УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрдсэн парламент өнөөдөр /2020.06.30/ анхны хуралдаанаа хийж байна. Хуралдаанаар Г.Занданшатарыг УИХ-ын даргаар улираан томиллоо. Ингэхдээ гишүүдийн 100 хувийн саналаар томилсон юм.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Нэгдүгээрт, хуулийн реформ хийх ажлаа үргэлжлүүлнэ. Эхний ээлжид 31 хуульд өөрчлөлт оруулж, шинэчлэх шаардлагатай байна. Хоёрдугаарт, эдийн засгаа эрсдлээс хамгаалах өсөлтийн суурийг бүрдүүлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажилдаа шуурхайлан орно. Гуравдугаарт, эдийн засгийг солонгоруулах шаардлагатай байна. Ингэхийн тулд уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засагтай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогыг дэмжих шаардлагатай байна. Дөрөвдүгээрт, сайн засаглалыг бүрдүүлэхийн тулд УИХ-ын Ёс зүйн дэд хороог байнгын хороо болгоно. Тавдугаарт, нийгэмд авч хэрэгжүүлж байгаа бодлогыг тууштай үргэлжүүлнэ. Энэ таван чиглэлд Ажлын хэсэг байгуулж, ойрын үед ажилдаа орно" гэж ярилаа.
Найм дахь удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын анхдугаар чуулганыг маргааш /2020.07.01/ 15:00 цагт үргэлжлүүлэхээр боллоо.
УИХ-ын Ёс зүйн дэд хороог өргөжүүлж байнгын хороо болгоно |
|