УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкийг удирдаж байхдаа УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын компанид 33 тэрбумын зээл гаргасан асуудал УИХ-ын Намрын чуулгын сүүлчээр дуулиан дэгдээсэн.
33 тэрбумаар холбогдсон 3 гишүүн нийлж Зээлийн хүүг 50 хувиар бууруулах тогтоолын төсөл санаачлан олон нийтийн хардлагад бүр ч илүү орсон.
Хамаарал бүхий компаниудаар холбогдсон эл гурван гишүүний зээл авсан, гишүүд болоод зээлийн хүүтэй холбоотой тогтоолын төсөл санаачилсан нь ёс зүйн хувьд зөв үйлдэл биш гэдгийг энгийн иргэн ч хүлээн зөвшөөрнө. Гэвч гишүүд хуулийн дагуу зээлээ авсан, буруугүй хэмээн мэлзсээр байгаа.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гэхэд “Гишүүн болохоос өмнөх асуудал. Зээл гаргахад захирал оролцдоггүй. ТУЗ шийдээд явдаг” гэсэн утга илэрхийлсэн бол гишүүн Дамдинням Уг нь энэ зээл надтай ямар ч холбоогүй юм. Зээл авсан компанид би 2 хувь л эзэмшдэг нь үнэн. Нийгмийн сүлжээнд зарим хүмүүсийн гүтгэж яриад байгаа шиг 80 биш. Улсын бүртгэлийн нээлттэй сангаас харж болно. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ч тусгасан байгаа. Би үйл ажиллагаа, аливаа шийдвэрт нь оролцдоггүй гэсэн бол Х.Ганхуяг энэ мэдээллийг зохион байгуулалттай гүтгэлэг гэж тайлбар хийсэн.
Олон нийт эдгээр гишүүдийг МАН-ын бүлэг болон дээд албан тушаалтнууд хариуцлага тооцох ёстой гэж шаардаж байсан ч УИХ-ын дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Гишүүдтэй холбоотой прокуророос албан бичиг ирээгүй. Гишүүдийн нэр холбогдоод буй асуудал нь бизнес эрхэлж байхдаа авсан зээлийн асуудал юм билээ. Түүнээс биш УИХ-ын гишүүн болоод зээл авсан асуудал биш” гэснээр асуудал намжих талдаа орж байна.
Гэвч энэ асуудал ингээд өнгөрөхгүй нь бололтой. УИХ-ын хаврын чуулган эхлэх үеэр хариуцлагг тооцох асуудал хөндөгдөж эхлэх талаар улс төрийн хүрээнд яригдаж эхэлжээ.
Хаврын чуулганы халуун сэдэв 33 тэрбумын гурав болох уу? |
|