Мягмар, 2024-11-26
Төрийн худалдан авах ажиллагааг нээлттэй, ил тод болгож үргүй зардлыг бууруулах чухал ач холбогдолтой

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт илтгэл танилцуулав. Дээрх хуулийг хэрэгжүүлэх явцад худалдан авах ажиллагаанд цахим системийг боловсронгуй болгох, үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах, авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчинд ээлтэй бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, үндэсний үйлдвэрлэл, дотоодын бизнесийн орчныг төрөөс дэмжих, түүнчлэн олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилсан худалдан авах ажиллагааны тогтолцоог нэвтрүүлэх зэрэг асуудлуудыг хуульчлах практик шаардлага үүссэн байна. 

Авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, нээлттэй ил тод цахим засаглалыг бэхжүүлэн хөгжүүлэх, иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүртээмжтэй хүргэх зорилгоор цахим худалдан авах ажиллагааны ойлголтыг тодорхой болгох, үйл ажиллагааг нь улам өргөжүүлэх үүднээс цахим худалдан авах ажиллагаатай холбоотой зохицуулалтыг дэлгэрүүлж, худалдан авах ажиллагааны шуурхай зохион байгуулалтыг хангах зорилгоор урьдчилан худалдан авах ажиллагаа, байгаль орчинд ээлтэй шинэ технологи нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих зорилгоор ногоон худалдан авах ажиллагааг хуулийн төсөлд тодорхойлж, холбогдох заалтыг нэмсэн болохыг С.Наранцогт дарга дурдав. 

Түүнчлэн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хуулийн холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгож, зохих өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгасны зэрэгцээ худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах үүднээс тендерийн хүчинтэй байх хугацааг багасгасан гэж төсөл санаачлагчид танилцуулгадаа дурджээ. Мөн барьцаа төлбөр байршуулж гомдол гаргах, гомдол нь үндэслэлтэй бол барьцаа төлбөрийг буцаан олгох зохицуулалтыг нэмж тусгасан бөгөөд ингэснээр үндэслэлгүй гомдол гаргах явдал буурна гэж үзжээ. 

Тэрбээр уг хуулийн төсөлд шинээр тусгагдсан цахим систем болон ногоон худалдан авах ажиллагааны талаар онцолж байлаа.

Цахим тендерийг хөгжүүлэх зорилгоор төсөлд шинэ зохицуулалтыг нэмэх шаардлага үүссэн гэв. Төслийн  5.1.25-д “Худалдан авах ажиллагааны цахим систем” гэж цахим програм хангамжийг ашиглан худалдан авах ажиллагааг төлөвлөх зохион байгуулах, тайлагнах, хяналт тавих цогц үйл ажиллагаа, мэдээллийн тогтолцоог.

5.1.26. “Цахим худалдан авах ажиллагаа” гэж цахим худалдан авах ажиллагааны системийг ашиглан зохион байгуулах худалдан авах ажиллагааг. 

5.1.27. “Цахим дэлгүүр” гэж ерөнхий гэрээний дагуу бараа, үйлчилгээг худалдан авахад зориулсан худалдан авах ажиллагааны цахим системийн бүрэлдэхүүн хэсгийг гэж тус тус заахаар тусгажээ. 

Төрийн худалдан авах ажиллагааг нээлттэй, ил тод, олон нийтийн хяналттай болгох нь цаг хугацаа хэмнэх, үргүй зардлыг бууруулах чухал ач холбогдолтой гэв. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан тендер шалгаруулалтыг 100 хувь цахим болгох зорилтыг хэрэгжүүлнэ гэдгийг тэмдэглэж байлаа. Мөн ерөнхий гэрээний хэрэгжилтийг бүрэн хангах зохицуулалтыг төсөлд шинээр тусгасан талаар илтгэлд дурдсан юм. 

Түүнчлэн байгаль орчинд ээлтэй шинэ технологи нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих зорилгоор ногоон худалдан авах ажиллагааг хуулийн төсөлд тодорхойлж, холбогдох заалтыг нэмж тусгасан. “Ногоон худалдан авах ажиллагаа” гэж эрчим хүч, байгалийн нөөцийн  хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай хэрэглээний тогтвортой байдлыг хангах, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааг шинээр хуульчлахаар төсөлд тусгасан байна. 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Төрийн худалдан авах ажиллагааг нээлттэй, ил тод болгож үргүй зардлыг бууруулах чухал ач холбогдолтой
2019-02-19 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0