Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нарын хамт өнөөдөр Өвөрхангай аймгийн иргэд сонгогчидтой уулзаж, хийсэн ажил, ирэх дөрвөн жилд хийх бодлого, хөтөлбөрөө танилцууллаа. Уулзалтыг нээж МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ:
-Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын сонгууль болоход цөөхөн хоног үлдлээ. Энэ удаагийн УИХ-ын сонгууль цар тахлын үед болж байгаагаараа онцлог болж байна. Дэлхийн олон улс оронд коронавирусийн цар тахал дэгдэж, олон мянган хүмүүсийн амь насыг авч одож, мөн тэр хэрээр олон мянган хүнийг өвчин зовлонд нэрвэгдүүлж, ажилгүй болголоо. Цагийн зүү зогссонтой адил дэлхий нийтийн амьдрал удааширч хүн төрөлхтөн хүндхэн нөхцөлд байна. Гэсэн хэдий ч бусад улс орнууд төр улсаа байгуулах, эмхлэн цэгцлэх парламентын сонгуулиа амжилттай зохион байгуулж байна. Үүний нэгэн адил Монгол Улс төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын сонгуулиа Үндсэн хуулийн хүрээнд цаг хугацаанд явуулж байна. ДЭМБ-ын ерөнхий захирал “Дэлхий цаашдаа хэзээ ч хуучин шигээ байхгүй. Нөхцөл байдал амаргүй байна. Гар барих төдийд амь насанд аюул учрах ийм нөхцөл байдалд бид байна. Геополитик, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт биш өчүүхэн төдий вирус биднийг байранд нь тавилаа. Бидний ертөнц амгалан тайван оршиход амаргүй байна. Коронавирус хамхуул мэт чимээгүй ажлаа хийсээр байна. Тиймээс бид сонор сэрэмжээ алдаж болохгүй үндэсний төвшинд эв нэгдэл, олон улсын төвшинд хамтын ажиллагаа чухал байна” гэж хэлсэн. Ийм нөхцөл байдалд та бид амьдарч байна. Гэхдээ Монгол Улс тайван сайхан байна. Дэлхийн тусгаар тогтносон улс орнуудаас цар тахал дэлгэрээгүй, нэг ч хүн амь насаа алдаагүй цорын ганц улс Монгол болж үлдэж байна. Энэ бол монголчууд бидний том амжилт. Өвчин хэлж биш хийсч ирдэг. Тиймээс бид цаашид улам хариуцлагатай байх хэрэгтэй. Ард иргэд, улс орныхоо төлөө цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн байгууллага, төрийн тусгайгийн алба хаагчид, төрийн албан хаагчдад Өвөрхангайчуудынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэв.
Үүний дараа тэрээр эрүүл хүнсээр иргэдээ хангах, эрчим хүчээр эх орноо хангах, газрын тос боловсруулагч орон болох, дэд бүтцийн асуудлаа шийдэх зэрэг улс орны хөгжлийн тулгуур үндэс гэж тодорхойлсон таван асуудлын талаар мэдээлэл өгч, МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтоо танилцуулахад Өвөрхангай аймгийн иргэд сонгогчид сэтгэл хангалуун хүлээж авсан. Мөн тэрээр МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт МАН-наас нэр дэвшиж буй Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нарыг багаар нь дэмжихийг уриалж хэлсэн үгэндээ,
-Өвөрхангай аймаг бол төрийн ажлын залгамж чанарыг маш сайн хадгалдаг аймаг. Нэр дэвшиж байгаа дарга нар бүгд ийм замаар явсан. Түүний нэг жишээ бол Г.Ганболд дарга. Аймгийн засаг дарга байсан хүн төрийн бодлого тодорхойлоход оролцоно гэдэг их чухал. Төр түшилцэж байгаа 2 маань ч аймаг, орон нутгаа удирдаж байсан. Ийм учраас би хэд, хэдэн аймаг орон нутгийн Засаг дарга нарын нэрийг дэвшүүлсэн. Сайн ажиллаж, аймаг орон нутгаа нэр төртэй авч явж байгаа шилдэг тэргүүний аймгуудын засаг дарга нарыг нэрийг дэвшүүлсэн. Тэдний нэгдүгээрт Г.Ганболд дарга жагсч яваа. Энэ 3 даргыг байхад Өвөрхангай аймаг маань Улаанбаатар хот шиг болжээ. Маш сайхан өнгө зүстэй. Ирэх болгонд өнгө зүс нь засагдсан. Энэ бүхэн аймаг орон нутгийг удирдаж байсан үе, үеийн дарга нартай шууд холбоотой. Төрийн бодлогыг тодорхойлоход аймаг, орон нутгийн дарга нарын оролцоо чухал.
С.Чинзориг сайд бол нийгмийн хамгааллын чиглэлээр цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд оролцоно. Энэ бол бие даасан шинжлэх ухаан. Үүн дээр С.Чинзориг сайд ажиллана. Хөдөлмөрийн аюулгүй байдлаас эхлээд энэ улс орны нийгмийн чиглэлийн бүх ажлууд дээр С.Чинзориг сайд сууж төрийн бодлогыг тодорхойлно. Д.Тогтохсүрэн дарга төрийн байгуулалтын чиглэлээр явсан. Төрийн ажил амьдралын том туршлагатай. Энэ чиглэлээр энэ хүн л дуугарч ажиллана. Харин Г.Ганболд дарга орон нутгийн хөгжлийн асуудлаар төрийн бодлого тодорхойлоход оролцоно. Ингэж салбар, салбарын төлөөлөл мөн ахмад, дунд, залуу үеийнхэн, эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцож байж энэ парламент бүтэн болж төрийн бодлогыг жинхэнэ шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж ирэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Ийм учраас МАН салбар, салбарын мөн нас, насны, аймаг орон нутгийн төлөөллөөс сонгож энэ парламентэд 76 хүний нэрийг дэвшүүлсэн. Улсынхаа Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжиж өгөөрэй гэж хүсье. Бид хариуцлага үүрч ажиллана” гэв.
Уулзалтын үеэр иргэд сонгогчидтой уулзаж, эх орноо хөгжүүлэх, эдийн засгаа өсгөх, шударга ёсны хувьсгалыг үргэлжлүүлэх, ард олныхоо амьдралын чанарыг сайжруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг үе шаттай бууруулах “Хөгжлийн гэрээ 2020-2024” мөрийн хөтөлбөрөө олон түмэндээ танилцуулж, өргөн олноосоо урмын үг, итгэлийн хүч авч багаар нь дэмжин сонголт хийхээ иргэд уухайлан түрж байсан юм.
У.Хүрэлсүх: Өвөрхангайнхан төрийн залгамж чанарыг маш сайн хадгалж явдаг |
|