байсан байх. Бусад төрийн тэргүүн болоод Их хурлын дарга, Ерөнхий сайдууд төрийн албанд зүтгэж байгаа нөхдөө дандаа муулчилдаг, элдэв хоёроор хэлдэг. Ерөөс хамгийн гол дайсан мэтээр үзэж хонзогнодог. Авлигач, хулгайч, адгийн шаар, хүний мөсгүй гээд л есөн шидээр хэлж, занаж, зүхэж доромжилдог. Энэ бүхний төгсгөлийг Занданшатар гэдэг хүн ном ёсоор нь хийчихлээ. Занданшатар та Монгол төрийн дархлаа, төр оршихуйн үндсэн баталгаа нь болсон төрийн албан хаагчдаа амьд үхдэл зомби гэж доромжилчихоод ямар нүүрээрээ одоо хууль ёс, төрт ёс гэж ярих хэрэг вэ. Үе үеийн удирдагч нарт элдэв дээдээр хэлүүлж дорд үзэгдэн доромжлуулж ирсэн төрийн албан хаагчид тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв гэгчээр өөрсдийг нь амьд үхдэл болгосон Занданшатарыг Их хурлын даргын суудлаас нь огцруулах хөдөлгөөн өрнүүлэх нь мэдээж.
Үндсэн хуулийн Цэцэд өгөхөөр яригдаж байна. Занданшатарын хувьд огцрох болзлоо хангачихсан нь гарцаагүй л дээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
Г.Занданшатар төрийн албан хаагчдаа "ЗОМБИ" хэмээн доромжилж огцрох болзолоо хангалаа |
|