УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийж байна. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж, хэлэлцэх асуудлын тов, дарааллыг баталжээ.
Чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.Тэрбээр "Цар тахлын улмаас экспортын орлогоо тасарсан. Цаашид цар тахлын хоёр дахь давалгаа хэр өргөн цар хүрээтэй байх нь тодорхойгүй байна. Ямартай ч бид бэлэн байдлаа хангаж сонор сэрэмжээ алдахгүй байх хэрэгтэй. Хамгийн гол нь эдийн засгаа сэргээх, экспортын орлогоо олоход оновчтой бодлого, шийдвэр гарган ажиллах нь тун чухал байна. Шинэ УИХ-ын анхны ээлжит чуулган эдийн засгийн хүндрэлийг даван туулах, ирэх жилийн төсвийг алдагдалгүй батлахад илүү анхаарахаас аргагүй. Намрын чуулганы өмнө миний бие уламжлал ёсоор ихэнх аймгуудаар тойрч, нийтдээ 7000 мянга гаруй иргэдтэй уулзалт хийж санал бодлыг нь сонсож ярилцлаа. Олон суманд хуурайшилттай, ган болсноос өвөлжилт хүндрэх нөхцөл үүссэн байна. Малчдын гол орлого болох малын гаралтай түүхий эд үнэгүйдэж, асар их баялаг хөсөр хаягдсаар байна. Сүүлийн жилүүдэд баруун бүсийн эдийн засаг, нийгмийн байдал зүүн бүсээс доройтолд орсон, хөгжлийн ялгаатай болсныг та бүхэн анзаарсан байх. Нэг улс, нэг үндэстэн хөгжлийн эрс тэс ялгаатай байгаа нь улсын нэгдмэл бодлого дутагдаж буйг харуулж байна.
Өнгөрсөн жилүүдэд бид ганц аж үйлдвэрийн цогцолборыг жинхэнэ утгаар нь байтугай жижиг хэлбэрээр ч хийж, хэрэгжүүлж чадсангүй. Үр дүнд нь бид импортыг шүтсэн, зээл горьдож, тусламж хүссэн улс боллоо. Үндсэндээ төсвийн сахилга бат гэдэг зүйл алга болж, орон нутгийн захиргаа дураар авирлах нь хэрээс хэтэрлээ. Нутгийн удирдлагууд шийдвэрлэх асуудлынхаа эрэмбийг ойлгохгүй, шаардлагагүй, буруу зүйлсэд төсвийн хөрөнгийг үрэн таран хийсээр байна. Хамаг байдаг хөрөнгөөрөө асар үнэтэй, аварга том, чамин хаалга хийхийг чухалчилдаг болсон. Орхон аймгийн жишээ татан ярьбал, шинээр баригдаж байгаа цэцэрлэгт хүрээлэнгийн хаалга нь гэхэд 140 сая төгрөгийн өртгөөр боссон байх жишээтэй. Дэд бүтэцгүй, хүнгүй газарт сургууль, эмнэлэг барьсан утгагүй, үрэлгэн бүтээн байгуулалт бараг бүх аймаг, сумдад байна. Мэргэжлийн хяналтынхан дулаан, дэд бүтэцгүй барилгыг хүлээн авсан тохиолдол ч бий.
Төсөвт ийм хүйтэн сэтгэлээр ханддаг чинь доор шууд тусгалаа олж, орон нутагт төсвийг үрэн таран хийх уралдаан явагдаж байна. Төсвийн алдагдал бол өр.
2020 оны улсын төсөвт мөн л сонгуулийн явцуу ашиг сонирхлыг тусгасан, хэт өндөр зарлагатай, хийсвэр орлогыг ихээр төлөвлөсөн байсан. Хориг тавьсан ч хэрэгсээгүй. Энэ оны гуравдугаар сараас төсөвт тодотгол хийх шаардлага эрхгүй үүсээд байгааг УИХ, Засгийн газарт удаа дараа мэдэгдэн, тэвчиж болох бүх зардлыг 2020 оны төсвөөс танах санал, шаардлагаа хүргүүлсэн. Бас л тодотгол хийлгүй өнгөрөөсөн. Эцэст нь сонгуулийн дараа үнэнд гүйцэгдлээ.
Төсөвт тодотгол хийхийг эдийн засагчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд болон улс төрийн олон намууд нийтээрээ шаардаж байсан. Гэтэл Та бүхэн өнгөрсөн сард 4.8 их наяд төгрөгийн алдагдалтайгаар нэг юм төсвийн тодотголыг баталлаа. Монгол Улс төсвийн нэн хариуцлагагүй бодлогынхоо горыг амсаж ганцхан жилд 1.7 тэрбум ам.долларын өр үйлдвэрлэлээ. Энэ бол Чингис бондоос давсан хэмжээний өр! Энэ их алдагдлыг өрөөр нөхөн санхүүжүүлэхээс өөр гарц байхгүй. Гэтэл өрийн тааз тулчихсан байдаг. Улс орноо дампууралд хөтөлж байгаа төсвийн алдагдал үйлдвэрлэх бодлогоо яаралтай зогсоохгүй бол ард иргэд тэнэглэлийн чинь золиос болох гээд байгааг хатуу хэлье.
Одоо та бүхэн ирэх 2021 оны улсын төсвийг хэлэлцэж батлана. Бас бөөн алдагдалтай батлах уу. Ардын намын засагласан сүүлийн дөрвөн жилд улсын төсөв байнга хоёр их наядаас доошгүй алдагдалтай явж ирлээ. Энэ их хуримтлагдсан өрөнд санаа зовж байгаа эрхэм гишүүд байгаа болов уу.
Монгол Улс байнга гадны зээл тусламжаар гол зогоох уу. Яагаад ахиухан экспортын орлого олоход УИХ дорвитой анхаарахгүй, шийдэж болохгүй байна вэ. Монголын бүх бэрхшээл, хуримтлагдсан асуудлын угт хангалтгүй орлого олж байгаа явдал бий. Бидэнд орлого, маш их орлого хэрэгтэй байна. Тогтвортой өсөлт биш тийрэлтэт өсөлт авчрах төслүүд чухлаар шаардагдаж байна. Экспортын орлого олох төслүүдийг зоригтой дэмжээд, түлхээд өгөх хэрэгтэй байна. Хангалттай орлого олж байж л бүх зовлон бэрхшээл, хүндрэл гачаалыг арилгах боломжтой болно гэдгийг үргэлж санаж, хэлэлцэх асуудлынхаа цөмд нь тавиач гэж Та бүхнээс хүсэж байна" гэв.
Чуулганы нээлтийн дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Х.Баттулга: Монгол Улс байнга гадны зээл тусламжаар гол зогоох юм уу |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10