“ДАЯАР МОНГОЛ ХӨДӨЛГӨӨН", "ХӨХ МОНГОЛ БҮЛГЭМ"-ийн тэргүүн, сэтгүүлч, зохиолч Хон хэрээдийн Б.Энхбат өнөөдөр /2020.06.16/ мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ-ын сонгуулийн 12-р тойрог буюу Сүхбаатар аймаг Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж буй Засаг дарга асан Ж.Батсуурийг шалгуулахаар АТГ-т өгч буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр “Юуны түрүүнд би өөрийгөө мэргэжлийн сэтгүүлч, зохиолч гэдгээ хэлэх нь зүйтэй болов уу. Сүхбаатарт аймагт АН-аас нэр дэвшиж буй Ж.Батсуурь болон түүний сонгуулийн штабын хүмүүс миний цахим хаягтай яг адилхан хаягийг хуурамчаар нээж өрсөлдөж буй нэр дэвшигч А.Төмөр-Очир, Т.Ганди Б.Энхтөр нарыг гутаан доромжлох материалыг нийтэлсэн. Иймээс ЦЕГ-ын цахим гэмт хэрэгтэй газарт дээрх гүтгүүлсэн хүмүүсээс гомдол очиж намайг албан ёсоор гэмт хэрэгтэн хэмээн шалгуулсан. Тодруулбал, намайг хуурамч материалаар нэр төрд алдсан гэх гэмт хэрэгт оруулсан. Үүнд тайлбар өгөхийн тулд өнөөдрийн энэ хэвлэлийн бага хурлыг хийж байна. 2007 онд томоохон албан тушаал хашдаг нэр бүхий 80 гаруй хүний албан тушаалаа урвуулан ашиглаж эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн талаарх баримт материалыг тухайн үеийн АТГ-ын даргад өгч байсан. Үүний дотор Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийн эрх мэдлээ урвуулан ашигласан гэх баримттай материалууд байсан. Гэвч намайг хэрэгт орсны дараа дээрх нэр бүхий хүмүүсийн хэрэг шалгагдаагүй өнөөдрийг хүрсэн байна. Би тухайн үед хэргээс гарсныхаа дараа мэргэжлийнхээ дагуу эдийн засгийн эрэн сурвалжлах ажлаа үргэлжлүүлэн хийж эхэлсэн. Ингэхдээ Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурьтай холбоотой дахин маш ноцтой баримтууд олсон. АН-аас Сүхбаатар аймагт нэр дэвшиж байгаа Ж.Батсуурьтай холбоотой, эдийн засгийн гэмт хэрэг холбоотой өөрийнхөө эрж хайж цуглуулсан баримтынхаа түрүүчээс АТГ-т албан ёсоор өгч байна. Дээрх материал дотор Засаг дарга хийж байх хугацаандаа өөрийнхөө эхнэр Ж.Гантулгын нэр дээр бүртгэлтэй компани нь орон нутгийн төрийн өмчид компанид төлөх байсан олон зуун сая төгрөгний төлбөрийг албан тушаал эрх мэдлээ ашиглан хэрэгсэхгүй болгосон. Мөн гадаадын компаниудад хууль бусаар маш олон лиценз олгосон байх жишээтэй. Эдгээрийг сэтгүүлч хүний хувиар эрэн сурвалжилж явахад лиценз олгоход аймгийн Засаг дарга оролцдоггүй гэх тайлбарыг өгч байсан. Гэхдээ Ашигт малтмалын газар лиценз олгохдоо аймгийн Засаг дарга болон Иргэдийн хурлын төлөөлөгч нартай заавал зөвшилцөж эцсийн шийдвэр гаргадаг учраас үүнд оролцсон гэж үзэж байгаа юм.
Гэхдээ сонгуулийн сурталчилгааны үеэр энэ хүний тухай ямар нэгэн албан ёсны гомдол гаргахгүй гэж бодож байсан. Гэвч гомдол гаргахаас өөр аргагүй байдалд намайг хүргэлээ” гэсэн юм. Энэ мэт хэргүүд нь нэхэмжлэгч байхгүй гэх үндэслэлээр хаагдах тохиолдлууд бий. Тиймээс АН-аас нэр дэвшигч, Засаг дарга асан Ж.Батсуурьтай холбоотой хэргийн нэхэмжлэгчээр албан ёсоор шүүх прокурорын байгууллага дээр төлөөлж явна гэдгээ онцоллоо.
Д.Болор
Unen.mn
Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурийг шалгуулахаар АТГ-т өглөө |
|