УИХ дахь Ардчилсан нам /АН/-ын зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус зөвлөлөөс УИХ завсарлаж байгаатай холбогдуулан 2016-2020 онд УИХ болон Засгийн газрын үйл ажиллагаанд хийсэн дүгнэлт болон АН-ын хийсэн ажлын талаар товч мэдээлэл өгсөн юм.
АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН-ын бүлгээс нийт УИХ болон Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд цаг үеийн асуудлаар нийт 32 удаа асуулга тавьж, бүлгийн гишүүд дангаараа 58 хуулийг санаачилсан. Тухайлбал, улстөрийн хэргээр хилмэгсдийг цагаатгах, ар гэрт нь нөхөн олговор олгох тухай хууль нь УИХ-ын босгыг давж зарим хууль нь батлагдаж, зарим нь хэлэлцүүлгийн шатанд явна. Мөн энэ хугацаанд АН-ын бүлгээс УИХ-ын даргад есөн удаа, Ерөнхий сайдад 22 удаа шаардлага хүргүүлсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-аар шийдвэрлэсэн хамгийн том зүйл нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт байлаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад Ардчилсан намын бүлэг санаачлагатай ажилласан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр далимдуулан ардчиллын баталгаа, ардчилсан парламентыг үгүй болгох үйл явц болох вий гэдэг болгоомжлолоос үүдэн намын зүгээс хатуу байр суурьтай ажилласан. Дээрх нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх үеэр баялгийн тухай асуудал, баялгийн хүртээмжийг хангах, иргэддээ тэгш хуваарилах тухай асуудалд саналаа оруулсан нь дэмжигдсэн. Ер нь бидний гаргасан зарим гол, гол санал дэмжигдсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэх асуудал, УИХ-ын гишүүн давхар дээлтэй байхыг бууруулах зэрэг асуудал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд бодитоор суусан. Ардчилсан парламентын өөрийн байх зүй тогтлоор Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн дагуу парламентаас сонгох санал унасан. Ингээд дүгнэхээр АН-ын бүлгийн гишүүд хэдийгээр цөөхөн байсан ч ардчилсан Монгол Улсаа хамгаалах, ардчиллаа хамгаалах үйлсэд өөрсдийн хувь нэмрийг бодитой оруулж чадсан. Харин үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн Монгол Ардын нам /МАН/-ын дөрвөн жилийн ажлыг дүгнэхэд эргэж буцсан жил байлаа. Бодитой бүтээн байгуулалт хийж чадаагүй, бодлогогүй ажилласан, УИХ-ын гишүүд болон төрийн бүх шатны алба хаагчдын ёс зүй алдагдсан он жил байлаа. Өнгөрсөн дөрвөн жилд төрийн алба хаагчдын сахилга бат хариуцлага, үүн дотор УИХ-ын гишүүдийн ёс зүй үнэхээр алдагдсан гэдгийг ард түмэн нүдээрээ харсан. Ер нь эрх баригчид олон буруу шийдвэр гаргасан.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Эрдэнэтэд Онцгой дэглэм тогтоолоо гэх асуудлар 197 гэрээ хууль бусаар хийсэн. Эдгээрийн 70-80 хувь нь хятадуудтай байгуулсан гэрээ. Гэрээний нийт үнийн дүн нь багадаа 150 сая ам.доллароос давсан. Өнөөдөр Эрдэнэтийн 49, 51 хувийн асуудлыг шийднэ гэж хэлээд шийдээгүй. 60 тэрбумын асуудлыг мөн л шийдээгүй. АН бүх аймаг нийслэл хот буюу бүх нэгжид Ардын нам бараг 100 хувь ялсан. Гэтэл өнөөдөр 14 засаг дарга нь авлигын хэргээр шалгагдаж байна. АТГ-д 3-4 жил шалгагдаж байна. Өнөөдөр ард түмэн ядуу, Ардын нам баян байна гэдэг үг үнэн, тодорхой болчхоод байна.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: 2016-2020 онд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг харвал 70 орчим хувьтай биелэгдсэн гэж үнэлж байгаа. Бодит байдал дээр Засгийн газрын мөрийн хөтөлбөр 70 хувиар биелсэн үү гэвэл үгүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаснаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дотоодын үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн байна. Өнөөдрийн байдлаар томоохон үйлдвэрүүд зогссон. Эдийн засаг 6-8 хувиар өссөн гэсэн боловч иргэдийн амьдралд нөлөөлөхгүй, хүртээмж гэр бүлүүдэд хүрч чадаагүйг статистик харуулж байна. Гэр бүлийн орлого нэмэгдсэн статистик гарч байгаа ч задлаад үзвэл халамжаар нэмэгдсэн байна. АН-ын бүлгийнхнээс эдийн засгийг тэлэх хуулийн төслүүд өргөн барьсан боловч эрх баригчид хэлэлцээгүй хэмээн мэдээлсэн юм.
Б.Эрдэнэбат: Хэдий бид цөөхүүлээ ч ардчиллаа хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж чадсан |
|