Мягмар, 2024-11-26
УИХ Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулгыг эцэслэн баталлаа

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Наурызын баярын мэндчилгээ дэвшүүлсэн.

 

Тэрбээр, Казах үндэсний хэл соёл, зан заншил, үүх түүхийг дархлан хамгаалах, эх хэлээрээ сурах, харилцах, мэдээлэл авах, үндэсний шашнаа шүтэх, ялгаварлан тусгаарлагдахгүй байх эрхийг хангах талаарх эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох асуудал хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлын анхаарлын төвд ямагт байсаар ирсэн бөгөөд энэ уламжлалт бодлого цаашид ч тууштай үргэлжлэх болно гэдгийг онцолсон юм. Мөн иргэнээ дээдэлсэн төрийн үйлчилгээг төлөвшүүлэх, бүх шатанд сахилга хариуцлагыг сайжруулах, зөвхөн хууль засагладаг шударга ёс тогтоох төрийн бодлогыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, эрдэм ухаан, эрүүл энхийг эрхэмлэн, иргэдийнхээ сэтгэл тайван, итгэл дүүрэн амьдралын таатай орчныг бүрдүүлэхийн төлөө эвийг сахиж, хүчийг нэгтгэн ажиллах зайлшгүй шаардлага байгааг баярын энэ өдөр онцгойлон тэмдэглэж хэлье гээд перс хэлээр наурыз нь “Шинэ өдөр” гэсэн утгатай. Наурызыг бас “Нарны баяр” гэдэг. Тиймээс шинэ өдөр бүхэн алтан нар ивээлт сацрагаараа Та бүхнийг ивээж, шинэ амжилт, шинэ жаргал, шинэ золбоо хийморийг авчирч байх болтугай хэмээлээ.

Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар Аюушийн Ганбатыг томилохыг дэмжлээ

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудлын талаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөх тухай байлаа.

Нэр дэвшигчийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Аюушийн Ганбатыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд хүргүүлсэн талаар дурдаад нэр дэвшигчийн товч намтрыг танилцуулав.  /Танилцуулгыг эндээс үзнэ үү/

Дараа нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Байнгын хорооны дарга О.Содбилэг танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн саналыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар, Я.Санжмятав, Л.Оюун-Эрдэнэ, Б.Энх-Амгалан нар Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилохоор санал болгож байгаа нэр дэвшигч Аюушийн Ганбатыг Зэвсэгт хүчинд олон жил хариуцлагатай албан тушаалд ажилласан, туршлагатай, мэргэжлийн бэлтгэгдсэн хүн тул уг албан тушаалд томилохыг дэмжиж байгаагаа илэрхийлж, асуулт асууж, үг хэлжээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Зэвсэгт хүчнээс олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх, Зэвсэгт хүчний зэвсэглэл техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх, цэргийн алба хаагчдын сахилга батыг сайжруулах, кибер хүчийг байгуулах, кибер халдлага, дайралтаас хамгаалах талаар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний сахилга хариуцлагыг сайжруулахын тулд ямар бодлого, чиглэл барьж ажиллах талаар нэр дэвшигчээс асууж, хариулт авсан байна.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Л.Оюун-Эрдэнэ, Б.Энх-Амгалан нар өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль, эрх зүйн хүрээнд нэр төртэйгээр алба үүргээ гүйцэтгэх, Зэвсэгт хүчнийг шинэлэг байдлаар удирдан, зохион байгуулах, сургуулийн насны хүүхэд, залуучуудад цэрэг, эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх, тэдний ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх, улс орны бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний барилга, инженерийн анги, салбарын оролцоог нэмэгдүүлэх, агаарын цэргийн хүчнийг хөгжүүлэх, агаарын орон зайн хяналтыг сайжруулах талаар нэр дэвшигчид хандан санал гаргаж, үг хэлсэн бөгөөд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар Аюушийн Ганбатыг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн тэрбээр танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.6 хувь нь ЗХЖШ-ын даргаар Аюушийн Ганбатыг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталлаа

 

Дараа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулсан.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураан шийдвэрлэсэн саналуудыг хуулийн төсөлд бүхэлд нь нэмж тусгажээ.

Тендерт оролцогчийн гомдол гаргах ажиллагааг тендерийн баталгаагаар дамжуулан хариуцлагажуулах санал анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэнтэй уялдуулан хуулийн дотоод зүйл, заалтын уялдааг хангах зорилгоор тендерийн баталгааны тухай ойлголтод нэмэлт оруулах, гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг улсын орлого болгох саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж танилцуулгадаа дурдсан.

Мөн Тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд хувийн хэвшлийн төлөөллийг оруулахтай холбоотой саналыг хуралдаан даргалагчаас чиглэл өгсөний дагуу хянан үзээд төслийн заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзжээ.

Санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсны эцэст хуралдаанд оролцсон гишүүдийн 86 хувийн саналаар хуулийг эцэслэн баталлаа.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Мөн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.

Тус Байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Л.Болд, Х.Болорчулуун, Б.Жавхлан нараас алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасан ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийн алтанд ногдох хувь хэмжээ 0 байхаар санал гаргаж, саналын томьёолол бэлтгэснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Ажлын хэсгийн бэлтгэсэн саналын томьёолол дэмжигдсэн тул алтны нөөц ашигласны төлбөрийг 5 жилийн хугацаагаар 2,5 хувь байхаар тусгасан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн танилцууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхийн дэмжлэг авсан дээрх саналуудыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталлаа

Дараа нь Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн 8 чиглэлийн дагуу хэлэлцүүлэг хийж, доорх асуудлаар санал хураалт явуулсан хэмээн тэрбээр мэдээллээ.

1.    Төслийн анхны хэлэлцүүлгийн үед өөрчлөхөөр дэмжигдсэн төслийн 4 дүгээр бүлгийн нэрийг “Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм” гэж тодотгон хуулийн төсөлд тайлбар оруулах нь зүйтэй гэж үзжээ.

2.    Маргаан таслах зөвлөлөөс болон шүүхээс татвар төлөгчийн нөхөн ногдуулалтын актад гаргасан гомдол, нэхэмжлэлийг татвар төлөгчийн талд эерэгээс эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 46.3-т заасны дагуу урьдчилан төлсөн татварын дүнгээс татвар төлөгчид буцаан олгох асуудлыг зохицуулсан заалтыг илүү тодорхой болгож найруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

3.    Өртэй татвар төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн томьёолохыг дэмжжээ.

4.    Сумын татварын ажилтныг томилохдоо аймгийн татварын албаны дарга тухай шатны Засаг даргатай зөвшилцөн томилох нь зүйтэй гэж гишүүд үзсэн байна.

Дээрх асуудлаас гадна татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлэхэд хөнгөлөгдөх татварын өрийн дүнг алдагдал болон хохирлын хэмжээгээр хязгаарлах зохицуулалтыг төсөлд туссаныг хасч, хугацааны хөнгөлөлт эдэлсэн тохиолдолд татварын алба хөрөнгийг битүүмжилсэн актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн байна.

Түүнчлэн татварын өртэй гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг татварын өрөө төлж дуустал улсын хилээр нэвтрүүлэхгүй байхаар эрх бүхий байгууллагад татварын алба хандах эрхтэй байхаар төслийн холбогдох заалтыг өөрчлөн найруулах нь зүйтэй хэмээн үзжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх саналуудыг дэмжсэн бөгөөд олонхын дэмжлэг авсан өөрчлөлтүүдийг тусган Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлав

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

 

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжихдээ нийслэл Улаанбаатар хотоос 500 км алслагдсан бол 50 хувиар, 1000 км алслагдсан бол 90 хувиар албан татварын хөнгөлөлт үзүүлэхээр холбогдох заалтыг өөрчлөн найруулжээ. Тэжээл, тэжээлийн ургамал, эрчимжсэн тахианы аж ахуйд үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүнд албан татварын хөнгөлөлт үзүүлэх болон найруулгын шинжтэй засвар өөрчлөлтийг нэмж тусгасан байна.

Дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед ажлын хэсэг болон УИХ-ын нэр бүхий гишүүдээс гаргасан нийслэл Улаанбаатар хотоос алслагдсан аймаг, суманд  оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлогод ногдох татварыг хөнгөлөх саналыг Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгийн үед дахин хэлэлцэх чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсөн билээ. Түүний дагуу Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт албан татварын хөнгөлөлтийн хэмжээг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн төсөлд тусгагдсантай адилтган 50, 90 хувиар хөнгөлөх гэсэн санал гаргасан байна. Дээрх саналыг нэмж тусгахыг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн эдгээр саналыг дэмжсэн бөгөөд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төсөл болоод хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


УИХ Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулгыг эцэслэн баталлаа
2019-03-23 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0