Мягмар, 2024-11-26
Тэтгэврийн зээлийг тэглэх асуудал улс төр боллоо

МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ жилийн мэндчилгээний үгэндээ "Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна" хэмээн мэдэгдсэн билээ. Үүнээс үүдэн сошиалд тэтгэврийн зээлийг тэглэх нь зөв, буруу гэсэн давалгаа үүсэж, олон нийт хэрүүл маргаантай 2020 оноо угтан авлаа. Тэгвэл өнөөдөр дээрх мэдэгдлийг баталсан яриаг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хийлээ. Тэрээр "Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулбал цаашид хэдий хэмжээний санхүүжилтийг төвлөрүүлэх хүчин чадалтай вэ гэдэг нь тодорхой тооцоо судалгаа гарсан. Хууль дээр ямар нэгэн маргаан байхгүй. Харин өмчлөлтэй холбоотой бага зэргийн маргаан бий. Гэхдээ Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Харин ямар гарцаар яаж хийх вэ гэдгийг Засгийн газрын хуралдаанаар шийдсэний дараа УИХ эцэслэнэ. Одоо Ажлын хэсэг төслөө бэлэн болгоогүй байхад би энээс илүү юм ярихгүй" гэв. Ерөнхийлөгчийн мэдэгдэлийн дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хаягаараа "Төсөвт тодотгол хийхгүй гэдгийг баттай хэлье" гэсэн бол Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэтгэврийн зээл гаргахгүй байх шийвэрийг арилжааны банкуудад өгсөн юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "ҮАБЗ-ийг биелүүлэх албагүй, Ерөнхийлөгч өр тэглэнэ гэж амлаагүй" хэмээн мэдэгдэж ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх тухай асуудлыг улс төржүүлж орхилоо. Ямартай ч хэсэг хугацаанд тэтгэврийн зээл гарахгүй нь тодорхой болж байна. Ном журмын дагуу тэтгэврийн зээл авах гэж хөөцөлдөх байсан олон ахмадууд дээрх шийвэрээс үүдэн хохирч буй нь дамжиггүй юм. 2020 оны улс төр ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх, тэглэх боломжгүй гэсэн маргаанаар ийнхүү эхэллээ. Хаана хүрч шийдвэрлэгдэхийг олон нийт, ахмадууд анхааралтай ажиглах үлдлээ. 


Тэтгэврийн зээлийг тэглэх асуудал улс төр боллоо
2020-01-03 12:22:28
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0