Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барилаа.
Төсөл өргөн барих үеэр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, аливаа улсын Үндсэн хууль нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлж, төрийн байгууллын үндсийг тогтоосон эв нэгдлийн гэрээ, улс төр-эрх зүйн тулгуур баримт бичиг, гол хууль нь байдаг билээ. Энэ ч жам ёс жишгийн дагуу Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлан мөрдөөд 27 жил боллоо. Энэ хугацаанд нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд зарчмын шинэтгэлүүд хийгджээ. Гэхдээ улс орны хөгжил дэвшил, хүний эрх, эрх чөлөөний баталгаажилтыг урагш ахиулахын тулд Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага бий болсон гэж үзэж байна. Үе үеийн Улсын Их Хурлын бүрэлдэхүүнээс Үндсэн хуульдаа зохих нэмэлт, тодотгол хийх санал санаачлага гарч байлаа. Энэ бүхний эцэст 2016-2017 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байгаа эсэхийг Улсын Их Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд судлан Үндсэн хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт гарсан гэж байлаа.
Улсын Их Хурлын даргын 2017 оны 78 дугаар захирамжаар Ажлын хэсэг байгуулагдаж зөвлөлдөх санал асуулга болон олон нийтийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, иргэд олон нийт, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдын саналыг хүлээн авч бүртгэн, ангилж, нэгтгэн судалж төсөлд тусгасан. Эдгээрийг үндэслэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа, ард иргэдийн төлөөллийн үүргээ хариуцлагатай хэрэгжүүлдэг парламент, урт хугацааны хөгжлийн бодлоготой, хариуцлагатай, тогтвортой Засгийн газар, хараат бусаар шударга шийдвэр гаргах чадвартай шүүх, нутгийн удирдлагын боловсронгуй тогтолцоог бэхжүүлэхэд гол анхаарлаа хандууллаа. Эдгээр 4 багц асуудлаар Үндсэн хуулийн 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар байгаа нь Үндсэн хуулийн нийт зүйлийн 28,5 хувийг эзэлж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулахад эх хуулийнхаа үзэл баримтлал, үндсэн зарчмыг ягштал баримталсан болохыг Улсын Их Хурлын дарга Д.Лүндээжанцан хэлсэн үгэндээ онцлов.
Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хийснээр, Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон нэмэлт, өөрчлөлтийг засч залруулж, байгалийн баялаг ашигласны үр өгөөж ард түмэнд хүрч очих нөхцөл боломжийг нээж өгч, парламентын ардчиллыг зөв гольдролд оруулна. Мөн ард түмний засаглах эрхийг ханган Улсын Их Хурлын хяналт, хариуцлагыг дээшлүүлж, төрийн эрх мэдлийн хяналт тэнцвэр оновчтой болгож, гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангаж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа байх ёстой шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлнэ. Түүнчлэн хараат бус байдлыг хангах, улсын болон орон нутгийн харьяалалтай хотын эрх зүйн байдлыг тодорхой болгож, нутгийн өөрөө удирдах ёс боловсронгуй болж, сум, дүүргийн Засаг даргыг иргэд өөрсдөө шууд сонгодог болно гэдгийг төсөл санаачлагчид үзэж байгаа аж. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн үндсэн агуулга нь бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулж, шударга ёсыг бэхжүүлэх, хяналт тэнцвэр, тогтвортой байдлыг хангахад чиглэжээ.
Улсын Их Хурлын сүүлийн гурван удаагийн бүрэлдэхүүн дамжин яригдсан нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг иргэдийн санаа бодол, судалгааны үр дүнд тулгуурлан боловсруулж, Улсын Их Хурлын нэр бүхий 64 гишүүн хамтран Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаа аж.
Уг төслийг хүлээн авсны дараа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын 64 гишүүн гарын үсэг зурсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хүлээн авлаа. Өнөөдрийн зуны дунд цагаан морь сарын шинийн 3-ны балжиннямтай билигт сайн өдөр уг төслийг өргөн барьсан байна. Энэхүү өөрчлөлтийг Улсын Их Хурал долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар хандсан гэдэг нь ард иргэдийнхээ санал бодлыг тандах судалгаа, томоохон Зөвлөлдөх санал асуулга, 5.4 сая давхардсан санал иргэдээс хүлээж авсан, улс орон даяар өрнүүлсэн хэлэлцүүлэг, олон арван эрдэм шинжилгээний хурал, Үндсэн хууль судлаач, эрдэмтдийн санал, дүгнэлтийг авч хэлэлцүүлсэн зэргээс харагдаж байна. УИХ-ын 67 гишүүн гарын үсэг зурж дэмжсэн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг холбогдох байгууллагуудад илгээж, саналыг нь авсан.
Энэ ажил хоёр гаруй жил үргэлжилсэний эцэст бэлэн болсон нь нөр их хөдөлмөрийн үр дүн юм. Иймд Монгол Улсын гавьяат хуульч, Д.Лүндээжанцангаар ахлуулсан Ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүдэд ажилласан бүх хүмүүс хариуцлагатай хичээн зүтгэж ажиллаж ирсэнд талархал илэрхийлье. Энэ асуудалд хувийн болон намын өчүүхэн ч ашиг сонирхлоор хандаж болохгүй. Энэ нь улс орноо, иргэн түмнээ гэсэн хоёргүй сэтгэлээр асуудал хандаж, үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлаж, үндэсний зөвшилцлийг эрхэм болгож, улс төрийн нам, салбарын эрх ашгаас ангид байж, гагцхүү Монгол Улс, ард түмний эрх ашиг, хөгжлийн ирээдүйг эрхэм болгож хэлэлцүүлэгт хандаж ажиллахыг эрхэм гишүүдээсээ хүсье гэдгийг онцолж байлаа.
Мөн Монголын ард түмэн, нам олон нийтийн төлөөлөл, Үндсэн хууль судлаачид, эрдэмтэн мэргэдийнхээ санал, дүгнэлт, үг зөвлөмжийг сайтар сонсч, нухацтай судлан, тусгаж ажиллах ёстой гэж үзэж байна.
Энэ өөрчлөлтийг хийх санаа нэг өдөр бий болоогүй. 20 гаруй жил яригдаж ирсэн бөгөөд өөрчлөхийн тулд өөрчлөх санал бодол ч агуулаагүй. Сүүлийн 20 гаруй жил иргэд олон нийт, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, төр нийгмийн зүтгэлтнүүд Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг боловсронгуй болгох, өөрчлөх талаар удаа дараа саналууд гаргасаар ирсэн. Улсын Их Хурал дөрвөн ч удаа Үндсэн хуульд оруулан нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлж байсан. Эдгээрийг үндэслэн Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой, эсэх асуудлаар олон төрлийн судалгаа хийсэн. Судалгааны дүн, ирсэн саналаас үзвэл Монгол Улсын иргэдийн дийлэнх олонх нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байна. 1992 онд батлагдсан ардчилсан Үндсэн хууль бол Монголын нийт ард түмний оюун санааны хамтын бүтээл, нийгмийн зөвшилцлийн эрхэм дээд тунхаг бичиг болсон гэж үздэг. Энэ хуулийн ач холбогдол, үнэ цэнэ маргах аргагүй өргөн цар хүрээтэй. Өнгөрсөн 27 жилд шинэ Үндсэн хууль маань үүргээ сайн гүйцэтгэсэн гэдгийг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ онцоллоо.
Мөн тэрбээр, бид өнөөдөр дордуулсан гэх долоон өөрчлөлтийг засах гэж байна. Нийгмийн баялгийн тэгш хуваарилалт, байгалийн баялагтаа эзэн болох асуудлыг тусгаж байна. Засаглалын тэнцвэртэй байдлыг хангаж, гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж байна. Энэ бүхэн нийгмийн зайлшгүй шаардлага байлаа. Үүнд хувийн өчүүхэн эрх ашгаар хандаж болохгүйг онцгойлон анхааруулж байна гэж байлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгийнхээ төгсгөлд, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээрээ дэмжинэ гэдэгт итгэж байна. Улс төрийн намууд, төрийн бус байгууллага, эвсэл холбоод, нийт ард түмэндээ хэлэлцүүлэгт өргөнөөр оролцож, санал бодлоо илэрхийлж, эвлэрэл зөвшилцлийг эрхэм болгож, улс орны хөгжил, нийгмийн шаардлагыг хангаж ажиллахыг уриаллаа. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлах эрхэм хүндтэй, өндөр хариуцлагатай, Монгол Улсын ирээдүйн хувь заяанд чухал үүрэг гүйцэтгэх нэн чухал үйлсэд тань амжилт хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барилаа |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10