АН-ын сонгуулийн төв штабаас УИХ-ын 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нарыг Сонгуулийн тухай хууль зөрчиж, Бат-Өлзий суманд урлагийн тоглолт зохион байгуулсан хэмээн хэвлэлийн бага хурал хийж мэдэгдсэн. Тэгвэл бодит байдал дээр асуудал өөр байсан ажээ. МАН-ын НБГ-ын дарга Г.Баярбаатар энэ асуудлаар тайлбар хийсэн байна. Тэрбээр:
-Өвөрхангай аймгийн намын хороотой холбогдож, энэ асуудлыг тодруулахад манай гурван нэр дэвшигч үүнд холбогдолгүй гэж мэдээлсэн. Энэ сарын 2-ны өдөр сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл нэр дэвшигчид Бат-Өлзий суманд очиж иргэд, сонгогчидтойгоо уулзалт зохион байгуулаагүй. Хуваарийн дагуу энэ сарын 10-ны өдөр тус суманд уулзалт зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. АН-аас Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигчид хууль зөрчсөн нь тогтоогдсон мэтээр олон нийтэд мэдээлсэн. Хуулиараа аль нэг улс төрийн хүчин зөрчил гарсан уу, үгүй юу гэдгийг тогтоохгүй. Хууль хяналтын байгууллага шалгаж, нотлох баримтад үндэслэж тогтоодог. Өвөрхангай аймгийн МАН-ын хорооноос үнэн, зөвийг тогтооолгохоор цагдаагийн байгууллагад хандсан. Удахгүй үнэн мөн нь тогтоогдох байх. Ер нь энэ танил технологи. 2012 онд иймэрхүү зүйл болсныг Өвөрхангай аймгийн сонгогчид мартаагүй. 2012 онд манай намын ухуулагчийн хувцсыг хоёр хүүхдэд өмсгөж, араас нь фото зургийг нь авч, олон нийтэд энэ байдлаар мэдээлж байсан. Улмаар хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан. Гэтэл Өвөрхангай аймагт болсон асуудлыг Хан-Уул дүүргийн шүүхээр шийдвэрлүүлж, манай нэр дэвшигчдийн сонгогдох эрх, иргэдийн сонгох эрхэд шууд халдсан улстөржсөн үйлдлүүд гарч байсан. Бид ийм үйлдлийг дахин давтах ёсгүй гэж үзэж байгаа. Иймээс бусад улс төрийн намуудад сонгуульдаа шударгаар өрсөлдөхийг уриалж байна.
Г.Баярбаатар: 2012 онд иймэрхүү зүйл болсныг Өвөрхангайн сонгогчид мартаагүй. Энэ бол танил технологи |
|