З.Энхболд ЕТГ-ын дарга байхдаа УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2-т “…Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж оруулсан өөрчлөлтийг 2025 оны долдугаар сарын 1-нээс биш 2020 оны тавдугаар сарын 25-наас эхэлж мөрдөх санааг гаргажээ. Түүний 2019 оны есдүгээр сарын 7-ны УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр юу ярьсныг доор сийрүүлэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: -ЕТГ-ын дарга ирсэн байна. Нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн бүрэн эрх, Ерөнхийлөгчид тавих шалгууртай холбоотой өөрчлөлт бас явж байгаа. Төслөөр бол 2025 оны долдугаар сарын 1-нээс үйлчилнэ гэж байсан. Ажлын хэсэг дээр бол 2021 оны долдугаар сарын 1 байвал яасан юм бэ гэж ярьсан. Өөр байдлаар бас томъёолоод шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбоотойгоор шинэ Үндсэн хуулийн орчинд Ерөнхийлөгчийн сонгууль явах ёстой байх гэдэг саналууд яригдсан. Үүнтэй холбоотой Ерөнхийлөгчийн байр суурийг сонсъё гэсэн юм. ЕТГ-ын дарга З.Энхболд: -Анх санаачлахдаа 2025 он байсныг 2021 болгох гэж байгаа юм байна, тийм ээ. Энэ ингэх нь зүйтэй л дээ. Яагаад гэхээр Үндсэн хууль өөрчлөгдсөн байдаг. Дахиад хуучин Үндсэн хуулийн дагуу сонгууль явуулаад байх нь зохимжгүй учраас 2021 он болгох нь зүйтэй. Гэхдээ техникийн хувьд ийм хүндрэлүүд гарна, үүнийг ажлын хэсэг, Байнгын хороо, УИХ харгалзаж үзэхгүй бол болохгүй. Түүнийгээ шинэ сонгуулиас хойш мөрдөнө гэхээр өмнө нь явах, 2021 оны тавдугаар сард явагдах Ерөнхийлөгчийн сонгууль өөрөө шинэ хуулиар явах ёстой. Тэр шинэ хуулиа гаргахын тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр тэр өдрөөс эхэлж мөрдөж болохгүй. Ядаж жилийн өмнө, хагас жилийн өмнө мөрдөхгүй болохоор Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа “Зургаан жилд нэг удаа” гэдгээ хийж чадахгүй. Хугацаа өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа батлаад, тэр хууль баталсаны дараа оролцох гэж байгаа хүмүүс нь бэлтгэлтэй байхаар бодоод, ядаж хагас жилийн өмнө УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчилдөг шиг процессуудаа явуулаад, гэхдээ тэр хооронд одоогийн Ерөнхийлөгчийг 2021 онд ажлаа дуусах хүртэл нь ажлаа хийх бололцоог нь хангаж өгөхийн тулд нэг шилжилтийн хууль бичихгүй бол болохгүй байх гэж бодож байгаа юм. 25-ыг 21 болгохоос гадна тийм практик шаардлага гарах болов уу. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулна. Түүний дагуу хүмүүс өрсөлдөнө. Тэр хүмүүсээс хэн нэг нь шалгараад Ерөнхийлөгч болсны дараа нь энэ хууль чинь үргэлжилж эхлэх биш, сонгууль явуулахаас өмнө Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийн хугацааг тавихгүй бол болохгүй гэдэг ийм байр суурьтай байна. З.Энхболд тэр өдөр ингэж ярьсан. Ер нь түүний хувьд энэ бол зарчим. Хэдийгээр олон нийтэд таашаагдаад, магтуулаад гүйгээд байдаггүй ч улс төрийн хүрээнд хатуугаараа алдартай энэ эрхэм нийтийн эрх ашиг дээр хатуу зогсдог гэхэд болно. Олоон жилийн өмнө “Эрдэнэт үйлдвэр” дээр ТӨХ-г төлөөлж очоод “Төр өмчөө мэддэг байх ёстой” гээд тухайн үеийнхээ бүлэглэлийн гараас авч байв. Тавантолгойг УИХ-ын дарга байхдаа бас л тэр үеийнхээ хүчтэй бүлэглэлд тавиад туучихалгүй үлдээсэн нь үнэн. Энэ удаад ч Үндсэн хуулийн талд зогсч, хэнийг ч илүү эрх мэдэлд үлдээлгүйгээр нэг гараанаас гарч өрсөлдөх зарчим дээр хатуу зогссон байх юм. Үүнийхээ төлөө З.Энхболд өнөөдөр багагүй шүүмжлэл сонсож явна.