Мягмар, 2024-11-26
УИХ-ын гишүүнийг цагдан хорьсныг хууль тогтоогчид юу гэж үзэв?

 
УИХ-ын гишүүн, Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшигч Жаргалтулгын Эрдэнэбатыг цагдан хорьсон үйл явдлыг хууль батлагчид болон хуульчид юу гэж үзэж байна вэ.
 
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Энэ аюул алсдаа их гай тарина
 
-Харамсалтай нь сонгуулийн үеэр шүүх, прокурорыг ашиглаад эхэлчихлээ. Шүүх энэ хэргүүдийг яагаад өмнө нь шийдээгүй юм бэ? СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр баривчилж болохгүй гээд биччихсэн байхад заавал энэ нэр дэвшигч нарыг ингэж бөөнөөр нь баривчлан, шүүх хурал хийгээд байгаа нь ямар учиртай юм бол?
 
Хуулийн байгууллага улс төрийн байгууллага болох аюул харагдаад л байсан юм. Ийм хуулийн байгууллагад улс төрийн туршилт  байна гэдэг аюултай шүү!!! Энэ байдлыг яаж ийгээд төгсгөх хэрэгтэй. Хуулийн байгууллага улс төрийн цагдаагийн үүрэг гүйцэтгэх, ялангуяа энэ сонгуулийн үеэр бөөнөөр нь ингэж бужигнуулах нь сайн юманд хүргэхгүй шүү.
 
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар: Ийм шийдвэр гаргасан шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэх ёстой
 
Нэгдүгээрт, СЕХ ажлаа хийх ёстой. СЕХ энэ нэр дэвшигчдийн сонгуулийн хугацаан дахь халдашгүй байдлыг хангах үүрэгтэй. Хоёрдугаарт, Анхан шатны шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхийн шийдвэрүүд нь хүчингүй болгох ёстой. Тэгээд ийм шийдвэр гаргасан хүмүүст Шүүхийн мэргэжлийн хороо, Шүүхийн ёс зүйн хороо хариуцлага хүлээлгэх ёстой. Монгол улсын Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг зөвлөлийг хуралдуулж ийм шийдвэр гаргасан шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх ёстой. Шүүгч нарт нь эрүүгийн хэрэг үүсгэж, шалгах ёстой.
 
Би өөрөө өмгөөлөгч байсан. Хэзээ ч манай улсын эрүүгийн шүүхийн практикт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт таслан сэргийлэх арга хэмжээг ийм өндөр тогтоож байсныг би огт сонсоогүй. Арван тэрбум төгрөг гэдэг бол дөрвөн банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн сангийн хэмжээ. Тэгэхээр энэ бол боломжгүй шийдвэрийг зориуд тулгалт хийж үүсгэж байгаа юм. Шүүхийн процесс угаасаа таслан сэргийлэх арга хэмжээтэй, хэмжээгүйгээр явагдах ёстой. Заавал цагдан хорьж, энэ хоёр хуулийг давж шүүхийн шийдвэр гаргасан шүүгч нарт эрүүгийн хэрэг үүсгэх ёстой.
 
УИХ-ын гишүүн, Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Д.Лүндээжанцан: Шинэ байгуулагдах УИХ хамгийн түрүүнд шүүхийн багц хуулинд өөрчлөлт оруулна
 
УИХ-ын гишүүнийг цагдан хорих зөвшөөрлийг УИХ өгдөг. Мөн СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр энгийн нэр дэвшигч байлаа ч гэсэн заавал зөвшөөрөл авч байж цагдан хорьдог. Гэтэл улайм цайм цагаан дээр хараар бичсэн хуулийн заалтыг гишгэж, нэр дэвшигч, УИХ-ын гишүүн хүнийг цагдан хорьж байгаа нь үнэхээр илт хууль бус үйлдэл мөн.
 
Бид ямар нийгэмд амьдарч байна вэ. Монгол Улсын Үндсэн хуулинд “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасан. Энэ яах вэ?!?
 
Шударга ёсыг тогтоодог, сахиулдаг, хэрэгжүүлдэг байгууллага нь шүүх. Гэтэл шүүх өөрөө буюу шүүгч нар нь хууль зөрчөөд ийм ажиллагаа явуулж байна шүү дээ. Шүүх гаргасан алдаагаа маш яаралтай залруулж, таслан зогсоох ёстой. Иргэн хүний хувьд ч хууль тогтоогчийн хувьд ч шаардаж байна.
 
Миний зүгээс шүүхэд гаднаас нөлөөлж байгаа асуудал биш. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд шинэ байгуулагдах УИХ-ын хамгийн анхны хэлэлцэж, засаж өөрчлөх хууль нь шүүхийн багц хуулиуд байна!!!
 
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Энэ үйл явдал төрд итгэх итгэлийг сулруулах сөрөг үр дагавартай
 
Мэдээж энэ бол “зүй бус” үйлдэл мөн. Ард иргэдээсээ сонгогдсон, дараачийн сонгогдох эрх, мандатаа аваад сурталчилгаагаа хийж явсан бүрэн эрхт гишүүнийг хууль зөрчин баривчилсан. Ард иргэдийн сонгох эрх явагдаж байгаа энэ үед ийм хууль бус үйлдэл гарсан нь нийгмийн тогтворгүй байдлыг өдөөх, төрд итгэх итгэлийг сулруулах сөрөг үр дагавартай. Монголын тэргүүлэх хуульчид бүгд хэлж байна. Хуулийн зөрчил агуулж байна гэдгийг олон удаа илэрхийлж байна. Асуудал нааштайгаар шийдэгдэх байх гэж найдаж байна.
 
Нийгэм бүх нийтээрээ шүүмжлэлтэй хандаж байна. МАН албан ёсны мэдэгдлээ гаргасан. УИХ-ын дарга мөн парламентийн тэргүүний хувиар УИХ-ын гишүүдийнхээ өмнөөс төлөөлж  албан ёсны шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн. МАН-ын төв штаб дээр энэ чиглэлийн ажлууд зохион байгуулагдаж байна.
 
Хуульч Ч.Өнөрбаяр: Ард түмний эрхийг булааж авч байгаа хэрэг
 
Үхрийн сүүл дээр хутга гэдэг шиг тэр хүмүүс тийм л хуулийн асуудалтай байсан юм бол эртхэн шүүж тасалж байхгүй яасан юм бэ. Анхнаас нь яах гэж СЕХ нэр дэвших эрхийг нь өгсөн юм бэ. Сонгуулийн санал хураалтаас хэдхэн хоногийн өмнө яагаад ингэж бужигнуулж байгаа юм бэ. Үнэхээр тэр хүмүүс болж бүтэхгүй байгаа бол ард түмэн тэр хүмүүст дүнгээ тавиг л дээ. Ард түмэнд байгаа эрхийг яагаад хуулийн байгууллага булааж аваад байгаа юм бэ. Ардчилал гэдэг чинь дөрвөн жилд нэг удаа ард түмэн төрийн эрх барих мөчлөг шүү дээ. Алсдаа буруу жишиг тогтоно. Сонгуулийн үр дүнг ард түмэн шийддэг биш хуулийн байгууллага шийддэг болох гэж байна. Ардчиллын зарчим үгүй болох нь. Би хуульч хүний хувьд үнэхээр гайхаж байна. Манай улсад нэг буруу жишиг тогтож, нэг буруу салхи л оруулбал дараа дараачийн сонгуулиар ийм жишиг тогтоно. Санал хураалтаас хэдхэн хоногийн өмнө хэн нэгэн нэр дэвшигчийг барьж хориод сонгогчдын хүсээгүй сонголтыг хүчээр хийлгүүлэх нь байна шүү дээ.

УИХ-ын гишүүнийг цагдан хорьсныг хууль тогтоогчид юу гэж үзэв?
2020-06-19 11:15:31
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0