Орон нутгийн ээлжит сонгууль өндөрлөж, нийслэлд МАН ялалт байгуулснаар дараагийн хотын даргын марафон үргэлжилсэн өдрүүд өнөөдрөөр эцэс болох бололтой. Учир нь өнөөдөр Нийслэлийн Монгол Ардын намын хорооны, залгуулаад МАН-ын Удирдах зөвлөлийн хурал хуралдахаар тов гараад байна.
Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын хувьд нийслэлд ялалт байгуулсан учраас хотын удирдлагуудын томилгоонд давуу эрхтэй оролцож буй. Энэ утгаараа орон нутгийн сонгуулиас хойшхи долоо хоногт шинэ хотын даргад Д.Сумъяабазартай ойр гэгддэг НИТХ-ын дарга Р.Дагва, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Н.Алтаншагай, Чингэлтэйн засаг Н.Батсүмбэрэл нарын гарын арван хуруунд дөхөх хүмүүс яригдаж байв.
Гэвч эдгээр хүмүүсээс хотын дарга болох зангарагтай нэгэн байгаагүйгээс Д.Сумъяабазар өөрөө хотын шинэ даргаар тодрох өндөр магадлалтайг эх сурвалжууд хэлж байна.
Харин НИТХ-ын даргаар хотын даргад жинхлэх хүсэлтэй гэгдэж байсан Ж.Батбаясгалан очих тохироо хийгдсэн гэх мэдээлэл ч чих дэлсэж байна.
Хотын шинээр сонгогдох удирдлагуудын хувьд намын дарга У.Хүрэлсүхтэй зөвшилцөж, нэгдсэн шийдвэрт хүрэх ёстой. МАН-ын удирдлагууд дараагийн хотын даргад мэдлэг боловсролоос гадна сэтгэл, зүтгэлтэй нэгнийг тохилохоо мэдэгдээд байгаа.
Тэгэхээр дээрх мэдээлэл баттай бол Нийслэлийн шинэ Засаг даргаар Д.Сумъяабазар очиж, харин Ж.Батбаясгалан буурь сэлгэж НИТХ-ын дарга болох нь.
Хэрэв энэ тохироо үнэн бол Д.Сумъяабазарын гэгдэх төлөөлөгчид дуу нэгтэй дэмжиж, Ерөнхий сайд батламжлах нь тодорхой.
Хотыг Д.Сумъяабазар, НИТХ-ыг Ж.Батбаясгалан удирдах уу? |
|