Мягмар, 2024-11-26
МАН:Шударга өрсөлдөхийг АН-д удаа дараа уриалсан, одоо шаардаж байна

МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, шударга өрсөлдөхийг АН-д өмнө нь удаа дараа уриалсан боловч өнөөг хүртэл авч хэлэлцээгүй тул энэ удаад шаардаж байгаагаа мэдэгдлээ. МАН сонгуулийн сурталчилгаа эхэлсэн цагаас хойш өнөөг хүртэл зөвхөн бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, шударгаар өрсөлдөх хатуу зарчим баримталж байгаа ч өрсөлдөгч намууд ялангуяа АН харлуулах, гүтгэх ажиллагааг удаа дараа явуулж байгаа талаарх мэдээллийг баримт нотолгоотой нь өглөө.
 
МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар: АН-ын зүгээс  МАН-ын нэрийг барьж, хууль бус ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа мэдээлэл ирсэн
 
-АН сурталчилгааны хугацаанд өөрт ногдсон хэвлэл мэдээллийн цаг дээрээ МАН руу дайрсан, гүтгэсэн, нэр дэвшигчдийг харлуулсан худал мэдээ, нэвтрүүлгийг түгээлээ. Хууль хяналтын байгууллага шалгаад хууль зөрчсөн үйлдэл биш гэдгийг нь тогтоочихоод байхад хууль зөрчсөн мэт ойлголт төрүүлж, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэхийг зорьж, олон нийтэд удаа дараа мэдээлж байна. Жишээлбэл, Чингэлтэй дүүрэгт гарсан асуудлыг шалгаж үзээд  гэмт хэргийн зөрчилгүй гэдгийг нь прокурор тогтоочихоод байхад нэр дэвшигчийн нэрийг татах үндэслэл болсон, нэрийг нь татчихсан мэт худал мэдээллийг түгээж байна.
 
Гэтэл АН-ынхан өөрсдөө бэлэн мөнгө, бензин шатахуун тараах зэрэг хууль бус үйлдлийг улс орон даяар хийж байна. АН-аас нэр дэвшигч З.Энхболд, О.Амгаланбаатар, Д.Батбаяр зэрэг хүмүүсийг бэлэн мөнгө тарааж, шатахуун үнэгүй түгээснийг хууль хяналтын байгууллагынхан тогтоочихсон байна. АН-ын сонгуулийн штабын дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав нийгмийн эмх замбараагүй байдалд уриалсан илт худал мэдээлэл хийсэнд харамсч байна. АН нэгэн цаг үед төрийн жолоог атгаж, засаглаж байсан нам өнөөдөр ийм зүй бус зүйл ярьж байгаад өмнөөс нь ичиж байна. Эрх баригч нам гэхээр л хууль хяналтын байгууллагад нөлөөлж, үүрэг даалгавар өгдөг мэт буруу ташаа ойлголтыг ард иргэдэд өгч байна. Аль эсвэл АН өөрсдөө эрх барьж байхдаа ийм нөлөөлөл үүсгэдэг байсныг үгүйсгэхгүй. МАН хууль хяналтын байгууллагад ямар нэгэн байдлаар нөлөөлж байгаагүй, цаашид ч нөлөөлөхгүй гэсэн хатуу зарчимтай.
 
Үлдсэн хоёр өдөрт АН-аас МАН-ыг харлуулж, гүтгэсэн худал мэдээллийг түгээхээр бэлтгэж байгаа талаар багт нь ажиллаж байгаа шударга иргэд бидэнд мэдээлэл ирүүлж байна. Тэдний өгсөн мэдээллээр нэг эмэгтэй МАН-ын нэрийг барьж, будаа, элсэн чихэр айлуудад тарааж байгаа бичлэг удахгүй цацагдах нь байна. Мөн  АН манай намын нэр дэвшигчдийн самбарыг хулгайлж, сонгуулийн хугацаа дууссаны дараа эргүүлэн тавих, сонин, сэтгүүлийг айлуудаар тараах ажиллагааг явуулахаар бэлтгэж байгаа юм билээ. Техник технологийн дэвшлийг ашиглан янз бүрийн эвлүүлэг хийж байсан хэсэг бүлэг нөхдийг илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Бид өнгөрсөн хугацаанд АН-д шударга өрсөлдөхийг уриалж байсан бол одоо бид шударга өрсөлдөхийг шаардаж байна.
 
 
МАН-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Р.Саруул: АН-аас нэр дэвшигч О.Магнай, Б.Пунсалмаа нар нэр дэвшигчдийн жагсаалтаас  хасагдах үйлдэл гаргасан
 
-АН-ын бодлого, үйл ажиллагаа нь хумигдан шавхагдсан байна. АН улс орны хөгжлийн бодлого, үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөх биш иргэдийн талархал хүндэтгэлийг хүлээсэн ажлыг гутаан харлуулах ажлыг сонгуулийнхаа зорилго болгосонд үнэхээр харамсч байна. Тухайлбал, АН-аас мэдээлэл хийж, МАН-ын дарга У.Хүрэлсүх 1.8 тэрбум төгрөгөөр Монгол орныг тойрсон, төрийн худалдан авах ажиллагаанд МАН-ын нэр дэвшигчид, гишүүд оролцож, мөнгө төгрөг авсан, МАН өнгөрсөн хугацаанд нэг ч км автозам тавиагүй гэх мэт хуулийн байгууллагаар шалгагдаж, тогтоогдоогүй, эх сурвалж нь тодорхойгүй худлаа мэдээллийг цацсан. Он гарснаас хойш “Мансуурсан 1080 хоног” гэх мэт гурван багц номыг зохион байгуулалттайгаар тарааж, МАН-ын нэр хүндэд халдаж байна. Эдгээр үйлдлүүд нь эхнээсээ баригдсан. Архангай, Баянхонгор, Хөвсгөл аймаг, Сонгинохайрхан дүүргийн айл өрхүүдэд тараасан үйлдлийг нь хууль хяналтын байгууллага шалгаж байна. АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч О.Магнай, Б.Пунсалмаа нар мөрийн хөтөлбөртөө тусгаагүй зүйлийг ярьж, амласан  үйлдэлд  хууль хяналтын байгууллага шийдвэр, дүгнэлтээ гаргасан. Тухайн хоёр нэр дэвшигч УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т зааснаар нэр дэвшигчээс хасагдах учиртай.
 
 
МАН-ын  Хууль, эрх зүйн  ажлын хэсгийн хуульч Ү.Амарбат: Олон нийтийг эмх замбараагүй байдалд уриалан дуудах нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл
 
Сонгуулийн сурталчилгаатай холбоотой тодорхой хэдэн хуулийн асуудал  дээр тайлбар хэлье.
 
Нэгдүгээрт, Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж төрийн эрх барих дээд байгууллагаа сонгоход хоёр хоног үлдсэн байна. АН-ын албан тушаалтнууд, нэр бүхий нэр дэвшигчдийн зүгээс сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн. Сонгуулийн дүн гараагүй байхад хүлээн зөвшөөрөхгүй, жагсаал цуглаан хийнэ гэсэн хариуцлагагүй мэдээлэл хийсэнд харамсаж байна. Сонгуулийн дараа олон  нийтийг хамарсан үймээн самууны үр дүнд иргэд, аж ахуйн нэгж,төрийн алба хаагчид хохирч үлддэг гашуун түүхийг бид бүгд мэдэж байгаа. Улс төрчид нь өөрсдөө карьераа хөөгөөд явчихдаг. Олон нийтийг эмх замбараагүй байдалд уриалан дуудах нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл.  Олон нийтийг илтэд үймээн самуунд уриалж байгаа энэ мэт үйлдлийг хууль хяналтын байгууллага нь шалгах ёстой гэж үзэж байна.
 
Хоёрдугаарт, өчигдөр хийсэн  хэвлэлийн бага хурлын  үеэр миний бие МАН-аас эзэн холбогдогч нь тодорхойгүй хэргүүдийг бүртгэж гомдол гаргаж байгаагаа хэлсэн. Үүний араас АН мэдээлэл хийсэн. Энэ үеэр тус намын сонгуулийн төв штабын дарга Я.Санжмятав эзэн холбогдогч нь тодорхойгүй хэргийн эзэд хэн бэ гэдгийг нэрлэсэн. Тухайлбал, шатахууны талон их хэмжээгээр тараасан гэх эзэн холбогдогчгүй хэргийн цаад эзэн нь Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч З.Энхболд  нь өөрийн ухуулагч нартаа өгсөн  гээд хэлчихсэн.
 
Мөн энэ сарын 20-ны өдөр  Говь-Алтай аймагт АН-аас нэр дэвшигч О.Амгаланбаатар иргэдэд 50  мянган төгрөг тараасан нь баримтаар ил болсон. АН-ын сонгуулийн төв штабын дарга Я.Санжмятав “Нэр дэвшигч ухуулагч нарынхаа цалинг аваад явж байсан. Мөнгө тараасан юм биш”  гэсэн тайлбарыг өгсөн. Өөрөөр  хэлбэл, Говь-Алтай аймагт нэр дэвшигчийн туслах нь их хэмжээний мөнгө авч явж байсан гэдгийг  хүлээн зөвшөөрсөн.
 
Гуравдугаарт, цагдаагийн байгууллагаас  их хэмжээний мөнгө хурааж авсан асуудлаар мэдээлэл хийсэн.  Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж байгаа Кёкүшүзан Батбаяр 500 сая төгрөгийг бэлнээр авч явж байгаад баригдсан тухай мэдээлсэн. Үүнийг  АН-ын сонгуулийн төв штабын дарга сонгуулийн зардал байсан гэж хэлсэн.
 
 Сонгуулийн зардлыг бэлнээр авч явах боломжгүй гурван үндэслэл  хуульд байдаг.
 
• Сонгуулийн тухай хуульд сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулах мөнгийг эхлээд зардлынхаа данс руу хийх ёстой. Цалин, шатахуун  тэр бүхэнд зарцуулах зардлыг данснаас данс руу шилжүүлнэ гэсэн маш тодорхой хуулийн заалт бий. Хууль бус бохир мөнгө сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулахгүй байхтай холбоотой дэвшилттэй зохицуулалт юм шүү.
 
• Их хэмжээний мөнгийг нэр дэвшигчийн зардлын дансаар дамжсан эсэхийг шалгаж тогтоох ёстой. Хэрэв дамжаагүй бол шууд утгаараа сонгогчдын саналыг худалдан авах гэсэн үйлдэл болно.
 
• Нэр дэвшигч Кёкүшүзан Батбаярын хувьд 500 сая төгрөгийг бэлнээр авч явсан баримт байна. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулах төсөв нь өөрөө  ийм хэмжээний дүнтэй. Нэр дэвшигч яагаад сонгуулийн нийт хугацаанд зарцуулах  хэмжээний мөнгийг бэлнээр авч явж байсан бэ. Энэ гурван  асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой. Ганцхан Зөрчлийн хуулиар торгуулаад   өнгөрөх биш нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас  хасах хүртэл арга хэмжээ авна. СЕХ энэ цаг үед нотлогдсон, батлагдсан баримт дээр тулгуурлан Сонгуулийн хуулийг хэрэгжүүлж дараа дараагийн арга хэмжээгээ   авна гэдэгт итгэж байна.
 
 
Чингэлтэй дүүргийн МАН-ын хуульч Ж.Лхагвасүрэн: Нэг мм-ийн ч зөрүүгүй яг адилхан хэмжээтэй самбар  яагаад нэг нь хууль зөрчөөд нөгөө нь хууль зөрчихгүй байна вэ
 
-АН хэвлэлийн хурал хийх үеэрээ удаа дараа Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшигчдийг хууль зөрчсөн үйлдэл нь батлагдаж, нэрийг  эргүүлэн татахад бэлэн болсон гэх агуулгатай  ташаа мэдээллийг олон нийтэд өгсөн. Чингэлтэй дүүргийн АН-аас МАН-аас нэр дэвшигчдийн сурталчилгааны самбар том байна гэх гомдлыг гаргасан. Гурван нэр дэвшигч сурталчилгааныхаа самбарыг хамтарч гаргасан. Нэг нэр дэвшигчийн сурталчилгааны самбараас мэдээж том байна. Нэр дэвшигчид хамтарч сурталчилгааныхаа самбарыг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт хийсэн. Хуульд нэр дэвшигчид сурталчилгааны самбар, сонин, сэтгүүлээ хамтарч гаргаж болно гэж заасан байдаг. Хамгийн сонирхолтой нь Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшигчид МАН-аас нэр дэвшигчидтэй адил хэмжээний самбарыг мөн гаргасан. Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт адилхан хэмжээтэй самбар  тавигдсан. Нэг мм-ийн ч зөрүүгүй яг адилхан хэмжээтэй нэр дэвшигчдийн сурталчилгааны самбар  яагаад нэг нь хууль зөрчөөд нөгөө нь хууль зөрчихгүй байгаа юм бэ гэдэг сонирхолтой байна. Гүтгэлэг гэдэг нь үүгээр тогтоогдож байна.
 
 МАН-ын сонгуулийн штаб
 
 

МАН:Шударга өрсөлдөхийг АН-д удаа дараа уриалсан, одоо шаардаж байна
2020-06-22 16:05:34
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0