Мягмар, 2024-11-26
УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Пенсильванийн их сургуулийн оюутнуудыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар АНУ-ын Пенсильванийн их сургуулийн магистрант, докторант оюутнуудын төлөөллийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар оюутнуудад Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон парламентын үйл ажиллагаа, түүний хүрээнд хийгдэж буй шинэчлэл, батлагдан гарсан хууль тогтоомжуудын талаарх мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр, “Бид парламентын үйл ажиллагааг шинэчилж, дижитал засаглалыг нэвтрүүлэхээр “e-parliament” төслийг эхлүүлж байна. Парламентын бүхий л үйл явц цахим тогтолцоонд шилжиж, иргэдэд ил тод, нээлттэй болж, хүссэн үедээ шууд харилцах боломжийг нээж өгнө. Мөн Төрийн албаны хуулийг баталж, тогтолцооны томоохон шинэчлэлийг хийж байна. Сүүлийн хэдэн жил уналтад ороод байсан эдийн засаг өнөөдрийн байдлаар 6,9 хувь болтлоо өссөн байна. Цаашид бид эдийн засгаа солонгоруулж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийг дэмжих бодлого баримталж байна. Тухайлбал, ноос ноолуурыг гадагш гаргахдаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон олон улсын зах зээлд гаргах зорилготой” гээд иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд ардчиллыг зөв хандлагаар хөгжүүлэхийн чухлыг онцлов.

АНУ-ын Пенсильванийн их сургуулийн оюутнууд манай улсад энэ сарын 2-ны өдөр ирсэн бөгөөд тэд улс орнуудын нийгмийн хөгжлийн үйл явцыг судлах судалгааны ажлаа Монгол Улсад хийхээр сонгон авчээ. Манай улсад байх долоо хоногийн хугацаандаа улс төрчид, бизнес эрхлэгчид зэрэг нийгмийн бүхий л давхаргын төлөөлөлтэй уулзалт хийж, Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Тэд УИХ-ын даргын танилцуулсан мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа. Оюутнууд хөрш орнуудын харилцаа, хандлага, эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн үйл явц, эдийн засаг болон засаглалын тогтолцоо, гадаад дотоод худалдаа, улс төрийн нөхцөл байдлын талаар илүүтэй сонирхон тодруулан асууж байсан юм.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Пенсилванийн их сургуулийн оюутнуудтай уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд амжилт хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Пенсильванийн их сургуулийн оюутнуудыг хүлээн авч уулзав
2019-03-08 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0