Лхагва, 2024-11-27
Хөгжлийн бодлогыг хөдөлгөгч хүч хэрэгтэй болохоос “хөл тушигч” хэрэггүй

“Бидэнд бүтэн хариуцлагыг та яг одоо энэхүү орон нутгийн сонгуулиар үүрүүлээрэй. Учир нь УИХ, Засгийн газраас гарах бодлого, шийдвэр амилах, үр дүнд хүрэх эсэх нь орон нутагт түүнийг хэн гардан хэрэгжүүлэхээс шууд хамаардаг. Хичнээн сайн бодлого дээрээсээ гаргаад нийслэл, дүүрэг дээрээ ялсан байдлаараа талцаад нэгнээ үгүйсгээд суувал иргэд маань л хохирдгийг бид мэднэ. Өнгөрсөн олон удаагийн орон нутгийн сонгуулийн үр дүн үүнийг бүрнээ нотолдог. Тийм ч учраас бид ХОТЫН ХӨГЖИЛД ХҮЧЭЭ НЭГТГЭЕ уриатайгаар энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцож байна” гэж УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Нийслэлийн Монгол Ардын Намын даргын хувиар нийслэлчүүдэд хандан хэллээ. 

НИТХ-ын сонгуульд  хотын МАН-ыг удирдан орж буй хүний үг хэн хүний анхаарал татах нь тодорхой. Мэдээж мөрийн хөтөлбөр, шийдэл, шинэ нэр дэвшигчдээ ч танилцуулсан. Бүтэн хариуцлагыг яг  одоо энэхүү сонгуулиар бидэнд  үүрүүлээрэй гэсэн үгийн утга,  улс төрийн  нюанс нь өмнөх УИХ-ын сонгуультай шууд холбогдох нь харагдаж байв.

Хүчээ нэгтгэе уриан дор 2020 оны УИХ-ын сонгуульд оролцсон Монгол Ардын Намын үнэмлэхүй олонхтой УИХ, У.Хүрэлсүхийн тэргүүлсэн шинэ Засгийн газрын 100 хоног удахгүй болох гэж байна. Хөгжлийн том бодлогыг талцаж хуваагдсан биш, нэг зүгт харсан тогтвортой төр засаг л хэрэгжүүлж чаддагийг Монголын ард түмэн олж харж, сонголтоо хийсний 100 хоног ч гэж хэлж болох юм. Сонгуулийн дөрвөн жилийн цикл бүрээр худал үг, хоосон амлалт, хийрхэл цуурхлаар өмнөхөө үгүйсгэж, эхлүүлсэн ажлыг гацааж, харлуулж, унагадаг тамын тогооны үлгэрээр Монгол Улс сүүлийн 20-иод жил замнасан гашуун түүхтэй. Харин энэ “үлгэр”-ийн хамгийн том хохирогч болсоор ирсэн ард түмэн өнөөдөр хариуцлагатай, мэргэшсэн, тогтвортой улс төрийн орчныг юу юунаас илүү хүсэж буйгаа 2020 оны сонгуулиар баталсан. Гэхдээ иргэд, сонгогчдод нэг асуулт одоо ч бий. Монгол Ардын Намын уриалж буй “Хүчээ нэгтгэе” гэсэн үг ямар учиртай вэ, хэнтэй, юутай хүчээнэгтгэх гээд байна вэ гэж. Нэг нам үнэмлэхүй олонх суудалтай УИХ-ын бодлого шийдвэр гацаа саадгүй гарахын төлөө, хүчтэй Ерөнхий сайдтай Засгийн газрын үйл ажиллагаа шантааж шахаагүй явахын төлөө гэж олонх нь хариулах байх. Хамгийн товч бөгөөд тодорхой хариултыг харин  Нийслэлийн  Монгол Ардын Намын дарга Д. Сумъяабазар өчигдөр  өгсөн юм.  Өөрөөр хэлбэл тэрбээр төр засаг ард түмэнтэйгээ хүчээ нэгтгэе гэлээ. Хөгжлийн төлөө хүн бүр хүчээ нэгтгэж байж л Монгол Улс хожно. Харин энэ бодлогыг нийслэл, дүүрэгт хэрэгжүүлэх орон нутгийн сонгууль бол нийслэлчүүд гурван сарын өмнөх саналаа дахин баталгаажуулж, хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх боломжийг Монгол Ардын Намд өгсөн шиг өгч, үүрэг хариуцлагыг нь нэхсэн шиг нэхэх цаг ирснийг тэрбээр тайлбарлав.

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын бодлогыг нийслэл, дүүрэгт хэрэгжүүлэгч  хөдөлгөгч хүч нь бол мэдээж НИТХ.  Харин тэр бүтэц нь буюу НИТХ-аас улс төржиж, гацаа саад тавиад  байвал хөгжлийн  бодлогыг хөдөлгөгч хүч биш  “хөл  тушигч”  л болно  Бодлого тогтвортой байхын ач тус их. Хамгийн түрүүнд Засгийн газрын бодлого, зорилтыг хөрсөн дээр нь хэрэгжүүлэх буюу дунд, доод шатандаа намаар талцаж ажил алдагдуулдаг богино зайн улс төр  байхгүй болно. 

Нийслэл хотын хувьд асуудал  бэрхшээл  их  ч сэтгэл байвал шийдэж болдгийг хоолой гашууруулсан өтгөн утааны  гамшгийг  50 хувь  бууруулж чадсан өнгөрсөн өвлийн туршлагаас харж болно. Сурагчид заавал гурван  ээлжээр хичээллэж, зутарч байх ёсгүйг  мөн хэлж болно.   Өнгөрсөн дөрвөн жилийн тогтвортой бодлого, зорилго нэгтэй баг орон нутгаа хөгжүүлэхийн төлөө хүчээ нэгтгэн ажилласныүр дүн энэ. Харин гараанаасаа гарсан хөгжлийн бодлого бариандаа амжилттай орох нь юу юунаас чухал. Энэ л үед Засгийн газартаа хүч нэмж, хөдөлгөгч хүч нь болж ажиллах багийг нь сонгож, саналаа өгөхөө нийслэлчүүд ойлгож буй гэдэгт эргэлзэхгүй байгаа ч, нэг хүний ч гэсэн санал ямар чухал болохыг дахин сануулъя. Хамгийн наад зах нь 2012, 2016 онд засагласан намууд улс орныг ямар  айдалтай авч явж байсныг эргэн саная. Мөн аль улс төрийн хүчин юу гэж амлаад өдгөө бодит ажил болгосон бэ гэдгийг ч эргэн тунгаая.

Монголын ард түмэн төр засагтайгаа хүчээ нэгтгэсэн 2016-2020 он. Эдийн засаг сэргэв, эх орны баялгийн үр шимийг ард түмэн жинхэнэ утгаараа хүртэв. Төмөр зам, газрын тосны үйлдвэрийн төслүүд хөдлөв. Утааны гамшиг ганцхан өвлийн дотор арилж, ахмад буурлуудаа тэтгэврийн зээлийн дарамтаас салгаж,аж ахуйн нэгжүүдээ татварын бодлогоор дэмжлээ. Дэлхий нийтийг барьц алдуулсан коронавирусийн халдвараас монголчуудаа хамгаалж, түүнээс үүдэлтэй эдийн засгийн хямралын нөлөөнөөс иргэд, аж ахуйн нэгжээ халхаллаа. Энэ чинь л төр засаг нь ард түмэнтэйгээ хүч нэг байхын учир юм. 

 


Хөгжлийн бодлогыг хөдөлгөгч хүч хэрэгтэй болохоос “хөл тушигч” хэрэггүй
2020-10-02 10:01:58
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0