Мягмар, 2024-11-26
Т.Ганди: Худалдааны ордон холбох гүүр болж байна

Монгол Улсаас Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Гандитай ярилцлаа. Тэрбээр тус улсын Ерөнхий сайдын Монголд хийж буй айлчлалтай холбогдуулан эх орондоо иржээ. Мөн түүний Элчин сайдаар ажиллах бүрэн эрхийн хугацаа ч дуусч буй аж. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд өндөр түвшинд яриа хэлэлцээ хийгдсэн айлчлалууд олонтой байлаа” хэмээв.
 
-Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?
-Унгар улсын Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал гэдгээрээ ихээхэн ач холбогдолтой болж байна. Айлчлалын хүрээнд нэлээдгүй олон асуудал шийдлээ. Тухайлбал, Унгар улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж ашиглалтад орж байсан “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газарт техник, технологийн иж бүрэн шинэчлэлийг тус улсын Экспорт импортын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү үйлдвэрийн шинэчлэлийг дагаад 3000 орчим ажлын байр шинээр бий болно гэсэн урьдчилсан тооцоо бий.
 
Мөн бичил хотхон бий болохоор төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл, Будапешт хотын загвар хотхон бий болгохоор ярилцаж байна. Ингэснээр манай улсын эдийн засгийн гол тулгуур болсон мал аж ахуйн салбарт малын вакцины үйлдвэрийн шинэчлэл хийгдэнэ. Улмаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон малын түүхий эд, махыг эцсийн шатанд боловсруулах, хоёр хөршийн зах зээлд нийлүүлэхэд Унгар улстай хамтран ажиллах боломж нээгдэж байгаа юм.
 
Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 200 оюутан сургана
 
Үүнээс гадна вакцины үйлдвэр төдийгүй хүнсний стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өргөн хүрээтэй хамтын ажиллагааны эхлэл тавигдлаа гэж хэлж болно.
 
-Боловсролын салбарт хамтран ажиллах боломж нэмэгдлээ гэж харж байгаа.
-Тийм. Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр Монголын 400 гаруй оюутан суралцсан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 онд Унгар улсад, Унгар улсын Ерөнхийлөгч Адер Яноши манай улсад өнгөрсөн онд айлчлал хийсэн. Энэхүү өндөр түвшний айлчлалын үеэр боловсролын салбарт хамтран ажиллах гэрээ шинэчлэгдэж, тус улсын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 100 оюутан суралцахаар болсон.
 
Харин өнөөдрийн айлчлалын хүрээнд энэхүү тоог 200 болгож нэмэгдүүллээ. Боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт дахин сэргээгдэж байдаг баялаг. Товчхондоо, хоёр улсын хоорондын улс төр, эдийн засаг, нийгэм болон соёлын харилцаа идэвхжиж байгаад Монгол Улсаа төлөөлөн Унгарт Элчин сайдаар ажиллаж байгаагийн хувьд сэтгэгдэл өндөр байна.
 
-Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Унгарын нийслэл Будапешт хотноо ажлын айлчлаад ирсэн. Энэхүү айлчлалын үр дүн бас өнөөдөр гарч байх шиг байна?
-Хоёр хотын хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн ажил хийгдэхээр яригдаж байна. Тухайлбал, айлчлалын хүрээнд яригдсан хот төлөвлөлт, цэвэр, бохир ус, үерийн хамгаалалт болон гүний усны нөөцийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо. Хоёр хот хамтран ажиллах гэрээ саяхан байгуулсан. Гэрээнд эко автобус үйлдвэрлэл, ухаалаг бизнес болон үзвэр үйлчилгээний төв байгуулах, Туул голын үерийн менежмент, барилгын материал үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хоол хүнс боловсруулах үйлдвэр хамтран байгуулахаар тусгасан байгаа.
 
-Хоёр улсын худалдааны эргэлт жилд 12 сая ам.долларт хүрээд байна. Гэвч үүний 99 хувийг Унгараас нийлүүлдэг бараа бүтээгдэхүүн эзэлдэг гэсэн тооцоог гаргажээ. Энэхүү худалдааны эргэлтийн балансыг тэнцвэржүүлэхийн тулд Монгол Улс ямар алхам хийх ёстой вэ?
-Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан бизнес эрхлэгчдийн төлөөлөгчдийн хувьд хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах сонирхолтой байна. Тухайлбал, хөдөө аж ахуйн технологийн парк байгуулах болон мах махан бүтээгдэхүүний чиглэлээр хамтарсан үйлдвэр байгуулах нь худалдааны эргэлтийн балансыг тэнцвэржүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн ноос, ноолуур болон арьс, шир боловсруулах чиглэлд Унгарын химийн үйлдвэрүүд түлхүү хөгжсөн. Хоёр орны хувьд арьс, шир боловсруулах чиглэлд хамтран ажиллаж байсан түүх бий.
 
Мах махан бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах нь худалдааны эргэлтийн балансыг тэнцвэржүүлнэ
 
-Унгарт суух дараагийн Элчин сайдын асуудлыг яриад эхэллээ. Таны бүрэн эрхийн хугацаа хэзээ дуусч байгаа вэ?
-Миний томилолтын хугацаа ерөнхийдөө дуусаж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд амсхийх завгүй байлаа. Элчин сайдаар томилогдож ирэхдээ л тавьж байсан зорилгоо биелүүлэхийн тулд нэлээд ачаалалтай ажилласан. Унгарын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэрэг, худалдааны сайд болон парламентын гишүүд Монгол Улсад айлчилсан бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн тус улсад албан ёсны айлчлал хийсэн. Товчхондоо, өнгөрсөн хугацаанд өндөр түвшинд яриа хэлэлцээ хийгдсэн айлчлалууд болж өнгөрлөө.
 
Мөн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын улмаас хаагдаад байсан Унгар улсын Элчин сайдын яам өнгөрсөн тавдугаар сард дахин үүдээ нээсэн. Үүнээс гадна Унгарын Засгийн газраас баримталж буй дорно зүг рүү нээлттэй эдийн засгийн бодлогын хүрээнд худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх үүднээс Монгол Улсад худалдааны ордон барьж, байгуулсан. Уг ордон үйл ажиллагаагаа эрчимтэй явуулснаар хоёр орны хөрөнгө оруулагчдад томоохон боломж нээгдэх юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдыг холбох гүүр нь болох юм.
 
Б.Даваатогтох

Т.Ганди: Худалдааны ордон холбох гүүр болж байна
2020-06-20 10:10:51
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0