Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан болон ажлын дэд хэсгийн гишүүд 21 аймгийн ИТХ-ын төлөөлөгчидтэй теле хурал зохион байгууллаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар теле хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Улсын Их Хурлын 62 гишүүн гарын үсэг зурж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлсэн. Маргааш төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэхээр төлөвлөж байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудал нь Монгол Улсын иргэн бүр, бүх аймаг, сум, ИТХ, төрийн бүх байгууллагатай салшгүй холбоотой, хүн нэг бүрийн идэвх оролцоо шаардсан чухал ажил” гэдгийг онцоллоо.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2-т “иргэдэд төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгох”, 5.4.6-д “төслийн хэлэлцүүлгийн үе шат хооронд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж, харгалзан үзэх” гэж тус тус заасныг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 18-наас улс орон даяар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулах, иргэдийн саналыг сонсох аян зохион байгуулна. Иймд төслийн талаар бодит, дэлгэрэнгүй мэдээллийг ард иргэдэд зөв түгээх, Улсын Их Хурлын гишүүдийг тойрогтоо ажиллан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулах үеэр дэмжих, төслийн хүрээнд нийт иргэдийн саналыг сонсох ажлын зохион байгуулалтын талаар ярилцахаар теле хурлыг зохион байгуулав. “Иргэдээ сонсъё” аяныг улс орон даяар нөгөөдрөөс буюу 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэх бөгөөд аймаг бүрийн ИТХ орон нутагтаа энэхүү аяны гол зохион байгуулагчаар ажиллах юм байна.
Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших 27 жилийн хугацаанд Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө, ардчилал баталгаажин хөгжиж ирснийг Улсын Их Хурлын дарга хурлыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэв. Гэхдээ өнөөдөр нийгмийн цөөнх хэсэг нь баялгийн үр өгөөжийг хүртэж, нийт иргэд нь орлого багатай аж төрж буй нийгмийн тэгш бус байдал бий болоод байгаа нь “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” Үндсэн хуулийн эрхэм зорилгыг биелүүлж чадсан эсэхийг нягтлах зүй ёсны асуулт бидний өмнө тулгарч буйг тэрбээр хэлсэн. Түүнчлэл засаглалын тогтворгүй байдлыг үр нөлөө нь улс орны нийгэм, эдийн засагт хэрхэн тусаж буйг жишээ, баримт дурдан санууллаа.
Улсын Их Хурлын дарга хэлэхдээ “Өнөөдөр тулгамдаад буй асуудал өчигдрийн шийдлээс эхтэй гэдэг. 1999 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа гавьяат хуульч Б.Чимид “Үндсэн хууль бол булчин, араг ясаар нь зангидсан нэг тогтолцоо юм. Үүний нэг судсыг таслахад нийт тогтолцоондоо шархлаа үүсгэнэ” гэсэн агуулгатай үгийг хэлж байв. Үндсэн хуульд оруулсан 7 нэмэлт, өөрчлөлт нь тогтолцоондоо шархлаа үүсгээд, өнөөдөр буглаа болоод байгаа хэмээн эрдэмтэн, судлаачид дүгнэж байна. Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд, хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэгдүгээр эрхэм зорилго бол тэрхүү 7 өөрчлөлтийн 6-г нь залруулж буй явдал. Удаад нь, төр, төрийн алба, гүйцэтгэх засаглалын тогтвортой, хариуцлагтай байдлыг бэхжүүлэх, гуравдугаарт байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагааг сайжруулж, хариуцлагыг дээшлүүлэх, сонгодог утгаараа хууль тогтоогч байгууллага байх жишигт ойртуулах зорилготой. Мөн нутгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлж, нутгийн өөрөө удирдах ёсыг төгөлдөржүүлэх зорилго бүхий зүйл, заалтуудыг төсөлд тусгаад байна. Тухайлбал, сумдын удирдлага төдийгүй ард иргэдээс нь олноор ирүүлсэн “сумын Засаг даргыг ард иргэд шууд сонгодог болох нь зүйтэй” гэсэн саналыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан байна. Аймгийн Засаг даргыг бол ИТХ-ын саналыг үндэслэн Ерөнхий сайд батламжилдаг байхаар, ард иргэдээс сонгогдсон сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга батламжлах зохицуулалтыг төсөлд тусгалаа. Нутгийн өөрөө удирдах ёс ард түмэнд суурилан, тухайн сум, орон нутгаа хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлыг сумын Засаг дарга гүйцэтгэх бол улс орны нэгдмэл удирдлагын тогтолцоог аймгийн Засаг дарга Ерөнхий сайдын удирдлага дор хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан. Баг, хорооны Засаг дарга нарыг томилдог байхаар төсөлд тусгасан бөгөөд нийтлэг утгаараа сумын Засаг дарга орон нутгийн эрх ашгийн төлөө ажиллах бөгөөд болохгүй бол аймгийн Засаг дарга огцруулдаг байх нь зүйтэй хэмээн холбогдох төслийг боловсруулсан. Энэ бол амьдралаас урган гарсан шийдэл” хэмээн онцолж байв.
Жижигхэн харагдах зарчмын өөрчлөлт хийхэд тогтолцооны хувьд асар их хэмжээний зөв үр нөлөө дагуулдаг сайн жишиг байдгийг олон улсын жишгээс харж болно гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэллээ. 27 жил хэрэгжиж ирсэн Үндсэн хуульд өнөөдрийн төслөөр 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар байгаа нь Үндсэн хуулийн нийт зүйлийн 28,5 хувийг хамарч байгаа. Үүний үр дүнд ёс суртахууны шинэ хэм хэмжээ, хөгжлийн шинэ давлагаа, хариуцлагын шинэ далайцаар Монгол Улс урагшлах нөхцөл бүрдэж, “хувьтай хүн хулгана жилийг үзнэ” гэдэг ардын үгээр ирэх хулгана жилээс бид шилжилтийн гэх үеийг дуусгаж, хөгжлийнхөө замд гарах түүхэн цаг үе хэмээн харж ач холбогдол өгөх нь зүйтэй гэдгийг санууллаа. Монгол Улсын нийтлэг эрх ашиг, үр хүүхдийнхээ ирээдүй, улс орныхоо хойчийн төлөөр энэхүү түүхэн ач холбогдолтой үйл ажиллагаанд аймгуудын ИТХ-ын төлөөлөгч нарыг идэвх, санаачилгатай оролцоно гэдэг эргэлзэхгүй байгаагаа илэрхийлж, идэвхтэй хамтран ажиллахыг уриалсан юм.
2019 оны 06 дугаар сарын 18-наас эхлэн Улсын Их Хурлын гишүүд сонгогдсон тойргууддаа ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тайлбарлаж танилцуулахын зэрэгцээ ард иргэдийнхээ санал, бодлыг сонсох юм.
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт теле хуралд оролцож буй аймгуудын ИТХ-ын төлөөлөгчдөд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Улсын Их Хурлаар төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулж эхлээд байгаа бөгөөд хоёр дахь шатны хэлэлцүүлгийн төгсгөлд ард нийтийн санал асуулга явуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд 10 дугаар сард зохион байгуулахаар урьдчилсан төлөвлөгөө гаргаад байгаа талаар тэрбээр танилцуулсан юм.
2000 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа Б.Чимид тэргүүтэй хуульчид Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн журмын тухай хуулийг өргөн мэдүүлж, Улсын Их Хурал 2010 онд баталсан. Үүнээс хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг 7 удаа хөндөж, холбогдох төслийг боловсруулж, парламент бүр ажлын хэсгийг байгуулан ажиллуулж ирсэн гэлээ. 2012-2016 оны Улсын Их Хурлын 47 гишүүнийн өргөн мэдүүлсэн төсөл, өнөөдрийн Улсын Их Хурлын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөл нь үзэл баримтлал, зүйл заалт, агуулгын хувьд 80-90 хувь нь ижил төстэй байгааг С.Бямбацогт гишүүн онцлон дурдав.
Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2016 оноос хойш эрдэмтэн, судлаачид, АИХ-ын депутат, УБХ-ын гишүүд, УИХ-ын гишүүн асан улстөрчид, Үндсэн хууль тогтоогчид болон Үндсэн хууль судлаачдыг хамруулсан өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж ирснийг хэллээ.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь 2010 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар маш тодорхой, нарийн зохицуулагдсан байдгийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан аймгуудын ИТХ-ын төлөөлөгчдөд дуулгав. Тус хуулиар хөндөж болохгүй зүйл, заалтыг тодорхой заасан байдаг бөгөөд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн нийт зүйл, заалтын 35 хувиас хэтрүүлж болохгүй гэсэн зохицуулалттай байдаг аж. Өнөөдрийн хэлэлцэж буй төслөөр Үндсэн хуулийн 28,5 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа юм.
Теле хурлын үеэр Орхон, Завхан, Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь, Дундговь Хэнтий, Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс төслийн гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах сэдвийн хүрээнд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийг нийт гишүүний олонхын саналаар эцэслэн батлах, хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороог байгуулах, түүний бүрэн эрх, ажиллах журмыг тогтоосон нэмэлтийн талаар тодруулж ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм. Түүнчлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй тодруулга, асуулт асууж, хариулт тайлбар авсан юм. Мөн иргэдэд төслийг танилцуулах, саналыг авах үйл ажиллагааны талаар тодруулж, хариулт авсан.
Теле хуралд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн асан Р.Хатанбаатар, ажлын дэд хэсгийн гишүүн, АИХ-ын депутат, УБХ, УИХ-ын гишүүн асан Ц.Товуусүрэн, анхдугаар Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд профессор, Үндсэн хууль судлаач, хууль зүйн ухааны доктор Г.Бямбажаргал, ажлын дэд хэсгийн нарийн бичгийн дарга, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, Үндсэн хууль судлаач, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан нар оролцсон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
27 жил хэрэгжиж ирсэн Үндсэн хуульд өнөөдрийн төслөөр 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгагджээ |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10