Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг өнөөдөр 02.00 цагийн орчимд Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид саатуулсан байна. Шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан энэ сарын 11-нд эхэлсэн ч шүүгдэгчдийн хүсэлтийн дагуу 5 хоног хойшилсон юм. Энэ үер шүүх хуралд Б.Отгонбаатарын өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалгаангүйгээр ирээгүй, Ж.Эрдэнэбат нь өнгөрсөн сарын 15-наас буюу хэрэг шүүхэд шилжсэнээс хойш шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй гэсэн үндэслэлээр ийнхүү цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Уг шийдвэртэй холбогдуулан МАН-аас СЕХ-нд шаардлага хүргүүлсэн билээ.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар ажиллахдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа аж. Тодруулбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Улаан сайр-2 хэмээх 1462.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констрашкн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх асуудлыг шалгуулахаар АТГ-т иргэд хандаж байсан. Уг асуудлыг хуулийн байгууллагууд шалгаж, улмаар шүүхийн шатанд шилжээд буй нь энэ юм.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг албадан баривчилжээ |
|