Мягмар, 2024-11-26
УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд ноён М.П.Сингхийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён М.П.Сингхийг хүлээн авч уулзав.  

Тэрбээр энэ оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён Элчин сайдыг Монгол Улсад суухаар томилогдон ирсэнд нь баяр хүргээд, хоёр орны найрсаг уламжлалт харилцааг улам бүр хөгжүүлэхийн сацуу шинэ төрлийн хамтын ажиллагааны эхлэлийг тавихад хувь нэмрээ оруулж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд цаашид УИХ-ын зүгээс хамтран ажиллахад нээлттэй, таатай байна гэдгээ уулзалтын эхэнд онцлов.

Мөн 2015 онд Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчилсан нь хоёр улсын бүх л түвшний харилцаанд эерэг үзүүлэлт авчирсан талаар дурдаж, тус улсын хөнгөлөлттэй зээлээр Энэтхэгийн нэр хүнд бүхий мэдээллийн технологийн сургуулийн салбарыг Монгол Улсад байгуулах зэрэг өмнө нь яригдаж байсан төсөл, хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгох асуудалд анхаарал хандуулж ажиллахыг хүссэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Бид өөрийн орны парламентын ардчиллыг бэхжүүлэн хөгжүүлэхийн тулд дижитал засаглалыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Энэ үүднээс “e-parliament” төслийг бэлтгэж байна. Цаг үеийн хөгжлийг дагаад технологи хурдацтай хөгжиж, тэр хэрээр ард иргэдийн сошиал хэрэглээ өсөж байна. Парламентаас гарах аливаа шийдвэр ард иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг тул хууль боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явцыг цахим тогтолцоонд шилжүүлэх, төрийн аливаа мэдээ мэдээллийг онлайнаар буюу цахимаар шууд хүргэдэг байх дижитал засаглалд шилжих нь хойшлуулшгүй чухал зорилт болоод байна. Тиймээс парламентын ардчиллын арвин туршлагатай улс орнууд болон мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, суралцах зүйл их байгаа. Энэтхэг Улс мэдээлэл технологи, инженерийн салбарын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг учраас хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ.

Ноён Элчин сайд М.П.Сингх Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь УИХ-ын дарга Г.Занданшатарт баяр хүргээд хоёр улсын хооронд хийгдэж буй, хийгдэхээр яригдаж буй төсөл, хөтөлбөрүүдэд анхаарал хандуулж, улам бэхжиж буй хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд өөрийн зүгээс бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллана гэдгээ илэрхийллээ.

Тэрбээр үргэлжлүүлэн, “Манай хоёр улс улс төр, эдийн засаг, шашин, соёл, хөдөө аж ахуйн гээд бүхий л салбарт харилцаагаа улам бүр өргөжүүлсээр байгаад сэтгэл хангалуун байна. Монгол Улс бол манай эртний итгэлт, найрсаг харилцаатай орнуудын нэг юм. Мөн хоёр улсын парламент хоорондын тэр дундаа парламентын бүлгүүдийн харилцаа идэвхтэй байгаа нь цаашид олон төрлийн шинэ хамтын ажиллагааг бий болгоход чухал түлхэц үзүүлнэ” гээд УИХ-ын даргын хэлсэнчлэн дижитал засаглалыг бэхжүүлэх “e-parliament” төслийг хэрэгжүүлэхэд тус улсын мэргэжилтнүүдийг урьж авчрах, туршлага солилцох зэргээр дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар туршлагатай дипломатч Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирсэнд баяртай байгаагаа хэлээд ажлын амжилт хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд ноён М.П.Сингхийг хүлээн авч уулзав
2019-03-06 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0