Даваа, 2024-11-25
Байнгын хорооны тогтоолоор “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам” баталлаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам” батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Уг тогтоолын төслийн талаарх танилцуулгыг тус Байнгын хорооны энэ сарын 5-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд төслийг дахин нягталж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар тогтсон юм.

Төрийн албаны тухай хуулийн 68.1-д Төрийн албаны зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд орон тооны таван гишүүний бүрэлдэхүүнтэй байх, тэдгээрийн хоёр нь төрийн албан хаагчдын төлөөлөл байхаар заасныг үндэслэн тогтоолын төслийг боловсруулжээ.

Хуульд “төрийн албан хаагчийн” төлөөлөл гэж заасан тул сонгон шалгаруулалтад зөвхөн төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагч оролцох, сонгон шалгаруулалтыг хөндлөнгийн нөлөөгүй шударга явуулах зорилгоор 7 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулж ажиллуулахаар төсөлд тусгажээ. Комиссын бүрэлдэхүүнд Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын алба, Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, Шүүхийн ерөнхий зөвлөл, Жендэрийн үндэсний хороо, Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газрын төлөөллийг оролцуулахаар зохицуулжээ.

Сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах бөгөөд төрийн албан хаагчид өөрсдөө материалаа бүрдүүлж сонгон шалгаруулалтад оролцох, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл тодорхой төрийн албан хаагчийг нэр дэвшүүлж болох агаад бүртгүүлсэн албан хаагч Зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангаж буй эсэх талаар комисс санал, дүгнэлт гаргах, шалгаруулалтаар бүртгэгдсэн төрийн албан хаагчдын мэдлэг боловсролд 30, мэргэшил туршлагад 40, мэргэжил ур чадварт 30, ярилцлагад 20 хүртэлх оноогоор үнэлгээ өгөхөөр төсөлд тусгасан байна. Комисс мэдлэг боловсрол, мэргэшил туршлага, мэргэжил ур чадварын онооны нийлбэр үнэлгээгээр хамгийн өндөр оноо бүхий 10 оролцогчтой /хураангуй жагсаалт үүсгэх/ төрийн албаны шинэчлэл, хүний бодлого, тэдний ур чадвартай холбоотой асуудлаар ярилцлага хийж, нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан хоёр оролцогчийн нэрийг Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх бөгөөд тус Байнгын хороо нэр дэвшигч хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэх талаар дүгнэлт гарган Улсын Их Хуралд танилцуулж батлуулахаар журмын төсөлд тусгасан байна.

Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй гурван саналын томьёолол бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Тухайлбал, уг журмын төслийн “Нэр дэвшигчид тавигдах шаардлага” гэсэн хоёрдугаар зүйлийн 2.1.3 дахь хэсгийг “төрийн албан тушаалд 15-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан” гэж өөрчлөх, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн “ажлын 15-аас доошгүй” гэсний “ажлын” гэснийг, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийн “тэдний мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлагад” гэснийг тус тус хасахаар болов. Ингээд Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувийн саналаар бүхэлд нь баталлаа.

Уг тогтоолыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ыг батлав.

Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан төрийн албанд дагаж мөрдөх 45 дүрэм, журмыг шинээр болон шинэчлэн баталж мөрдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд үүнээс уг хуульд заасны дагуу 9 дүрэм, журмыг Улсын Их Хурлаас тогтоол гаргаж батлахаар эхний дөрвөн тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байгаа юмгэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Байнгын хорооны тогтоолоор “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам” баталлаа
2018-12-26 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0