Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээсэн. Энэ үеэр тэрбээр зарим хэвлэл тодруулга өгсөн юм.
-Таны Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээснийг 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь ээ гэж харж дүгнэх хүмүүс олон байна. Та ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү?
-Ямар нэг бодлоор намын гишүүнчлэлээ сэргээсэн зүйл байхгүй. Улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, улс төрийн намын өөрчлөлтийг орчин үе, Монголын чиг хандлагад нийцүүлж өөрчлөхгүй бол болохгүй байгаа юм. Би улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээхгүйгээр иргэн хүний хувьд олон улсын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод явна гэсэн бодолтой байсан. Гэхдээ яг Ардчилсан намын хувьд зарим нь намын гишүүн гэж хэлэхээс ичиж, зугтаж байгаа энэ үед эргэж нам руугаа орж ирэх нь зөв байгаа юм. Ардчилсан нам гишүүд нь байгаа, туг болоод босгох үзэл санаа, дүрмийн дагуу хийх ёстой зарим зүйлээ хийхгүй хоцроод байгаа учраас зөв үзэл санаа, зөв өөрчлөлт рүү орвол АН-ын гишүүд дэмжээд босоод ирнэ. Би сошиалд их идэвхтэй байж, иргэдтэйгээ маш их холбоотой байдаг. Иргэдийн зүгээс болон бусад шинэ намуудаас ч над руу намд элсэх асуудлаар маш их хандсан.
Эхнээс нь явсан энэ үзэл санаа, энэ хамт олныхоо, гэр бүлдээ л үнэнч явах ёстой гэсэн сонголтоороо л сэргээж байгаа. Дэвшинэ, дэвшихгүй гэж хариулахгүй. Улс төрийн нөхцөл байдал тухайн нөхцөл байдлаас шалтгаална.
-Ардчилсан намыг хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй, уналтад орсон гэж шүүмжилж байна. Та энэ талаар ямар байр сууртай байна вэ?
-Олон шалтгаан бий. Ардчилсан нам хувь хүний эрх,эрх чөлөөг дэмждэг, баялаг бүтээгчдээ дэмждэг, хүнд суртал, авлигажсан төрийн эсрэг баруун чиглэлийн нам. Энэ үзэл санаа, улаан шугам дээрээ Ардчилсан нам нийцэж цаашаа явах юм бол хүмүүсийн дэмжлэг авна.
-Ардчилсан намын дарга, удирдлагыг маш муу ажилласан гэж шүүмжлээд байгаа?
-Энэ бол хүмүүсийн асуудал учраас тодорхой албан тушаал, сонгууль, улс төрийн ашиг хонжоо харж явах шаардлага надад байхгүй. Би бол эх орондоо тангараг өргөсөн цэргийн хүн. Монгол Улс шаардлагатай гэж дуудвал босоод явах ийм л хүн.
-Монгол Улсын Ерөнхийлөгчөөр та хоёр удаа ажилласан. Гэтэл өнөөдөр ардчиллын үнэ цэнэ байхгүй болсон гэж байна. Одоо яг яах вэ?
-Ардчиллын үнэ цэнэ унана гэж байхгүй шүү дээ. Тодорхой институт, субъектээр нь хараад байгаа байх. Ер нь Монгол тусгаар, бие даасан, монгол хүн нь эрх чөлөөтэй байя гэвэл улам л ардчилсан байх ёстой.
Эрх чөлөөнд нэг сайхан чанар байдаг нь хичнээн муудсан ч гэсэн сайжирч л байдаг. Гэхдээ хичнээн муудсан ч гэсэн сайжирна гэж хүлээгээд сууж байж болохгүй. Өнгөрсөн хугацаанд олон улсын байгууллагууд урьж, би их ажилласан.
Одоо ч гэсэн сошиалаар дамжуулаад олон улсын мэдээлэлд их ойрхон байдаг. Монголд улс төрийн нам балраад байгаа юм биш дэлхий нийтээрээ байгаа. Улс төр нь шүүмжлэлгүй улс орон гэж хаана ч байхгүй. Тэгэхээр улс орнууд ямар сонголт хийж байна, орчин үеийн технологийн ашиглаад яаж явж байгаа гэдгийг би маш сайн харж, өөрөө оролцоод явж байгаа. Энэ чиглэлээр ч би илтгэл тавьж, хуралд оролцож байсан. Энэ үед Монголд яг ийм зүйлийг Монголдоо нутагшуулахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулаад явна л гэж бодож байна.
-Таны хүү сая НИТХ-ын сонгууль нэр дэвшсэн ч ялагдсан. Таны Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээсэн нь хүүгийн тань ялагдалтай холбоотой юу?
-Тийм зүйл байхгүй.
-Намын гишүүнчлэлээ сэргээснээр цаашид ямар чиг баримталж, намын үйл ажиллагаанд оролцох вэ?
-Зүгээр л намын гишүүнчлэлээ сэргээж байгаа. Намын байгууллагын хүмүүс энэ асуудалд таны санаа бодол хэрэгтэй байна гэвэл би яваад очно. Миний хувьд өнгөрсөн 30 жилийн хугацаанд шинэ хүмүүс шинэ санаа авчирдаг бол хуучин шавар дундуур туулсан хүн бол тэр голд хэцүү зүйл нь юу байгааг мэддэг учраас илүү туршлагжсан санаатай байдаг. Ер нь улс төрийн намыг өөрчлөхийн тулд Улс төрийн намын тухай хуулийг бүтнээр нь шинэчлэх хэрэгтэй. Би Ерөнхийлөгч байхдаа өргөн бариад УИХ хүлээж аваагүй тэр хуулиа илүү сайжруулж, чамбайруулах гэж хичээж байна. Манайд байгаа энэ улс төрийн намын байж байгаа нь ардчилсан ч, шинэ, хуучин аль аль нь буруу байгаа. Бүгд хуучин коммунист маягийн бүтэцдээ дассан, түүний дагуу нам байх ёстой юм шиг ойлгоод байгаа юм. Энэ бүх улс төрийн намтай холбоотой явж байгаа зүйлүүд бүрэн буруу зам руу орсон. Үүнийг өөрчлөх ганц зүйл нь Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлт, шинэчлэлт. Тэр хуулийнхаа дагуу улс төрийн намууд дахин шинэчлэгдэх, бүтэц зохион байгуулалтаа өөрчлөх ёстой. Ингэж байж улс төрийн нам шинэчлэгдэнэ.
Хууль шинэчлэгдээгүй байхад улс төрийн нам дүрэм, журам, дотооддоо өөрчлөлт шинэчлэлт хийгээд ямар ч нэмэргүй. Би хувьд улс төрийн намтай гэхээс илүү УИХ-ын гишүүдтэй уулзаж, ярилцаж, хуулиа сайжруулахын явна гэж бодож байгаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс таны тухай 200 гаруй хуудас материалыг АТГ-т өгсөн байдаг. Таныг АТГ-аас ямар ямар үндэслэлээр шалгаж байгаа вэ?
-Улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүнийг хүмүүс хардаж, янз бүрээр ярьдаг байсан хүмүүс шалгуулахад огт буруу зүйл байхгүй. Гаднаас нь харж байгаа, улс төрд явж байсан хүмүүс ч гэсэн ийм хэл ам гараад байдаг, энэ хүн оролцсон эсэхийг шалгадаг байгууллага нь шалгах нь зөв гэж боддог. Хуулийн байгууллага өнөөдөр надаас асуух, тодруулах зүйлээ хийгээд явж байгаа, би энэ үйл ажиллагаанд оролцоод явж байгаа. Шалгаж байгаа хэргийн талаар шүүх хурал болохоос наана ярьдаггүй. Хүмүүсийн сонирхож байгаа олон зүйл шүүх хурал нээлттэй болох ёстой гэдэг байр суурьтай. Одоо ч гэсэн нээлттэй явуулаасай гэж бодож байна.
Улс төрийн намын тухай хуулийг яаралтай шинэчлэх хэрэгтэй |
|