Лхагва, 2024-11-27
Г.Энхболд “халаасны хулгайч” гэж гүтгүүлжээ

Монголын сэтгүүл зүйн салбарт мэдээллийг олон эх сурвалжаас, тэнцвэртэй хүргэх зарчим бага багаар алдагдсаар байгааг сүүлийн үеийн мэдээллүүд болон хэвлэлийн бага хурлууд харуулж байна. Ялангуяа, мэдээллийг дамжуулж байгаа гээд хэн нэгний алдар хүндэд халдах нь өөрөө ёс зүйн зарчмын эсрэг бөгөөд хууль зөрчиж буй үйлдэл юм. Шүүх буюу хуулийн байгууллагаас гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэн нэгнийг “ялтай” хэмээн цоллох нь хууль бус. Хоёрдугаарт, “Бусдыг гүтгэх” хэмээх үйлдлийг Зөрчлийн хуулийн дагуу шалгаж, шийтгэдэг байсан бол 2020 оны хавраас хойш “худал мэдээлэл тараах” болгон өөрчилж, Эрүүгийн хуулиар шийтгэдэг болоод буй. 
 
Нөгөө талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэн нэгнийг гүтгэх хэрэгсэл биш бөгөөд талуудын байр суурийг тэгш хангаж, мэдээллийг тэнцвэртэй хүргэх үндсэн зарчмаа хэзээд хадгалан ажиллах учиртай. Энэ нь жижиг, том гэлтгүй л бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамааралтай асуудал. Гэтэл орон нутгийн сонгууль хаяанд ирсэн энэ үед улс төрийн зорилгоор хэн нэгнийг онилон дайрч, гүтгэн, нэр төрийг нь дураараа гутаах хандлага бүр ч газар авлаа.
 
Үүний нэг жишээ бол сүүлийн өдрүүдэд эрчимжээд буй Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболдын талаарх мэдээлэл. Түүнийг “хар тамхины хэрэгтэй” хэмээн цоллож, халаасны хулгайч, гэмт хэрэгтэн байсан мэтээр мэдээллэж, нэр хүндэд нь халдах болсон тул тэрбээр цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргаж албан ёсоор үнэнийг шалгаж тогтоолгууж байна. Тодруулбал, “АН-ын дарга асан С.Эрдэнэ ганц худагт саатуулагдаад байх үедээ ирээдүйн хүргэн болох Г.Энхболдтой танилцсан гэнэ. Тухайн үед Г.Энхболд ганц худагт хар тамхины хэргээр хоригдож байсан юм гэнэлээ” гэсэн агуулга бүхий мэдээлэл нэр бүхий сайтуудаар мэдээллийн сайтуудад нийтлэгдэж, зарим сайтуудад нийтлэлчийн нэргүй нийтлэгдсэн нь зохион байгуулалттай, зорилготойгоор хүний нэр хүндэд халдсан хэрэг хэмээн хардахад хүргэж байгаа юм.
 
Тэгвэл 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр  Ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ хэвлэлийн хурал хийж, Г.Энхболдыг “халаасны хулгайч” хэмээн зарлав. Ардчилсан Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам болон Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намууд 2020 оны аравдугаар сарын 15-нд товлогдсон орон нутгийн сонгуульд хамтран оролцох тунхаг бичигт гарын үсэг зурж, энэ талаараа олон нийтэд мэдээлсний дараа үүнийг эсэргүүцэн Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийхдээ Баянгол дүүргийн ИТХ-ын дарга, орон нутгийн сонгуульд АН-аас тус дүүрэгт нэр дэвшигч Г.Энхболд халаасны хулгайгаар ял авсан гэж сонссон хэмээн баримт нотолгоогүй мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлснийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд баримт, өөр эх сурвалжаар баталгаажуулалгүйгээр олон нийтэд шууд дамжуулж “Халаасны хулгайч Г.Энхболд БГД-ийн Засаг дарга болох гэж байна” гэсэн агуулга бүхий гарчигтайгаар мэдээллийг түгээсэн байна. 
 
Цахим орчныг ашиглан хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дуртай хүнээ зохион байгуулалттайгаар харлуулж болдгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ийнхүү өөгшүүлж болохгүй юм. Баянгол дүүргийн хувьд бусад дүүргээс онцлог, хүн амын нягтаршил ихтэй, тэр хэмжээгээрээ иргэдэдээ зориулсан ажлуудыг тогтмол хийдэг. Нөгөө талаар иргэдийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага маш их байгааг нотолж буй. Харсан, сонссон болгондоо итгэх бус тухайн мэдээллийн бодитой эсэхийг шүүн тунгааж, боловсруулж, нягтлах нь уншигчдын хувьд ч чухал байна.
 
эх сурвалж: https://ikon.mn/

Г.Энхболд “халаасны хулгайч” гэж гүтгүүлжээ
2020-09-29 17:17:43
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0