Лхагва, 2024-11-27
Ж.Ганбаатар: 18 байгууллагаас гадна бусад ААН-үүдээ үе шаттайгаар нээж ажиллах боломжоор хангаж өгөөч

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг  соёрхон батлах тухай хуулийн төсөл  /Засгийн газар 2020.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ асуудлыг хэлэлцэж байна. Уг танилцуулгыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас нийт 25 тэрбум иень буюу ойролцоогоор 233 сая ам.долларын яаралтай тусламжийн зээлийн санхүүжилтийг олгох ба зээлийн эргэн төлөх хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01%, урьдчилгаа шимтгэл 0.1%, санхүүжилтийн ашиглах хугацаа нэг жил байна гэв. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Зээлийг бол дэмжиж байна. Нийслэл, аймгийн онцгой комиссууд сайн ажиллаж байгаа. Иргэдийн амь насыг хамгаалж, өвчин тахал тараахгүйн тулд нойр хоолгүй ажиллаж байгааг ойлгож байна. Арванхоёрдугаар сарын 11 хүртэл 18 төрлийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулж байгаа. Тэр хугацааг хүлээлгүй бусад байгууллага, ААН-ийг ажиллах боломжоор хангаж өгөөч гэдэг хүсэлтийг УОК-т гаргаж байна. Энэ бол миний хүсэл биш иргэд, ААН-үүдээс ирж байгаа саналыг дамжуулж байна. Бичгээр бас саналаа явуулах болно. 18 ААН-үүд дээр нэмээд үсчин, хими цэвэрлэгээ, хоолны газруудыг үе шаттай, тодорхой хязгаарлалттайгаар ажиллуулах боломжоор хангаж өгөөч. Үүнийг анхаарч үзээч ээ. Анх халдвар тарсан үетэй харьцуулахад ерөнхийдөө хяналтдаа авсан гэсэн. Тиймээс ААН-үүдээ бас хамт авч явах шаардлагатай байна гэдгийг уриалж, санал гаргаж байна" гэв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Ж.Ганбаатар гишүүний хэлж байгаатай санал нэг байна. Одоогоор нийтдээ 18 салбар үйл ажиллагаа явуулж байна. Дараа нь 19 дэх нь, 20, 21 дэх нь аль салбар байх вэ, халдвар тархаахгүй байх нөхцөл байдлыг хэрхэн хангах вэ гэдэг бэлтгэл ажил хийгдэж байх ёстой. Ээлж дараатайгаар чөлөөлөөд явах байх. Бүгдийг нь тас хориод асуудал шийдэгдэхгүй гэдэгтэй бид бүгд санал нэг байна. Мэдээж тархалтыг нэмэгдүүлэхгүй барих чиглэл бариад явна. Нэг хөл хорио тавиад болиод байж болохгүй. Эргэж буцсан шийдвэр сөрөг нөлөөтэйг бид харж байгаа" гэлээ. 


Ж.Ганбаатар: 18 байгууллагаас гадна бусад ААН-үүдээ үе шаттайгаар нээж ажиллах боломжоор хангаж өгөөч
2020-12-03 13:27:29
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0