УИХ-ын чуулган болон байнгын хороодын хурлаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Хэн сайн лобидож, хэн сайн “зовлон, жаргал”-аа ярьж чадсан нь тойрогтоо ахиухан төсөв тавиулдаг болсоор удаж буй. Тэгвэл төрийн гурван өндөрлөг өөрийн төрсөн нутагтаа хамгийн их төсвийг тавиулжээ. Ирэх жил орон нутаг болон нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалтад нийт 3.5 их наяд төгрөг зарцуулахаар төсөвт тусгасан. Үүнээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нутаг Хэнтий аймагт 90 төсөлд 125.8 тэрбум төгрөг, Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын нутаг Баянхонгор аймагт 29 төсөлд 124.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахаар тусгасан байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Дадал суманд спорт цогцолбор барихад нэг тэрбум төгрөг, Дэлүүн болдогт барих нисэх буудлын барилгад дөрвөн тэрбум төгрөг төсөвт тусгажээ. Мөн сургууль цэцэрлэгийн барилга, засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын бүтээн байгуулалт гээд байж болох бүхий л хөрөнгө оруулалт Хэнтий нутагт хийгдэх нь ээ.
Харин таван тэрбум төгрөгөөр Баянхонгор аймагт усан бассейн, спорт цогцолборын барилга, Баянцагаан суманд 320 суудалтай сургуулийн барилгыг 2.95 тэрбум төгрөгөөр тус, тус барихаар төсөвлөжээ. Мөн 2015 оноос эхэлсэн Баянхонгор-Алтай чиглэлийн буюу Завхан, Ховд, Увс, Баян-Өлгийг нийслэлтэй холбосон 126.7 км хатуу хучилттай замын ажилд 90 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ.
Гэтэл Анхдагчдын өлгий Булган аймагт ирэх жил 17 төсөл дээр 8.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагдсан байна. Энэ мөнгөөр Булганыхан, Хэнтийд баригдах том спорт цогцолбор, хэдэн зуун хүүхдийн суудалтай сургууль ч барьж чадахгүй. Хүн амын тоотой харьцуулбал, Хэнтий аймаг 76 мянган хүн амтай, Булган аймаг 60 мянган хүн амтай. Булган аймагт нэг хүнд ногдох төсөв нь 140 мянга байгаа бол Хэнтий аймагт нэг сая 600 мянган төгрөг байна. Энэ нь Хэнтий аймгийн нэг хүнд ногдох төсвийн хөрөнгө оруулалт Булган аймгийнхаас 11.4 дахин их байгаа гэсэн үг. Харин бусад аймгууд 11-40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх төсөвтэй байна. Мэдээж бүх аймгуудын төсөв ижил, тэнцүү байхгүй. Гэхдээ хөгжлийн түвшингээр доогуур яваа аймгууддаа ахиухан төсөв төсөвлөх хэрэгтэйг олон нийт шүүмжилж байгаа юм. Нөгөө талаар ирэх 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тиймээс сонгууль угтсан төсвийг оруулж ирлээ гэх шүүмжлэл байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нар ач холбогдлоо өгч ажиллаж байгаа. Тиймээс ирэх онд төрийн өндөрлөгүүд төрсөн нутагтаа ахиухан төсөв тавиулсан байхыг үгүйсгэхгүй юм.
Төрийн өндөрлөгүүдийн төрсөн нутагт хамгийн өндөр төсөв тавигджээ |
|