Мягмар, 2024-11-26
Хууль, тогтоолын төслүүдийг баталж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан гишүүдийн 54.7 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулсан. Уг танилцуулгад, Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр баталсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан бөгөөд Улсын Их Хурал 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хоригийг хүлээж авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9-д заасны дагуу Хууль зүйн байнгын хороо Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд тусгагдсан батлан хамгаалах, аюулгүй байдал, төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлын талаарх Засгийн газар, түүний харьяа байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг шүүх хянахгүй байх, эрх ашиг нь зөрчигдөж байгаа иргэд шүүхээр эрхээ хамгаалуулж чадахгүйд хүрэх зэрэг ноцтой үр дагаврууд бий болох эрсдэлтэй, эргэлзээтэй зүйлүүд олон байна гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригтой нийцүүлж, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой бүрэн эрхийн хүрээнд Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор, Улсын Их Хурлын тухайн шийдвэрээс салгаж болохгүй Засгийн газрын шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй байх асуудлыг тусгасан хуулийн төслийг боловсруулсан гэдгийг дурдсан.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, М.Оюунчимэг, З.Нарантуяа нар асуулт асууж, санал хэлсний дараа “Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлая” гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.5 хувь нь дэмжлээ.  

Хуулийн төсөлд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр баталсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дүгээр зүйлийн 3.1.7 дахь заалт, тайлбарын хамт тусгажээ. Тухайлбал, “3.1.7.Монгол Улсын Их Хурлын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан шийдвэр” гэж өөрчлөн найруулаад, үүнийгээ “Улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор” гэдэгт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлаас гаргасан төрийн гадаад, дотоод бодлогыг тодорхойлсон шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор, Улсын Их Хурлын тухайн шийдвэрээс салгаж болохгүй Засгийн газрын шийдвэрийг ойлгоно.” гэж тайлбарласан байв. 

Цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй үзлээ

Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны  02 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн. Энэ талаар цэцийн гишүүн  Д.Солонго танилцуулав. 

Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар иргэн Г.Нацагдорж, Д.Отгонбат, А.Кадирбек, Д.Ганхуяг, Б.Ууганбаяр нарын мэдээллийн дагуу Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 1, 2, Хорин гуравдугаар зүйлийн 1, 2, Хорин есдүгээр зүйлийн 2, 3, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн зарим зохицуулалтыг; мөн Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг болон Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг; түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар оролцсон байна.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Улсын Их  Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.”, 12.3 дахь хэсгийн “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэсэн заалт, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “Ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:” гээд мөн зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”, мөн зүйлийн 10 дахь заалтад “... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах ...-ыг хориглоно. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, ... төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргажээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” 23 дугаар тогтоолын 2 дахь заалтад “Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн байна.

Харин Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22, 23 дугаар тогтоол тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчөөгүй, түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Улсын Их Хурлын  гишүүнээс  чөлөөлөх  тухай” 49 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 1, 2, Хорин гуравдугаар зүйлийн 1, 2, Хорин есдүгээр зүйлийн 2, 3, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна гэж дүгнэжээ.

Ингээд Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.”, 12.3 дахь хэсгийн “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэсэн заалтыг болон Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 22, 23 дугаар тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж  тус тус үзжээ.

Байнгын хороодын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, О.Баасанхүү нар  тус тус танилцуулсан.

Тухайлбал, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтэд “Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар 12.1 дэх хэсгийн “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.”, 12.3 дахь хэсгийн “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэсэн заалт, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:” гээд мөн зүйлийн 9 дэх заалтад"... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй.мөн зүйлийн 10 дахь заалтад “... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах ...-ыг хориглоно. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, ... төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг , Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” 23 дугаар тогтоолын 2 дахь заалтад “Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгг "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн болно” гэж дурдсан байлаа. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, О.Баасанхүү, Н.Учрал, Д.Лүндээжанцан, З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ, Я.Санжмятав нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт нь өөрөө Үндсэн хуулиа зөрчсөн төдийгүй Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн иргэдийн төлөөллөөрөө дамжуулан засаглах эрхийг хязгаарласан, нийгэм, эдийн засгийн боломж, эрх ашгийг нь зөрчсөн, улстөржсөн шийдвэр гаргасан гэж үзэж байлаа. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авалгүй, нөхөн сонгуулийг  хуульд заасан товлосон хугацаанд  явуулах нь зүйтэй гэсэн саналуудыг хэлсэн.

Ингээд Байнгын хорооноос дэмжсэн санал болох Үндсэн хууль зөрчсөн гэж цэцийн дүгнэлтэд дурдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн заалт тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж гишүүдийн олонх үзсэн тул энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталснаар үдийн цайны завсарлага болсон ч хэлэлцэх асуудлаа дуустал хуралдааны цагийг сунгахаар тогтлоо. 

Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав

Хуралдааны төгсгөлд “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 

Тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороо 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.  Уг танилцуулгад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д уг төслийг баталснаар тухайн санхүүгийн жилийн улсын төсвийн орлогын хэмжээ буурах, зарлагын хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай Засгийн газрын саналыг заавал сонсоно гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хорооноос Засгийн газарт хүсэлт хүргүүлж холбогдох саналыг авсан бөгөөд Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжсэн болно. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36дүгээр зүйлд заасан журмын дагуу “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн талаар дурдав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс авлига, хээл хахуультай холбоотой хэргүүдийг шалган шийдвэрлэхийн зэрэгцээ соён гэгээрүүлэх чиглэлээ түлхүү барьж ажиллах шаардлагатай байна гэж байлаа. Мөн Авлигатай тэмцэх газрын орон тоо, цалинг нэмэх асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ өнгөрсөн хугацаанд авлигын үзүүлэлт буурахгүй байгаад анхаарч нийгэмд дуулиан тариад байгаа томоохон хэргүүдийн талаар үр дүн гаргаж, ажиллахыг анхааруулсан. Түүнчлэн нийгэмд хүлээлт үүсгээд байгаа Хөгжлийн банк, Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой томоохон хэргүүдийг шийдвэрлэсэн эсэх болон сургууль, цэцэрлэгийн урсгал засвартай холбоотой асуудлаар багш, ажилтнуудыг Авлигатай тэмцэх газар дуудан, шалгаж байгаа асуудлыг тодруулав. 

Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа нийгэмд хүлээлт үүсгээд байгаа томоохон хэргүүд дээр тус байгууллагын албан тушаалтнууд ажил, амралтын өдөргүй уртасгасан цагаар ажиллаж байгааг хариултдаа онцлохын зэрэгцээ Оюутолгойтой холбоотой болон бусад хэргүүдийг энэ сардаа багтаан шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлнэ гэж байлаа. Мөн тэрбээр, аливаа хэргийг их, бага гэхгүйгээр хуулиар харьяалуулсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа тэмдэглээд Авлигатай тэмцэх газар Нийслэлийн боловсролын газар, салбарын яамтай хамтран ажиллаж  байгаагаа хариултдаа онцлов. Цэцэрлэг, сургуулийн засвар үйлчилгээтэй холбоотой мөнгө төгрөг, нийллэг зугаалга гэсэн бусад асуудлаар иргэдээс ирүүлсэн мэдээлэл,  гомдлыг нэгтгэж харьяа байгууллагуудад шилжүүлж, холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд ажиллаж, нэгдсэн журмаар эцэг, эхчүүдэд хариулт өгүүлэх чиглэл өгсөн. Авлигатай тэмцэх газар бүх хүнийг дуудалгүй, ажлын ачааллыг багасгах чиглэлээр тодорхой зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна гэв.  

Ингээд “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.6  хувь нь дэмжсэнээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Хууль, тогтоолын төслүүдийг баталж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ
2019-06-13 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0