Мягмар, 2024-11-26
З.Энхболд: Авлига албан тушаалын хэрэгтэй ингэж тэмцэж байгаа Их хурлын зөв

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдтой цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх дээр тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Их хурал хүлээж авсан боловч нэмэгдэл авах хугацааг хойшлуулсан юм байна. Үүнийг Ерөнхийлөгч зөвшөөрч байгаа юу?

-Хоригийг яаж хүлээж авах нь Их хурлын ажил. Ямар ч байсан 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх байсан нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувь байхгүй болсон. Тэгэхээр МАН-ынхан бид нараас хойш дэлхийд галав юүлсэн ч яах вэ гэдэг байдлаар хандаад өөрсдийнхөө засаг барьж байх үед нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй орхъё. Дараагийн Их хурал асуудлаа шийдэг гэсэн байдлаар хандаад байгаа юм. Гэхдээ дараагийн Их хурал ч үүнийг бүр мөсөн хүчингүй болгосон дээр.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй болохоор сан нь дампуурах эрсдэлтэй болчихоод байгаа юм биш үү?

-Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрсдөө идэж уугаад дуусгачихаж байгаа нь буруу. Нэмэхийн оронд 240 тэрбум төгрөгөө Капитал банкнаас авах хэрэгтэй. Тэр банкны мөнгө алга болоогүй. Хаа нэгэн газар байгаа. Үүнийгээ олж ав гэж Ерөнхийлөгч хэлсэн.

-Ерөнхийлөгч сонгуулийн хууль дээр хориг тавих уу?

-Сонгуулийн хууль бол нэгдсэн гурван хуулийг хуваагаад баталж байгаа. Ямар нэгэн өөрчлөлт байхгүй. Зөвхөн систем өөрчлөгдөж байгаа учраас хориг тавих шаардлагагүй гэж үзэж байгаа. Нөгөө талаар сонгогчдын нэрсийн жагсаалтыг өгдөг байсныг хасч хуулийн төсөлд оруулж ирсэн. Үүнийг буцаах саналыг Их хурлын даргад хэлсэн. Энэ санал хуульд туссан.

-Иргэдийн мэдээллийг сонгуульд орж байгаа улс төрийн намуудад өгөх нь Улсын бүртгэлийн хуулийг зөрчиж байгаа юм биш үү?

-Зөрчилдсөн юм байхгүй. 2008 оны долдугаар сарын 1-нд ажлын хэсэг байгуулаад хар машин, нэрсийн жагсаалтыг өгдөг олон шинэчлэлийг Сонгуулийн хуульд хийсэн. Тэгэхээр АНУ-д сонгогчийн овог, нэр, гэрийн хаягийг өгдөг. Түүнийг дуурайж хийсэн өөрчлөлт. Тэнд Хувь хүний нууцад овог, нэр, гэрийн хаягийг тооцдоггүй. Бүртгэлийнхэн болон МАН-ын гишүүдийн яриад байгаа буруу. Яг үүнээс болж баахан бүртгэлгүй хүмүүс сонгуульд санал өгөөд 2008 оны долдугаар сарын 1-ний будлиан болсон. Үүнийгээ шийдсэн хуулиа буцааж болохгүй.

-Авлига албан тушаалын гэмт хэргээр шүүхээр ял авсан хүмүүс сонгуульд нэр дэвшихгүй гэсэн дээр хориг тавиад өг гэсэн хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэсэн?

-Энэ зөв гэж бодож байгаа. Угаасаа авлига албан тушаалын хэргээр ял шийтгүүлж байсан хүмүүсийг төрийн албанд авдаггүй. Тэгсэн хэрнэ төрийн улс төрийн албанд авдаг байж болохгүй шүү дээ. Сонгогдох эрхийг хязгаарлаж болдог. Үндсэн хуульд хязгаарлалтууд бий. Тухайлбал, насанд хүрээгүй хүн Их хуралд нэр дэвшиж болдоггүй биз дээ. Үүн шиг хязгаарлалтууд бий. Их хурал нэмж хязгаарлалт тавьж болно. Ер нь авлига албан тушаалын хэрэгтэй ингэж тэмцэж байгаа Их хурлын зөв.

-Энэ сарын 29-нд төрийн шагнал гардуулах юм байна. Төрийн соёрхолт олгоно гэсэн. Энэ жил ямар бүтээлд олгож байгаа вэ?

-Төрийн соёрхлыг бүтээлд олгодог. Бүтээлийг хийсэн хүмүүс ирж шагналаа авна. 29-ний өдөр мэдээрэй.

-Таныг АН-ын тэргүүн дэд даргаар очно гээд байгаа. Энэ үнэн үү?

-Сонгуулийн жил эхлэхээс зургаан сарын дотор ажлаа өгдөг бол төрийн албан хаагч. Төрийн улс төрийн албан хаагч ажлаа өгөхгүй.

-Тэгэхээр та ажлаа хийж байгаад л сонгуульдаа орчих юм уу?

-Мэдэхгүй. Ерөнхийлөгч намайг ажилла гэвэл ажиллана. Ажиллахгүй гэвэл ажиллахгүй. Ямар ч байсан би эхний хэдэн саруудад энд байж таарах гээд байна. ажлынхаа багцааг харахад. Мэдээж сонгууль дөхөхөөр ажлаа өгнө, чөлөө авна. Ямар нэгэн байдлаар явахгүй бол болохгүй.

-Элчин сайд нарын асуудал яагаад оруулж ирэхгүй байгаа юм бэ?

-Элчин сайд нарыг оруулах үүргийг Засгийн газарт өгсөн. Засгийн газрын хурлаар оруулах хэрэгтэй.


З.Энхболд: Авлига албан тушаалын хэрэгтэй ингэж тэмцэж байгаа Их хурлын зөв
2019-12-28 21:09:34
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0