Баруун-Уртыг “байлдан дагуулсан” Ж.Батсуурь гэх даргын нэр байн байн дуулддаг байлаа.Тэрбээр 2008-2016 он хүртэл Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллах хувь тохиосон азтай эр. Аймгийн Засаг дарга байхад нь АН-ын эрх баригчид Сүхбаатар аймгийг улсын тэргүүний хэмээн нэрлэж, мань эрийн нэр төр ч гэрлийн хурдаар өсч байсан үе бий. Гэвч энэ гэрэл гээгээний цаана хар бараан сүүдэр нуугдаж байсан нь хожим тодорхой болжээ.
2016 оны намраас л Батсуурь даргын талаархи таагүй мэдээлэл тал нутгаасаа хальж хэвлэл мэдээлийн хуудсыг эрээлэх болсон. Энэ нь улс төржилт огтхон биш байсныг хожим өгүүлэх баримт сэлтээс харагдах биз ээ. Хэнд эрх мэдэл буй түүнд нүгэл буй гэх үг бий. Батсуурийн засаглаж байх үеийн гэм зэмээс цувралаар хүргэж байна. Гэхдээ баримттай нотолгоотой зүйлийг л мэдээлнэ. Ингэх нь сонгууль ойртсон үед сонгогчдын ой тойнд дахин нэг сануулах нь иргэдийн шударга ёсны хүсэмжлэлтэй нийцнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Засаг дарга асан Ж.Батсуурийг 2016 оноос эхлэн Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба болон АТГ шалгаж эхэлсэн байдаг. Тухайн үеийн ЦЕГ-ын дарга асан Энхтөрийн ХЗДХЯ-д хийсэн танилцуулгад “барилга угсралтын ажил нь бүрэн дуусаагүй, улсын комисс хүлээж аваагүй барилгыг 845 сая төгрөгөөр худалдаж авсан зэрэг санхүүгийн будлиантай 6 асуудлаар Ж.Батсуурийг шалгаж байгаа”-г дурдсан нь бий.
2016 оноос хойш хоёр жилийн хугацаанд түүнийг Засаг даргаар ажиллах сүүлийн 4 жилийн хугацаандаа төсвийн хуулийг ноцтой зөрчиж, төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсантай холбон шалгаж байжээ. Үүний улмаас аймаг орон нутагтаа 8.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг Эдийн засгийн цагдаагийн алба болон АТГ, ЗГХГ-ын ажлын хэсэг зэрэг гурван ч байгууллагын шалгалтаар хөдөлшгүй баримтаар тогтоосон байдаг.
8.9 тэрбум төгрөг гэдэг 9 сумын нэг жилийн төсөвтэй тэнцэнэ. Ингэж харвал хэр хэмжээний хөрөнгө санхүү үр ашигггүй зарцууулж, үлдэх мөр харагдах бараагүй шахам үрэгдсэн нь төсөөлөгдөх биз ээ.
Эдийн Засгийн цагдаагийн алба болон АТГ-ын шалгалтын мөрөөр ЗГХГ-аас ажлын хэсэг гаргаж асуудлыг газар дээр нь шалгасан. Тэр баримтуудыг нь үндэслэн Нийслэлийн прокурор албан тушаалын гэмт хэрэгт зүйчлэн энэ дагуу АТГ чиг үүргийнхээ хүрээнд шалгаж тогтоожээ.
Гэвч энэ хэрэг шалгагдаж шүүхэд шилжихээр хянагдаж байх явцад нийслэлийн Ерөнхий прокуророор ажиллаж байсан Баярмагнай хэргийг гэнэт хэрэгсэхгүй болгосноор энэ хэрэг замхарч мартагдсан байдаг. Шударга ёс ийнхүү хуулийн байгууллагын босгон дээр бүдэрч Ж.Батсуурь гэм зэмгүй нэгэн болж үлдсэн юм.
Эхний удаад бид 8.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан ерөнхий мэдээллийг хүргэж байна. Харин дараагийн удаад ямар арга замаар ийм хэмжээний хөрөнгө мөнгө үрэгдсэн болон Ж.Батсуурь ахынхаа хамаарал бүхий компанийг төрийн мөнгөөр хэрхэн харж үзсэн, бэр эгч, ангийн найз гэхчлэн төрийн албыг төрлийн алба болгож байсан баримтуудыг мэдээлэх болно.
Ж.Батсуурийн хийсгэсэн 8.9 тэрбум төгрөг |
|